Б.Хурцын ноцтой "мэдэгдэл" ба ХЭҮК-ын "no" мэдрэмж

Aдмин / Нийгэм

"...Б.Хурц улс төр сонирхоод эхэлжээ" гээд ярих болов. Үнэхээр ч тэр АН-аас салахаа больжээ. Тэр ч байтугай мань эр АН-ын ажилд нэлээн гүнзгий хутгалдах болжээ. Хамгийн гол нь АН-д Б.Хурц хэрэгтэй юу, Б.Хурцад АН хэрэг болсон уу. АН-ынхан нь одоогоор ойлгохгүй байна.

Гэхдээ "...Б.Хурц улс төрд ороход арай л оройтсон. Тиймээс тэр ямар нэг "юм"-наас зугтаад АН-ыг бараадаж байгаа юм" гэцгээх аж. Тэд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй л холбож буй бололтой. 2017 оны сүүлчээс хойш Б.Хурц энэ хэргээс болж амар заяагаа үзээгүй юм л даа. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө маш их "шахалт"-ын дор шийдэгдсэн гэдэг.

Гэтэл Б.Хурц нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэхэд оролцсон болж таарсан. Тэрийг нь монголчууд бүгд мэднэ дээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 2019 оны гуравдугаар сарын 21-нд “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй бүгд тодорхой болсон. Дашрамд хэлэхэд, Гавьяат сэтгүүлч Галсангийн Жамьян агсан бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдүүлж байгааг жинхэнэ "шүгэлдэж" байсан хүн дээ. Байж байгаад л Б.Содномдаржаагийн ээжийг дагуулаад редакцад ирнэ.

"...Энэ эмэгтэй хүүгийнхээ төлөө яваа амьтан. Олон нийтэд хандана. Би дагаж явна. Нүүрээ харуулж яваа ухаантай" гэнэ. Тэгээд хэвлэлийн бага хурал хийнэ. Үнэндээ Г.Жамьян гуай маань зүгээр л дагаж явсан юм биш л дээ. Дагуулж явдаг байсан юм. Хашир сэтгүүлч тэнд нэг юм болоод байгааг "үнэрлэчихсэн" л хэрэг.

Шуудхан хэлэхэд Г.Жамьян гуай бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын төлөө ёстой л "...Сүүлчийн цамцаа урагдтал явсан" хүн дээ. Шүүх энэ хэрэгт Б.Хурцыг "...Буруутай" гэсэн. Гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа дөнгөж өмнө бараг сүүлийн зарлигаараа сулласан. Түүнээс хойш л Б.Хурц АН-ын "хиймэл дагуул" болсон хэрэг л дээ. Саяхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгов.

Тэр сацуу Б.Хурцын "эрэлт" ихэслээ. Мань эр ч таарсан сурвалжлагч нарт өмнө ярьдгаа л ярьж өглөө. Угаасаа тэр "...Би тэднийг эрүүдэн шүүгээгүй, тийм тушаал өгөөгүй" гэдэг л дээ. Харин тэр яриан дундаа маш ноцтой үг унагав. Тэрбээр "...Хатуухан хэлчихье. Энэ бол хоёр хоригдлын хооронд хэргээ яриад зодолдоод байгаа асуудал шүү дээ" гэв.

Ер нь хоригдож байсан Ц.Амгаланбаатар болон хууль хүчний байгууллагад ажилладаг хүмүүс яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд орсон бэ. Ялангуяа, яагаад эрэгтэй хоригдол эмэгтэй хоригдлын өрөөнд чөлөөтэй орж, хүчирхийлэл үйлдсэн юм бэ. Асуудлын гол нь энэ. Ядаж шүүхийн шийдвэрийн ажилтнууд хаачсан бэ. Ингээд л хөвөрнө. Ямар ч байсан Б.Хурцын энэ үг Монгол дахь хүний эрх, эрүүдэн шүүлтийн түвшинг нэн хурцаар хөндлөө. Дээрх хоёр хүнийг эрүүдсэн нь дэлхийн кэйс болж яригдах өндөр магадлалтай болов. Гэтэл манай ХЭҮК гэж ёстой л "...Хэлгүй, дүлий, сохор" гэдэг шиг байгууллага байна. Энэ комисс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн талаар жил бүр гаргадаг тайландаа нэг ч тусгаж байсангүй.

Тэднийг эрүүдсэн 2015 оны "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайлан"-д "...Сүүлийн жилүүдэд ШШГЕГ-ын харьяа хорих анги, байгууллагууд нөхцөлийн эрүү шүүлтийг таслан зогсоох үүднээс ялтны байрыг засварлах, шинээр барих, олон улсын стандартыг өөрийн байгууллагад нэвтрүүлэх талаар нилээд ажлыг үе шаттайгаар хийж ирсний үр дүнд эрүү шүүлтийн зарим хэлбэр буурсан үзүүлэлттэй байна" гэж дүгнэсэн байдаг. Бас Б.Хурц нарыг буруутгаж, шүүж, хорьж байсан 2019-2021 оны тайлангуудад нь ч тусаагүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах сураг гарч эхлэх үед, 2021 оны гуравдугаар сарын 17-нд ХЭҮК цахим хуудастаа нэгэн мэдээлэл нийтэлжээ. Түүнийгээ "...ХЭЗК 13 удаагийн илтгэлдээ Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн" гэж гарчиглаад "...ХЭҮК өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх нийт 19 илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс 13-т нь эрүүдэн шүүхийн эсрэг буюу эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн байдаг. Хамгийн сүүлийн буюу 18 дахь илтгэлд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг байгуулах, алба хаагчдыг сургах, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг санал, зөвлөмжийг гаргасан байдаг.

...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ХЭҮК-ын өмнөх гишүүд удирдлагууд байр сууриа илэрхийлж байсан. Шинэ гишүүдийн хувьд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож Улсын дээд шүүхэд уламжлаад байна" гэжээ.

Бас л дэндүү тайлбар шүү. Тээр жил нэг телевизийн шоуны гадаад хөтлөгч маш их аялгатайгаар "... Мэдрэмж байхгүй" гэдэг байсныг ХЭҮК-т маш чанга хашгирч хэлцгээмээр л байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зоч [103.57.92.153] 2023-04-29 17:59:06

Зоригийн амь насыг хэн хөнөөснийг тэр ээж, тэр сэтгүүлч, тэр Нямдорж, тэр олон улсын байгууллага ч мэдэхгүй. Харин мөрдөж байж л олдоно эрүүүдэж байжл хийсэн хэргийг нь хүлээлгэнэ.

Зочин [202.55.191.194] 2023-04-28 10:44:36

энэ нэг шийдчихсэн алуурчинг жангийг нь идүүүлэх ёстой

Энэ [66.181.179.160] 2023-04-27 15:14:11

Энэ ЗӨВҮҮН царайт яах гэж бгаа болоо ёстой нэг хутгуур шанага даа

Зочин [119.40.103.6] 2023-04-27 08:54:13

Түгжил

Ardhvv [74.96.0.11] 2023-04-26 23:30:38

Ene hurts gedeg nuhur chin uuriin tolgoi baihgvi hvn shorond hii gevel hiine hvn alaad tamlaadah gevel tamlana hvnii company bulaagaadah gesench bulaana ene hvn chin gadaadaas damirangiin enkhbatiig hil damnuulj hulgailj ireed shorond alchihsan hvn bizde avchiruulsan hvn ni tarvagdorj bizde ene tom hereg shvv de mongoliin tsagda shvvh yu shalgaad baigaa yum be

Зочин [64.119.18.146] 2023-04-26 23:23:23

Энэ нөхөр хүн хулгайлж, амийг нь хөнөөхөд ороцсон байтал одоо намын зүтгэлтэн болох уу

Зочин [83.254.131.148] 2023-04-26 14:40:56

Ene muu aluurchinii neg biz


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.