МОНГОЛЧУУДЫН БАЯР ХЭМЭЭХ “ДАЙН” ИД ДУНДАА БАЙНА

Aдмин / Нийгэм

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...

Бидний баяр хэмээх "дайн" ид дундаа байна. Энэ "дайн" жил бүр сар шинийн баяраар эхэлдэг. Шинэ жилийн баяраар юу болдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Мэдээж хөл толгойгүй л юм болно. Албан байгууллага болгон дор бүрнээ тэмдэглэнэ. Энэ бол манайд ганц сайн үйлчилж байгаа бичигдээгүй хууль юм. Тэмдэглэх тэмдэглэхдээ бүр хамаг байдгаа шавхахыг нь яана аа. Энэ байгууллага цаашаа ажиллаж чаддаг л байгаа гэж айхаар нүсэр тэмдэглэнэ. Социализмын хуучин үнэрээсээ салж амжаагүй уйлагнасаар байгаа албан байгууллагуудын баярт уригдах шиг там байхгүй. Нялуун гэж жигтэйхэн.

Бялдуучлал гэж чухам юу болох, за тэгээд аливаад эрээ цээрээ алдсан байдал, увайгүй зан ааш, ухаан жолоогүй архидалт, алдар нэр, ашиг хонжооны төлөө юугаа ч золиослохоос буцахгүй өрөвдмөөр дүр төрхийг дээрх "дайны талбар"-аас бүрэн харж болно. Нэг л сайхан шилэн болор хундага, оргилсон дарс, гоёмсог улаан даашинз, эрээн зангиа л байгаад байдаг. Яг үнэн чанартаа хүнийг хүн биш болгож, улс орныг туйлдуулж, элгээр нь мөлхүүлж, хөсөрдүүлж орхидог зүйл бол баяр.

Дарга даамал, ихэс дээдэстээ тал зассан, амин хувьдаа оноо цуглуулсан дур гутам дэндүү нялуун, худлаа манж үгний араас залгуулж харшуулсан хундаганы тоо хэрээс хэтэрч, тас тас инээсэн ганган хүүхнүүд улам нүцгэлэн, хас гуяараа олны нүдийг хужирлана. Түүнд нь нүдээ унагасан эрчүүд улам шүлэнгэтэж, хундаганы амсраас уруулаа салгаж чадалгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа юм юм л болдог биз ээ.

Ухаан мэдрэлээ алдсан ч бурхны авралаар осгож үхэлгүй гэрийн бараа харах шиг том баяр байхгүй. Золгүй нэг нь хөөрхий баярын суманд сийчүүлж амиа алдана даа. Хүйтний эрч хасах 40 хэм хүрч, хотондоо байгаа хонь хүртэл осгож үхээд хонодог өвлийн шөнө баярын ширээний дэргэдээс өөрийн мэдрэлгүй гарч байгаа амьтныг ямархан тавилан хүлээж буй нь ойлгомжтой шүү дээ. Гэртээ согтуу очсон нөхөд шөнөжингөө бөөлжиж, гэр орныхныгоо элдвээр хараан агсам согтуу тавин адгууснаас дор авирлаж, дарсны ширээний ард хэн нэгэнд гомдсоноо үр хүүхэд гэр бүлдээ гаргаж, есөн шидээр авиглахыг нь яана.

Айл гэрийн амар амгалан байдал, аз жаргал юунаас болж эвдэгдэв, өнөөдөр жаргалтай байсан гэр бүл маргааш юуны учир зовлонд унав. Зүв зүгээр амьдарч байсан нэгэн яагаад шоронгийн тав болов. Нөгөө л баяр хэмээх "дайны" хар сүүдэр нөмөрсөн болохоор тэр ээ.

Өвлийн тэсгим хүйтэн, Улаанбаатарын энэ утааны дэргэд "цэнгэн хөгжилдөх" нь хэтэрхий гангадсан зүйл болоод байна. Баярын дараа эрчүүд нь шартах гэдэг аюулт өвчинөөр өвчилдөг. "Шартах ч яртахаас дор шүү" гэж зовлонг нь мэдэх хүний хэлсэн үг бий. Яртана гэснээс зарим баярын дараа манайд бэлгийн замын халдвар ихэсдэг. Өнөө л "дайны" суманд өртөж байгаа нь тэр.

Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр болгон тэмдэглэх талаар манай сонин өмнө нь олонтаа бичиж байсан даа. Хэрвээ гэр бүлийн баяр болгон тэмдэглээд заншчихвал дайны аюулт хор хөнөөлөөс ангижрах сайн талтай.

Хэдхэн хоногийн өмнө сар шинийн баяр болж өнгөрлөө. Бас л бөөн бөглөрөл түгжээ, уур бухимдал, осол аваар, олон сайхан эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо, урьд өмнөхөө давтлаа. Эдийн засгийн хувьд элгээрээ хэвтчихсэн, байдгаа барчихсан хүмүүс л байх шиг. Наанаа инээж байгаа ч, цаанаа эмээсэн байдал айл гэр, хүн бүрээс мэдрэгдэнэ.

"Уг нь цагаан сар сайхан л даа. Бүтэн жилийн турш бараа зүсээ хараагүй ураг саднаараа уулзаж, өнгөрсөн нэг жилд өрнөсөн "амьдрал"-ынхаа талаар хуучлах зав ганцхан цагаан сараар л олдоно. Жилээс жилд цөөрсөөр, хорогдсоор байгаа өтгөс буурлынхаа амар мэндийг мэдэх завшаан мөн л цагаан сарын буянаар жилд ганц тохионо. Гэхдээ өрх гэрийн төсөв, үрсэн зарсанаа эргээд тооцохоор жилд ганц тохиодог уламжлалт энэ баяр дэндүү нүсэр санагдана. Уламжлал болсон, монгол хүн болж төрсний төлбөр ч гэж хэлж болох цагаан сарыг хөнгөхөн арай өөр маягаар тэмдэглэж занших хэрэгтэй байна.

Урьдыг бодвол ул боов, ууц шүүс, чихэр жимс элбэгшсэн хэдий ч үнэ өртөг нь үнэндээ л тэнгэрт хаддаг аа. Ямар сайндаа "Цаг цагт нэг нэмдэг, цагаан сараар хоёр дахин үржүүлдэг" хэмээн наймаачдад тохируулан өөрчилсөн зүйр үг гарах вэ дээ. Өргөн хэрэглээний болон хүнсний барааны үнэ энгийн үед зарагдаж байснаасаа хэд дахин өсөх нь гайхалтай. Үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зардал нь огтхон ч нэмэгдээгүй байтал "сар шинийн нэмэгдэл"-д өөрийн эрхгүй өртөж орхих юм аа" гэж нэгэн сэтгүүлч хөндсөн байна лээ. Үнэн л дээ. Ийнхүү баяр хэмээх хоёр том "дайн"-ыг ард олон туйлдаж, багагүй шархдаж арай нэг давлаа. Гэвч бидний монголчуудын баяр хэмээх "дайн" дуусах яагаа ч үгүй байна. Удахгүй эмэгтэйчүүдийн баяр мартын 8 болно. Залгуулаад эрчүүдийн баяр тохионо. Үүнээс өмнөхөн намын баяр болно. Мартын 8-ны урд орой буюу гуравдугаар сарын долоонд Улаанбаатарын бүх буудал дүүрэн байдаг гэсэн мэдээлэл бий.

Мартын 8-ны жинхэнэ нүүр царайг дээрх мэдээлэл илчилдэг. Албан байгууллага эмэгтэйчүүдээ баярлуулж байна хэмээн бөөгнүүлэн найрлуулдаг. Тэд нь гэр бүлээсээ, эх эцгээсээ гадуур садарлаж ард буудал саваар хонож байгаа нь тэр. Харин эр нөхрүүд нь болон эцэг эх нь баяр явсаан, оройтно гэсэн. Ганц баяраараа тэгэлгүй яахав хэмээн сууцгааж байдаг. Монголын энэ хүйтэн өвөл дээрх олон баяр давхцахаар эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралд дайн болоод өнгөрсөн шиг нөлөөлдөг.

Бид тэгээд жил бүр мэдсээр байж, харсаар суугаад баяр хэмээх "дайны" хөлд нирвэгдсээр байх уу. Эргэж нэг бодох цаг нь ирсэн байна аа. Төрөөс зориуд бодлого явуулан жилдээ ганц томоохон баяр тэмдэглэж өнгөрүүлдэг болмоор юм. Тухайн баяраараа харин бүтэн долоо хоног амардаг, цаг агаар тавиун дулаан үед баярласан шиг баярлаж цэнгэдэг болмоор байна. Цагаан сар, шинэ жилийг зөвхөн гэр бүлдээ даруухан тэмдэглэж өнгөрүүлээд бусад жижиг сажиг баярыг огт хийдэггүй болж хэвшбэл манай эдийн засаг болон иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуунд нэн хэрэгтэй дээ. Бидний баяр хэмээх сайн дурын "дайн" үнэн залхмаар болжээ.

Н.Гантулга

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Mgl [77.119.164.117] 2023-08-09 23:20:23

Saihan hellee. Bayr hurgej! Mongol Kommunist niigmeesee saldagguin gai ene. Ter olon Gawyat bas STA geed yu we!!! Hahahahaha. Haan ch tiim yum bhgui. Zuwhun Mongold! Ter n tegeed unen ineedtei! Hahahaha.

Mgl [77.119.164.117] 2023-08-09 23:21:19

Boddoo! STA= SOYOLIIN TERGUUNII AJILTAN!!! HAHAHAHAHAHA. Yu we!

Zochin [66.181.160.75] 2023-08-09 12:48:11

yag uneniig bichjee. Mongolchuud tsoohon bayar temdegledeg ulamjlaltai baisan uund: 4 uliraliin bayar nasan bayar( huuhdiin 1 nasnii oi hogshidiin 70nas deesh) uul ovoo tahih g.m harin manjuud buh nair naadamiig Mongolchuud huran chuulj tsergiin beltgel hiij baina gej uzesneer haasan baidag ingeed sursan yum suraar booj bolddoggui gegcheer manaihan danshig naadamiig manjuudaar zovshooruulsan baidag. Minii bodloor ene olon bayaraas nam emegteichuud tsergiin huuhdiin bayariig amarahguigeer temdegleh harin naadamiig buh sum negen zereg 7r sariin11nii omnoh hagas buten saind harin uls aimagiin bayariig 7 honogiin daraa hagas buten saind negen zereg hiivel ashigtai harin 7/11nii huvid tuuhendee uneniig helehed yuch boloogui yum bainlee hudlaa tuuh temdeglej suuhin gutamshig harin danshig naadamiigMongol tuuragtanii shashin ov soyol ulamjlalii bayar bolgoj delhiin juulchidiig urih heregtei uuniig hervee hiij chadahgui bol hitaduud hiih baihdaa hun buhen ulnii setehuigeesee salah boltugai

Маш зөв [202.126.89.242] 2023-08-09 12:38:54

Монгол улс хөгжихгүй, тусгаар тогтнол эмзэг байгаа нь ердөө л баяр ёслол, баас шээс, баярхал аархал, цол хэргэм гавъяа шагнал хэрээс хэтэрснийх

Зочин [202.126.88.117] 2023-08-09 12:22:05

ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ.БАЯРААС ТАТГАЛЗЯАААА. ХАМАГ БАЙДГАА ШАВХАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ БОЛИЙЁОООО БАЯРААС ТАТГАЛЗАЯ ХҮМҮШС ЭЭ БАЯРААС ТАТГАЛЗАЯ

зочин [202.9.41.18] 2023-08-09 12:02:42

түмэн үнэн ,толгой хөл нь мэдэгдэхгүй олон балай баяраа цөөлөх нь зөв


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.