Ц.Батболд: Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна

Aдмин / Улстөр

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Нэг намаас нэг тойрогт нэр дэвшигчид бүгд хамтдаа уулзалт хийх нь тухайн нэр дэвшигч, улс төрийн нам, олон нийтэд стратегийн ямар холбогдол болох талаар та ярьж өгөөч?

-Бүсчилсэн буюу хэд хэдэн аймгийг нэгтгэсэн нэг тойрогт дунджаар 10 хүн нэр дэвшихээр байна. Энэ нь сонгуулиар маш сайн зохион байгуулалттай баг ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, ийм нөхцөлд илүү их хөрөнгө, хүч гаргаж сонгогчдод хүрч чадаж байгаа нэр дэвшигч давуу эрх бүрэн олж авах боломжтой. Үр дүнд нь үнэмлэхүй ялалт байгуулах боломжтой. Үнэмлэхүй гэдэг нь 75-аас дээш хувь гэсэн үг. Нөгөө талд сонгогчид эрх баригч намд дургүй, санал өгөхгүй байх сонирхолтой байж болно. Гэсэн хэдий ч харьцангуй олонхын санал гэдгээр ялах боломжтой.

Нэр дэвшигчид бүгд хамт яваа нь сонгогчдын хувьд хэрэгтэй, зөв мэдээлэл авах боломжтой болчихно.

Энд тэндгүй олон юм яриад байвал ойлгохгүй шүү дээ. Тиймээс эргэцүүлж харах боломж үүсэх нь мэдээж. Хэдий ийм боловч илүү зохион байгуулалттай, илүү хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн мэдээлэл түрж орж ирэх болов уу гэж таамаглаж бай на. Энэ нь сонголтод тодорхой хэмжээнд нөлөөлөх болов уу.

-Үнэмлэхүй ялалтад нөлөөлнө гэдгийн учир шалтгааныг тайлбарлаад өгөхгүй юу?

-Багаараа тоглож байгаа учраас харьцангуй эрх баригч нам арай илүү тоглох болов уу. АН гол сөрөг хүчин гэгдэж байгаа. Нам дотроо хоёр гурван фракцад хуваагдчихсан. Тиймээс багаараа ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Тухайн фракцуудын нэг нь нэг тойргийг авч байж болно. Тэгвэл өөр. Ер нь нэг ёсондоо сонгууль биш. Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа болж байна. Аль хүчтэй зохион байгуулалттай ажиллаж чадсан нь хожно гэж хэлж болохоор байна.

-Улс төр судлаач хүний хувьд та энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж харж байна вэ. Бие даагч гарах боломжтой юу?

-Хувь судлаачийн хувьд байж болохгүй, мажоритар биш хаашаа ч янзын хачин сонгууль болж байгаа юм бэ дээ. Мажоритар гэдэг бол хэн нэгэн хүнийг иргэд сонгодог. Гэтэл энэ сонгуулиар багийн ажиллагаа маш хүчтэй орж ирнэ. Тиймээс мажоритар биш, пропорциональ буюу нам сонгодог чиглэл рүү чирж мэдэхээр. Өөрөөр хэлбэл, мөнгө төгрөг тараасан ч юм уу, эсвэл ямар нэгэн сонгогчдод хүчтэй нөлөөлж чадсан баг арай илүү санал авах боломж үүснэ.

Жижиг мажоритар буюу нэг хоёр хүн бие дааж өрсөлддөг өнөөх боломж хэцүү болно. Яаж ч бодсон жижиг намуудаас гарч ирж байгаа хүмүүс баг болох гэж оролдох л байх. Харин бие даагч ийм нөхцөлд бараг гарах боломжгүй дээ.

-Улс төрийн нам, төрд итгэх иргэдийн итгэл алдсан учраас энэ удаад намд санал өгөх нь багасна. Тиймээс эвслийн Засгийн газар байгуулагдах боломжтой гэх дүгнэлт тодорхой хүрээнд бий. Таны харж байгаагаар энэ бол бодит дүгнэлт биш байна, тийм үү?

-Тийм горьдлогууд бий. Гэхдээ энэ бүтэц, зохион байгуулалтыг эвдэж гарч чадах уу, үгүй юу. Сонгогчид зохион байгуулалтыг нураах маягаар хандаж чадах уу. Тодорхой хэмжээний боловсролтой хүмүүс тэгж хандаж магадгүй л юм. Гэхдээ ихэнх нь өнөө маргаашийн талхны мөнгөний төлөө гэх хандлагатай байдаг учраас хэцүү шүү дээ. Үүнээс гадна сонгогчдын 30-аад хувийн дэмжлэгийг авахад л үнэмлэхүй ялаад гараад байна шүү дээ. Бусад нь “энд тэнд гараа өргөчихдөг” аюул бий гэсэн үг.

-Дараагийн Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэхээ зарласан нам бусдаасаа илүү санал авах боломжтой юу?

-Намууд бусдаасаа ямар нэгэн байдлаар илүү гарч сонгогчдод ил тод, нээлттэй, шударга гэдгээ харуулах зорилгоор Ерөнхий сайдаа зарлах нь байдаг л зүйл. Энэ нь ямар нэгэн хэмжээгээр сонгогчийн сонголтод нөлөөлнө гэж бодох нь бий. Намын дарга нь Ерөнхий сайд болдог гэсэн ойлголт манайд жишиг болчихсон. Намуудын дүрэмд ч иймэрхүү зохицуулалт бий. Гэхдээ намын даргаас өөр хүн Ерөнхий сайд болохыг үгүйсгэхгүй.

-Дээр ярьсанчлан зохион байгуулалт, мөн олон горилогч байгаа тохиолдолд иргэд сонголт хийхдээ юуг нэн түрүүнд харах хэрэгтэй вэ?

-Ер нь сонголт хийдэг онолын гурван үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрийг харах ёстой байдаг. Энэ нам ирэх дөрвөн жилд юу хийх гээд байгаа, ямар амлалт өгч байна. Тэр нь бодитой юу. Ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харах ёстой. Өөрөөр хэлбэл, аль популист, аль бодитой боломжтойг харах ёстой гэсэн үг.

Хоёрдугаарт, намыг хардаг. Өөрөөр хэлбэл, энэ нам дотоод ардчилалтай юу. Гишүүдээ шударгаар өрсөлдүүлж, нэр дэвшүүлж гаргаж ирж чадах уу, эсвэл янз бүрийн бүлэглэлээр гараад ирэх үү гэдэг намын бүтэц зохион байгуулалтыг хардаг.

Хамгийн сүүлд хувь хүнийг харж сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, намайг төлөөлж гарах хүн хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ. Шударга байж чадах уу гэдгээ харна. Гэтэл манайхан эхлээд хувь хүнийг нь хардаг. Сүүлд намыг нь хардаг.

Ингэхдээ энэ жижиг нам юу чаддаг юм бэ гэх маягаар ханддаг. Хамгийн сүүлд нь мөрийн хөтөлбөрийг хардаг. Гэхдээ бодит байдал дээр бараг л хардаггүй дээ. Хальт хараад бараг ойлгох ч үгүй. Өмнөх сонгуулиудаас харахад ер нь иймэрхүү болчихоод байгаа юм.

Тиймээс сонголтын гурван зарчмыг сонгогчдод ойлгуулах нь чухал. Сонголтын энэ дарааллыг харж байгаад хандвал арай ирээдүйгээ харсан зөв сонголт хийх боломж бүрдэнэ.

-Нэг намд төрийн эрхийг удаан бариулах нь урхагтай гэгддэг. Онол, олон улсын практикийн хувьд энэ хэр бодитой дүгнэлт вэ?

-Хоёр талтай. Нэгдүгээрт, нэг нам удаан эрх барихаар түүнийг дагаад сөрөг хүчний байр суурь сул байгаа нөхцөлд дарангуйллын, монополь хандлага руу явж эхэлдэг. Энэ бол зайлшгүй зүйл. Энэ нь цаг хугацааны аясаар мэдэгдэхгүйгээр өөрөө аяндаа бий болдог.

Өмнө нь шударгаар ярьдаг бол тодорхой хугацааны дараа захиргааны чиглэл рүү орчихсон байдаг. Ийм хандлагууд үүсдэг.

Хоёрдугаарт, хүчтэй сөрөг хүчингүй үед эрх баригч нам фракцад хуваагдаж хоорондоо тэмцэлдэж эхэлдэг. Ингэснээр намууд өөрийгөө сөнөх замаа тавьж байгаа юм. Нэг ёсондоо бусад нь сөнөөж чадахгүй бол өөрөө өөрсдийгөө сөнөөдөг гэсэн үг.

Энгийнээр тайлбарлавал, XIII, XIV зуунд монголчууд дэлхийд ноёрхож байхдаа өөрсдөө хоорондоо иргэний дайн хийсээр байгаад үндсэндээ сөнөсөн. Аригбөх Хубилай хоёр ч юмуу, Бэрх хаан Хүлэгү хаан хоёр ч гэдэг юм уу бүлэг бүлгээрээ дайн хийж сөнөцгөөсөн. Ийм зам руу ордог. Ийн хэн нэгэн нурааж чадахгүй байгаа зүйлийг систем өөрөө нураадаг. Гэхдээ амархан нурахгүй. Цаг хугацаа л их ордог.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг нэр дэвшүүлэх нь нийгэм, улс төрийн тогтолцоонд ямар урхагтай байдаг вэ?

-Ийм хүмүүсийг нэр дэвшүүлэхээр шударга бус байдал, шударга бус өрсөлдөөн бий болдог. Хоёрдугаарт, “Ингэдэг л юм. Гүтгэлэг. Нотол. Нотолж чадахгүй шүү дээ” гэсэн юм яриад хугацаа авдаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд тухайн хэрэг хаагдаж байх жишээтэй. Ийм гажиг систем тогтчихоод байна л даа.

Энэ нөхцөлд нэг нь хууль шүүхийн байгууллагад өглөө л гэдэг. Нөгөөх нь түүнийгээ аргалж явсаар хугацаа аваад хэрэг хаагдчихаад байна. Энэ бол шударга бус тогтолцоо. Зөв шударга болгохын тулд өөр улс төрийн хүчин хэрэгтэй. Өөр улс төрийн хүчин гарч ирж үүнийг хийнэ үү гэхээс одоогоороо явбал боломжгүй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.212.116.175] 2024-05-18 09:08:45

Энэ бузар юм аа хууль бус зүйл нүдэн явагдаад байхад түүнмйгээ ярихгүй АН 3 хуваагдсан гэж хуцдаг доктор нэртэй Коммунист тролл бна шдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.