Үерийн улмаас орон гэргүй болсон айлын тоо 22 болж нэмэгдлээ

Aдмин / Нийгэм

НОК-ын Шуурхай штабаас 2023 оны наймдугаар сарын 07-ны өдөр үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн мэдээлэл бий.

УБЗАА-ны харьяа байгууллагуудын 802 алба хаагч 135 тээврийн хэрэгсэл, техникээр 954 тонн лаг шавар зөөж, цэвэрлэжээ. Мөн далан хүчитгэхээр 64 рейс машинаар 1252 шоо метр дайргыг ачиж зөөсөн байна. Түүнчлэн үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.

2023 оны наймдугаар сарын 06-ны өдрийн байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.

НОК-ын Шуурхай штаб үерийн нөхцөл байдал үүссэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хорооны 6926 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь хязгаарласан. Тэгвэл өдгөө 6790 буюу 98 хувь нь цахилгаанд холбогдож, 136 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үлдсэн хэрэглэгчдийн цахилгааныг удахгүй залгах юм.

Тээврийн цагдаагийн албанаас үерийн хор уршгийг арилгах сэргээн босголт үргэлжилж байгаа орчинд замын хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналтыг тасралтгүй явуулж байна. Нийслэлийн Байгаль орчны газар үерийн улмаас эвдэрсэн зам, талбайг засварлах, сэргээн босгоход шаардлагатай 1252 шоо метр хайрга, дайргыг “Эвт чулуу” ХХК-иас 64 рейсээр тээвэрлэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газар үер болсон газар оршин сууж байгаа иргэд, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн эрүүл ахуй, халдвар хяналтын мэргэжлийн байгууллага автомашинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги байгууллагын 200 гаруй алба хаагч 13 автомашинаар үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна. Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй алба хаагч, 60 орчим машин, механизм, техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж буй. Тэрчлэн Монголын Улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн 20 хүнийг түр байраар хангаж, 246 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. Хотын дарга үүрэг гүйцэтгэж буй ажилтан, алба хаагчид хийгээд үерийн гамшиг өртсөн иргэдэд тусалж буй хүн бүрд талархал илэрхийллээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.