Б.Минжигдорж: Зуд улс орны эдийн засаг, малчдын ахуй амьдралд асар их хохиролтой
Шинжлэх ухааны доктор, профессор Б.Минжигдоржтой ярилцлаа.
–Орон даяар зудын эрсдэл нүүрлээд байна. Энэ нь Монголын эдийн засагт ямар хохирол учруулах вэ?
-Mал аж ахуйг хүмүүс буруу ойлгож яриад байх юм. Зөвхөн малчдын хувийн өмч, хувиа хичээсэн асуудлыг нь л хөндөөд байдаг. том зургаар нь харвал, монголын мал сүрэг бол ард түмнийг тэжээж байгаа. Mалын мах, сүү амсдаггүй хүн гэж байхгүй. Xотынхон цөм малын мах, махан бүтээгдэхүүн, цагаа идээгээр хооллож байна.
Гэтэл зуданд нэрвэгдсэн малчдад зориулж улсаас авч буй арга хэмжээг буруу тийш нь гуйвуулах нь их болж. Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна. Үндэсний баялаг” гээд заачихсан байгаа. Малаа хамгаалахгүй юм бол Монгол Улс юугаар тэжээгдэх юм бэ. Гадаадаас мах, сүүгээ авах юм болж байна уу. Эдийн засгийн агуулгаас нь яривал мал сүрэг олон мянгаараа хорогдохоор дотоодын үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц хомсдоно. Түүнээс гадна экспортод гаргах үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ буурна. Хөдөө аж ахуйн экспортод гаргах мах, ноос, ноолуурын хэмжээ багасана. Ингэснээр Монгол Улсад орох орлогын хэмжээ дагаад буурна. Тэгэхээр зуд Монголын эдийн засагт асар их хохиролтой.
–Өнөө жил орсон энэ их цас 1975 оноос хойш 49 жилийн дараа тохиож байгааг цаг уурчид онцолж байна. Хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх хор уршгийг та хэрхэн ажиж байна вэ?
-Зуд турхан бол асар их хор хохирол учруулдаг. Тухайлбал, 2009-2010 оны зуднаар нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая мал хорогдож 570 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар 600 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Малын хорогдлыг бууруулах эрсдэл багатай даван туулахад төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгж ихээхэн анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мал их хэмжээгээр хорогдож болох талаар янз бүрийн таамаглал их ярьж байгаа. Мал их хэмжээгээр хорогдвол олон малчин өрх айл амьжиргааны эх үүсвэрээс салж, ядуурал ихэснэ.
–Таны хувьд зуд турхан болсон үед хөдөөгүүр их л явж байсан байх. Хуучин цагт ийм эрсдэлийг хэрхэн даван туулдаг байв?
-Энэ жилийн хувьд цаг уурын өөрчлөлтөд хүмүүс нэлээд гэнэдсэн тал бий байх. Цагаан сар гарангуут цас хайлаад, уул тал цоохортоод дулаараад явчихдаг. Гэтэл өнөө жил эрс өөр боллоо. Гурван есөд бараг тэг градус руу орсон. Харин таван есөд талын жавар арилах байтугай гурван есийн үеийн идэр хүйтэн тохиосон. Ерөнхийдөө 1975 оноос хойш хамгийн их орсон цас болж байна. Тэр үеийн зуднаар зүүн бүсэд ялангуяа Хэнтий аймагт маш их цас орж, адуунууд шонгийн мод дагаад зогсоогоороо үхчихэж байсан юм. Тэгвэл энэ удаа тэрнээс ч айхавтар цас орлоо гэж үзэж болно. Одоо үүнээс сургамж авах хэрэгтэй. Манай улсад тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, өвс хадлан бэлтгэдэг механикжсан баригад олон байсан. Харамсалтай нь бүгдийг нь устгачихсан болохоор одоо өвс тэжээлийн нөөцгүй байна. Ер нь бол тэжээлийн аж ахуйгаа сэргээх хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатараас баруун, зүүн аймгууд руу өвс, тэжээл зөөнө гэдэг үнэхээр хүнд байна шүү дээ. Хуучин шиг баруун, зүүн, төвийн бүсүүдэд тэжээлийн аж ахуй байгуулах хэрэгтэй. Ингэснээр бүс бүсдээ тэжээлийн нөөцтэй болно.
Тайван цагт аливаа ажлыг санаачлахаар дэмждэггүй. Тэгсэн хэрнээ асуудал хүндрэхээр баахан хөрөнгө хаядаг. Энэ чинь эдийн засгийн ашиггүй байна. Тайван цагт гаргаж байгаа санаачилгуудыг дэмжиж хөгжүүлж баймаар байна. Хуучин баруун аймагт өвөлжилт хүндэрсэн үед өвс тэжээлийг зүүн бүсээс галт тэргээр ачаад Оросын нутгаар дамжуулаад баруун аймгуудад хүргэж байлаа шүү дээ. Яваандаа үүнийгээ болиод баруун бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд Тэс, Улаангом, Эрдэнэбүрэнд бүсчилсэн тэжээлийн аж ахуй байгуулж байсан. Ер нь ашиггүй зардал гаргаж байхын оронд орон нутагт нь тэжээлийн үйлдвэр байгуулах ёстой. Бид алдаагаа анхаарч засвал хөгжлийг авчирна. Тэгэхээр өвс, тэжээл бэлтгэдэг хувийн болон төрийн агентлаг байгуулах хэрэгтэй.
–Энэ цаг үед малчид хамгийн их шүүмжлэл хүртэж байгаа улс. Өвс тэжээлээ бэлдэх нь өөрсдийнх нь үүрэг гэх зэргээр бишгүй л зүхүүлж байгаа харагдах юм…
-Малаа хамгаалах нь малчны үүрэг мөн. Гэхдээ төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Ер нь малчид мал аж ахуйдаа хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Аливаа эрсдэлийг тооцохдоо цаг сайханд анхаарч авах арга хэмжээг төлөвлөх ёстой. Дээхнэ үед зудын үеэр бид хөдөөгүүр явж байхад отор нэрээр эзгүй тал газар гэрээ барьчихсан, хашаа байхгүй, өвс тэжээл ч үгүй хэцүү айл олон таарч байв. Тэр үед нэг айл 300-гаад хонь, ямаагаа үхүүлээд жалганд овоолчихсон байсан. “Ядаж та нар хонь, ямааныхаа 50-ийг нь худалдаад өвс, тэжээл авчихад яасан юм” гээд асуухад “Би мотоциколь авдаг л буруу болж” гэж байсан. Нөгөө айл нь 100гаад үхрээ үхүүлчихсэн байгаа юм. “Та нар 20, 30ийг нь зараад өвс тэжээл авсан бол өнөөдөр бүгд онд мэнд орчих байсан даа” гэхэд “Малаа хайрлаад” гэж ярьж байгаа юм. Яахав, малчин хүний сэтгэл тийм байдаг юм билээ. Гэхдээ малаасаа нарийлаад ийм эрсдэлтэй учирч байна гэдэг бол үнэхээр эмгэнэлтэй.
Малаасаа харамлаад байгаа хэрнээ бусдаас юм авах гээд гараа тосоод сууж байгаа нь буруу. Тиймээс малдаа хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Дээрээс нь хөдөө хүн бүл муутай байдаг. Нөхөр нь адуугаа хайгаад явчихсан. Гэртээ нялх хүүхдээ тэвэрч үлдсэн эхнэр нь үхэр, хониндоо явъя гээд ч чаддаггүй. Ийм л хэцүү юм билээ. Ер нь олон төрлийн мал маллах буруу юм байна. Зудын үеэр ам бүл цөөтэй айл үнэхээр хэцүү. Түлш байхгүй. Малчдад туслахдаа түлшний асуудлыг анхаармаар юм байна лээ. Тал хээрийн айлуудад аргал, хомоол ч олддоггүй. Малчид өөрсдөө санаачилгатай ажиллах хэрэгтэй. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах стандарт гэж баймаар байна. “Нэг өрх хичнээн хэмжээний малтай байх юм. Хэдий хэмжээний өвс тэжээл зориулж бэлдсэн байх юм. Хашаа байр нь ямар байх юм” зэрэг бүс, бүсийн онцлогт тохирсон стандартыг баталж өгмөөр байна.
–Өнөө жилийн цас зуданд хорогдсон малын тоо 10 саяд хүрч болзошгүй гэж байна. Цаашид энэ тоо улам өсөх байх даа?
-Одоо урин цаг ирж цас ханзартал малаа ногоолуулах асуудал зайлшгүй хэрэгтэй. Тэр хүртэл улсаас дэмжлэг үзүүлж, ард олон ч хандив өгч байгаа юм байна. Одоо малч ажиллагаа хэрэгтэй. Залуу малчид олон болсон. Хашир туршлагатай ахмадууд цөөрсөн. Өнөөдөр манайд малчдын сургалт гэж алга. Сум болгонд малчны түр сургуультай болох хэрэгтэй. Улиралдаа нэг удаа баг, баг дээрээ сургалт явуулчихдаг. Номоо заахаас гадна малчдын арга ажиллагааг залуу малчдад эзэмшүүлэх нь чухал. Мөн мал аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийг боловсронгуй болгох шаардлагатай.
Өнөөдөр ямааныхаа ноолуурыг авчихаад аймгийн төв дээр авчирч дуудлага худалдаанд орж байх нь зөв үү. Эсвэл суман дээрээ худалдах нь зөв үү гэдэг асуудал бий. Хуучин сум болгонд худалдаа бэлтгэлийн анги гээд агентууд байсан. Одоо байхгүй. Бодит үнэн гэвэл малчид хонио төхөөрчихөөд махыг нь аймаг оруулж худалддаг, ноосоо хаана өгөхөө мэдэхгүй ийм болчихоод байна. Иймд мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн асуудлыг сумын түвшинд зохион байгуулах ёстой. Тэгж байж малчид чирэгдэлгүй болно. Одоо цаг дулаарна. Ямаагаа самнаж эхэлнэ. Малчид ноолуураа худалдах зорилготой, мал аж ахуйгаасаа хөндийрөөд байна шүү дээ.
-Монгол Улс 2022 онд түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан. Албан бус тоогоор 100 сая давсан гэж яригдаж байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн дүнгээр 60 сая гаруй мал тоолуулсан. Бүхэл бүтэн ийм их хэмжээний мал гэв гэнэт алга болчихсон. Тэр зөрүүг яагаад хэн нь ч ярихгүй байна вэ?
-Ер нь малын хорогдол, малын тооллого чинь үнэн гарахгүй байгаа юм шүү. Хөдөөгүүр айлуудаар яваад “Малаа тоолуулсан уу, мал чинь хээл хаясан уу” гэхээр тийм юм ер явдаггүй шүү дээ гэдэг байв. Мал тооллогын асуудлыг цэгцэлмээр байгаа юм. Малын хорогдол бодитой биш харагдаад байдаг юм билээ.Цаашид малын чанар бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Сонголт хийх цаг болжээ. [66.181.181.73] 2024-02-22 13:27:40
Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй болон капиталист эдийн засаг 2 ЗЭРЭГЦЭН оршиж ЧАДАХ уу? Уламжлалт мал аж ахуйг авч үлдэхийн тулд СОЦИАЛИЗМАА авч үлдэх хэрэгтэй болов уу. Харин капиталист эдийн засгаар явья гэвэл уламжлалт мал аэ ахуйгаа ҮГҮЙ ХИЙЖ, оронд нь фермерын МАА-г нэвтрүүлэх болно. Бид тэгэж ЧАДАХ уу? Улс ба татвар төлөгч нар эцэс төгсгөлгүй малчдыг тэтгээд байх БОЛОМЖГҮЙ, ямар социализмд амьдарч байгаа БИШ.
Зочин [202.126.91.52] 2024-02-22 13:11:47
ЗУД БОЛОХ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ХЭЛЭЭД ЮУХЭВ
Зочин [66.181.188.156] 2024-02-22 12:19:12
Өвөл болохоор хүйтэн болдог ????? Дурак
зочин [66.181.183.221] 2024-02-22 10:34:45
Өвөлжөө хаваржааг өмчилж эзэмшүүлж ногоо тариулна гэнэ үү Болдог юм уу Ногоо ургуулах нь бүү хэл билчээрээ яая гэж байгаа газар олон Ус муутай ургахгүй Тэгээд ч одооны овгор малчид уулын ам соргог болгоыг хашчихаж нөгөө хотоос очих малчид яахав Газар хэмжээтэй Хөдөө зарим аймаг модны машинууд байна Говийнхон баялаг ухаж байгаа маш олон техникээр зам гаргуулаж болно Өмнөговийг өмчлөөд авчихсан жил бүл олон тэрбум төг ашиг хувьдаа авдаг Батэрдэнэ хаачив. Нянтайшир. Гарамжав гээд томчуул хаачив Хэдэн иргэдээс л өдрийн цалин л авна гэх юм