Б.Энхболд: Хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй хүнийг баривчилдаг заалтыг хуулиас хассан

Aдмин / Нийгэм

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 16-ны нэгдсэн чуулганаар хэлэлцэж, баталсан.

Тус хуулийн нэмэлт, өөрчлөлт нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний комиссоос "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, үзэл баримтлал, бэлтгэл ажил, үр нөлөө" сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан юм.

Энэ үеэр тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар онцлох заалт байгаа талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэл өгч байсныг хүргэе.

Тэрбээр "НҮБ-ын шинжээчид болон ХЭҮК-ын илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, тэр дотроо шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний үеэр хүний эрхийг зөрчих тохиолдол байна гэсэн дүгнэлт гарсан.

Ялангуяа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай явагдаж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчил юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор өмнө нь байсан "хойшлуулшгүй тохиолдолд баривчлах" гэх ажиллагааг хориглох, баривчлагдсан хүн эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх зохицуулалт оруулсан.

Үүнд хоёр ялгаатай ойлголт бий. Нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, нөгөөх нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ хоёр ойлголт нь хүний эрхийг хязгаарлаж, тодорхой орон зайд хорьдог.

Тиймээс НҮБ-ын зөвлөмж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлж маш тодорхой нарийвчлан хуульчилж одоогийн үйлчилж буй хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлийг бүгдийг нь хассан.

Тэгэхээр наймдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яг бодитой объектив нөхцөл байдал үүссэн, энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг явуулна.

Энэ ажиллагааг 24 цагийн дотор шүүх тасралтгүй хянах юм. Үүнтэй холбоотойгоор шүүх 06:00-22:00 цаг хүртэл тасралтгүй ажиллах зохицуулалтыг тусгасан" гэв.

"Баривчлах ажиллагаа, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний явцад өмгөөлөгчдийг заавал оролцуулна"

Тэрбээр үргэлжлүүлэн "Өмнө нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хүн "намайг хууль бусаар баривчилсан, энэ талаар шүүхэд гомдол гаргана" гэх зохицуулалт хуульд тусгагдаагүй байсан.

48 цагийн хугацаатайгаар баривчлан саатуулах ажиллагааг хууль бусаар явуулсан тохиолдолд шүүхэд гомдол гаргах боломжтой. Шүүх түүнийг ердийн журмаар хянан хэлэлцэж, баривчлах ажиллагаа хуульд нийцсэн, нийцээгүй дүгнэлтийг гаргах зохицуулалтыг хуульд тусгасан.

Хэрэв хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг шүүх гаргасан тохиолдолд тухайн хүн учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх үүсэх зохицуулалтыг оруулсан.

Мөн баривчлах ажиллагаа, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний явцад өмгөөлөгчийг заавал оролцуулах, байхгүй тохиолдолд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах зохицуулалтыг хуульчилсан.

Ингэснээр хууль хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хүссэнээрээ хүнийг барьж саатуулах, хорих үндэслэлүүд хязгаарлагдсан. Дараа нь баривчлагдсан тохиолдол бүр заавал шүүхээр хянагддаг тогтолцоо бий болж байна.

Түүнчлэн баривчлагдсан хүн гомдол гаргаагүй тохиолдолд ажиллагаа явуулсан газрын прокурор нь холбогдох материалыг шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ. Шүүх түүнийг 30 хоногийн дотор хянадаг сайн тогтолцоонд шилжүүлсэн" гэлээ.

"Хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлээр баривчлах ажиллагаа хэрэглэж байсан учраас хүн бүрийг барих нөхцөл байдал үүссэн"

Мөн наймдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд хойшлуулшгүй тохиолдлыг хэрхэн тусгасан талаар "Өмнөх хуулиар хойшлуулшгүй тохиолдолд гэж заалт тусгасан байсан.

Хойшлуулшгүй тохиолдол гэдэг бол юуг ч хамааруулж үзэхээр боломж, нөхцөл юм. Тиймээс баривчлах ажиллагааны 60 орчим хувь нь хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлээр хэрэгждэг байсныг хассан.

Мөн гэрч, хохирогч заасан гэх үндэслэлээр зургаан сар, нэг жилийн дараа баривчилдаг. Одоогийн хуулиар гэрч, хохирогч шууд заасан гэх заалтыг оруулж ирсэн. Гэрч, хохирогч тэр даруйд шууд заагаагүй бол шүүхээс зөвшөөрөл авч баривчлан саатуулна.

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны нэг гол хязгаарлалт нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт л шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг хэрэгжүүлж болно гэж оруулж өгсөн.

Өмнөх хуулиар бүх хэрэгт хойшлуулшгүй тохиолдолд баривчлах ажиллагаа хэрэглэж байсан учраас хүн бүрийг барих нөхцөл байдал үүссэн" хэмээн ярилаа.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.