Хөнгөн аж үйлдвэрээ сэргээн босгох жил болгомоор байна

Aдмин / Нийгэм

1921 оны хувьсгалаар эрх чөлөөгөө олж Анхдугаар Үндсэн хуулиараа батлан тунхагласан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1930 он гэхэд аж үйлдвэрийн анхны том цогцолбор болох үйлдвэрүүдийн суурь /пундамент/-ийн газрыг сэндэлж дөрөвхөн жилийн дотор барьж гүйцээн ашиглалтад оруулсан нь Аж үйлдвэрийн комбинат билээ.

Уг комбинатаас угшилтай үйлдвэрүүд бадран хөгжсөөр 1980-аад оны сүүлч гэхэд дэлхийн жишигт хүрсэн савхин эдлэлийн, савхин гутлын зэрэг 30 орчим үйлдвэрт хэдэн зуун инженер техникч, мэргэжлийн сэхээтэн, хэдэн мянган мэргэжлийн ажилчинтай Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн гол төв нь байж, түүхий эд материалаа боловсруулан хүн ардаа хувцаслаж, гадаад худалдаанд үлэмж том үүрэг гүйцэтгэн, улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байлаа.

Гэтэл 1990 оны ардчилсан гэх хувьсгал, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улс тэр их бадран хөгжсөн хөнгөн аж үйлдвэр, түүний ууган том төв Аж үйлдвэрийн комбинатыг залгамжилсан арьс шир, ноосны үйлдвэрүүдийг бүрэн устгасан. Түүнээс хойш юу болсон бэ. Дархан-Уул аймагт үйлдвэрийн том цогцолбор барьж байгаа юм шиг яриад хэчнээн жил болж байна. Байчихаад Эмээлтэд арьс ширний үйлдвэрүүд байгуулаад байгаа гэсэн нь хаана байна. Газрын баялаг өнөөдөр хэдий их мэт байгаа боловч хэзээ нэгэн цагт дуусна. Тэр цагт Монголчууд бид хоосон нүх сахиад л хоцорно. Харин мал аж ахуйгаас гардаг арьс шир, ноос ноолуур, мах, сүү бол хэзээ ч дуусахгүй мөнхийн баялаг. Үүнийгээ л бүрэн сайн ашиглах хөнгөн аж үйлдвэрээ өнөөдрийнх шиг анхаарлаасаа гаргаж зөнд нь хаяж яахан болох билээ.

1924 оны Үндсэн хуулиар батлан тунхагласан БНМАУ-ын нам засаг бол барагддаггүй баялаг мал аж ахуйнхаа бүтээгдэхүүнийг /арьс шир, ноос ноолуур, мах сүү/ л бүрэн дүүрэн ашиглаж эх орноо хөгжүүлэх зорилтыг гол болгож байв. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улс үүнийгээ эргэн санаж хөнгөн аж үйлдвэрээ даруй сэргээн босгох цаг аль хэдийнэ болсон шүү.

Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан ууган ажилчин анги, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхийг хүсэгч өргөн олон түмэн минь ээ, Өнөөгийн хөнгөн аж үйлдвэрийн хувийн салбарынхантайгаа нэгдээд ирэх гуравдугаар сарын 26-нд болох салбарынхаа 90 жилийн ойг хөнгөн аж үйлдвэрээ сэргээн босгохын төлөө засаг төрдөө өргөн барих өндөр шаардлагын өдөр, энэ оныг хөнгөн аж үйлдвэрээ сэргээн босгох эхлэлийн он болгохыг уриалмаар байна.

Ч.ПҮРЭВДОРЖ

Эх сурвалж: Sonin.mn


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.140] 2024-01-20 07:06:14

Жижиг ч гэсэн өөрсдийгөө хангах үйлдвэр хэрэгтэй.эх орныхоо төлөө бичхээр харийнхан эсэргүүцээд унагах гэх .

Бодох, тооцоолох нөхцөл их шүү. [66.181.160.89] 2024-01-19 15:24:04

Монголын хөнгөн аж үйлдвэр нь энэ бүсэд Хятадын хөнгөн аж үйлдвэрийн бизнестэй өрсөлдөж чадах юм уу? Монголчууд хөнгөн аж үйлдвэртээ сайндаа 100.000 хүн татаж оруулна. Хятадууд 100.000.000 хүн ажиллуулж байа гэж бодьё. Хятадууд хөнгөн аж үйлдвэрлэлээ 3 мянган жил хөгжүүлж ирсэн, Монгол дөнгөж 90-хэн жил хөгжүүлж байна. Тэгэхлээр Хятадын бүтээгдэхүүн нь төрөл зүйл, үнэ өртөг, чанар, барааны тэмдгийн хувьд Монголынхоос хамаагүй давуу талтай, өрсөлдөх чадвар дээгүүр болно. БОДООРОЙ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.