​ЗУД БОЛЖ БАЙХАД ХИВГЭЭ ГАРГАДАГ БАЙЖ ЗУН БОЛЖ БАЙХАД ӨВСӨӨ ГАРГААЧ

Aдмин / Орон нутаг

Зуны дэлгэр өдрүүд шувтарч, намрын улирал эхэллээ. Хөдөө аж ахуйн орон гэгддэг монголчууд бидний хувьд намрын гурван сард бүх ажил бужигнадаг. Хичээл сургууль эхлэхээс авахуулаад ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд салбар бүрийнхэн л хөдөлж эхэлнэ. Ялангуяа газар тариалангийн салбарынхны хувьд хамгийн чухал улирал. Энэ жилийн хувьд нийт нутгаар зуншлага сайхан болж, өвс тэжээлийн гарц ч арвин байгаа сайхан мэдээтэй. Сүүлийн таван жилд болоогүй сайхан зуншлага боллоо гэж малчид шагшиж байна. Хур бороо элбэг байж хангай гэлтгүй тал хээрийн нутгаар ч шагай давсан өвстэй, халиуран ногоорч байна. Өмнөх жилүүдэд гантай зун болж өвс хадлан тэжээлээ бэлтгэж чадалгүй бусад аймгаас нөөцөө татдаг байсан баруун чиглэлийнхэн энэ өвлийг өнтэй давах нь. Зуншлага сайхан гарч, хадлан тэжээлийн гачигдалд орохгүйгээр бэлтгэлээ базаахаар малчид ярьцгааж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу гээд өнгөрсөн өвөл нэлээд сандарсан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын малчид энэ жил амьсгаа авахаар сайхан зуншлагатай байна.

Өнгөрсөн жилийн намар гэхэд малчид 1.2 сая тонн өвс, 1.8 мянган тонн сүрэл, 18.6 мянган тонн ногоон тэжээл, 73.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 82.6 мянган тонн гар тэжээл, давс, хужир, шүү гээд бэлтгэж байв. Дээрээс нь улсын нөөцөд ч чамгүй их өвс тэжээл бэлтгэж, өвлийн хүнд үед малчдад тараасан. Тэгвэл энэ намар малчид дээрхээс нэлээд ахиу хадлан, тэжээл бэлтгэж авах нь тодорхой болжээ.

Өвс хадлангийн гарц сайн байгаа дээр нь дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа экспортлох боломжтой байдаг. Худалдан авагч нь БНХАУ-ын Өмнөд Монголын хилийн аймгууд. Монгол, БНХАУ-ын хоёр талын хэлэлцээрээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болох улаан буудайн гурил, өвс, хивэг гээд нэлээд олон төрөл зүйлийг монголчууд экспортод гаргадаг. Анх 2015 онд манай улс БНХАУ руу өвс экспортолж байв. Хятад улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч, томоохон хэрэглэгчийн хувьд сүүлийн жилүүдэд уламжлалт тариалалтын аргачлал өөрчлөгдөн байгаль экологийг хамгаалах үүднээс малын тэжээлийн зах зээл дутагдалд орсноор ийнхүү манай улсаас өвсний импортыг эхлүүлж байв. Энэ худалдаа 2020 он хүртэл үргэлжлэн, ковидоос үүдэлтэйгээр экспортыг зогсоосон байдаг. Тэгвэл энэ жил өвс экспортлох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд малчид, орон нутгийнхан олон байгаа аж.

Уг нь ч өвс тэжээлийн гарц сайтай энэ жил экспорт хийхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдгийг салбарынхан онцолж байна. Энэ нь манай талд эдийн засгийн хувьд чамлахааргүй хувь нэмэртэй. Хилийн аймгууд болох Сүхбаатар, Дорнод, Хэнтийнхэн малчдынхаа нөөцийг бэлтгээд илүү гарсан өвсөө экспортлох сонирхолтой байна.

Гэтэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс экспортлохыг хориглосоор байна.

Тэд зөвшөөрөл хүсч очсон аж ахуйн нэгж, иргэдэд толгой сэгсрээд сууж байна. Хамгийн боломжтой цаг хугацаа, нөөцтэй жилд экспортоо гаргаж мөнгө олохоо бодох ёстой. Тэр боломж нь яг л энэ жил тохиогоод байна. Ялангуяа экспортлогч БНХАУ-ын Өмнөд Монголын хилийн аймгуудад энэ жил гандуу зун болсныг зүүн аймгууд ярьж байна. Тиймээс өвс хадлангийн гарц тун муу байгаа гэнэ. Тэгэхээр бид толгой өвдөхгүй өвсөө экспортлох боломж байна. Үүнийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, түүний албатууд огт тоохгүй, цаг үеэ мэдрэхгүй сууцгааж болох уу.

Нөгөө талаар өнгөрсөн өвөл нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг 10 гаруй аймаг өвс тэжээлийн бэлтгэл тааруу, болж үнэ нь ч тэнгэрт хадсан. Нийслэлд боодол өвс 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байхад орон нутагт малчдын гар дээр 30 мянгаар хүрч байсан. Хивэг ч үнэ нь тэнгэрт хадаж, 25 кг нь 20 мянгад хүрсэн байдаг. Үүнээс үүдэж улсын хэмжээнд 2022-2023 онд 3.1 сая бод мал, 2.6 сая бог мал хорогдсон. Малын хорогдлоор Увс, Завхан, Архангай, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамгийн их хохирол амссан юм. Гэтэл ийм хүнд нөхцөлд хор хохирол ихтэй өвөлжсөн хэрнээ ХХААХҮЯ хивэг экспортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг.

Тоон мэдээллээс харахад 2022 онд 33 тонн хивэг экспортод гаргасан бол 2023 он гарсаар 5.6 мянган тонныг БНХАУ руу экспортолжээ. Яг л өвөлжилт, хаваржилтын хүнд цаг үед хивгээ экспортлоод байсан гэсэн үг. Зуд болж мал, малчид зүдэрч байхад гол тэжээл хивгийг нь гадагшаа гаргахыг зөвшөөрөөд сууж байсан дарга нар цаг сайхан, өвс хадлангийн гарц арвин жилд экспортын зөвшөөрлийг олгодоггүй нь ямар учиртай вэ. Өнөөдөр ч хивэгний үнэ өндөр хэвээр байна. Энэ нь хивгийг экспортод гаргаж, дотоодод хомсдол үүсгэж байгаатай холбоотой. Хэдийгээр экспортолж болох ч дотоодын үнэ ханшид салбарын яам бодлого баримтлах хэрэгтэй. Үнийг нь буулгаж чаддаггүй юм бол экспортлохоо зогсоосон ч буруудахгүй.

Харин үүний оронд өвс экспортлох ажилд анхаарлаа хандуулмаар байна. Гэтэл энэ тухай салбарын яамныхан тодорхой хариулт өгч чадахгүй байна. Харин өвс экспортлох зөвшөөрөл хүссэн хүмүүст ямар ч тайлбаргүйгээр татгалзсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь зөвшөөрөл өгөх нэрээр гар харж, авлига авахыг санаархаж буй явдал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Хэдийгээр хадлан тэжээл бэлтгэх цаг эхлээгүй ч экспортлох зөвшөөрлийг урьтаж авах ёстой. Одооноос зөвшөөрөл олгож байж экспортын бэлтгэл ажлууд хангагддаг юм байна. Тэгэх нь ч аргагүй. Сар хүрэхгүйн дараа ургац хураалт, өвс хадлангийн ажил буцална. Үүнээс өмнө хичнээнийг дотооддоо бэлтгэх, хэр хэмжээтэйг гадагшаа экспортлох вэ гээд улс юм бол төлөвлөгөө зорилтууд хэдэн сарын өмнөөс гарч, түүнийг ягштал хэрэгжүүлж байх учиртай. Ялангуяа цаг үеийг мэдэрсэн шийдэл, шийдвэрүүд хөдөө аж ахуйн салбарт маш чухал. Гэтэл эсрэгээр нь цаг үе хүнд байхад хивэг тэжээлээ экспортолчихдог. Дотооддоо малчдадаа хомсдол үүсгэж, эдийн засгийн хүндрэлд оруулдаг бодлого хэрэгжүүлдэг дарга даамлуудтай яам байхын хэрэг байна уу. Зуд болж байхад хивгээ гаргадаг байж, зун болж байхад өвсөө гаргаач!

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [118.79.44.68] 2023-08-25 11:29:21

ovol.oorsdiinhoo.maliig tejeeh ovsgui boloh vii

Зочин [66.181.161.131] 2023-08-23 16:37:47

Харин тийн

Экспорт гэнэ үү [202.126.90.23] 2023-08-22 08:36:57

Байгалийн юм үнэд орох цаг, учир нь тэр нь хязгаартай. Хүний гараар бүтээсэн, массын үйлдвэрлэлийн зүйл хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд хортой нь улам бүр тодорхой болж байна. Байгалийн хадланг экспортонд гаргах дээр нухацтай бодох хэрэгтэй. Үргэлж хадаад байвал жил бүр ургац багасах нь тодорхой. Учир нь, тэр ургасан өвсийг мал идэж баас, шээсээрээ эргэж бордох, мал идэхгүй ч хагд өвс болж ялзмаг үүсгэх, хөрсөө хамгаалах, цас чийг тогтоож байж тэр газар үржил шимтэй байна. Түүнээс биш ургасан дээр нь гээд бүгдийг нь хадаад Хятад руу гаргачихбал тэр хэмжээний хөрсний үржил шимийг юугаар нөхөх билээ, химийн бордоо хийх үү?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.