ПАРИС-2024: Олимпын наадмын 11 дэх өдрийн тойм мэдээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу мягмар гарагт Олимпын тамирчид спортын 8 төрөлд 15 багц медалийн төлөө өрсөлдлөө. Олимпын тоглолтын хоёр дахь долоо хоногт багийн спортын хамгийн түгээмэл төрлүүдэд шийдвэрлэх тоглолтууд ид өрнөж байна. Мөн хөнгөн атлетикийн төрөлд 5 багц медалийн эзэд тодорсон байна.



Сагсан бөмбөг: талбайн эзэд ба америкчууд хагас шигшээд



Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хасагдах шатны ¼ шигшээ тоглолтууд болж, ямар багууд медалийн төлөө өрсөлдөх вэ гэдэг нь тодорхой боллоо. Үдээс өмнө сербчүүд 5 оноогоор илүүрхэн Австралийн багийг хожсон бол Германы баг бүр итгэлтэйгээр буюу 13 оноогоор грекчүүдийг ялсан байна. Орой болсон тоглолтод талбайн эзэн францчууд Канадын багийг 82:73 харьцаагаар буулган авсан бол Олимпын тоглолтуудад чансаагаараа үргэлж тэргүүлдэг АНУ-ын баг Бразилыг 122:87 харьцаагаар бутниргэлээ.






Хагас шигшээ тоглолтууд 8-ны өдөр, финалын ба хүрэл медалийн төлөөх тоглолтууд 10-ны бямба гарагт болно.



Хөл бөмбөг: АНУ, Бразил хоёр финалд үлдлээ



Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний эхний хагас шигшээ тоглолтод саяхныг хүртэл дэлхийн чансааг тэргүүлж байгаад хойш ухарсан АНУ, Германы багууд өрсөлдөж, америк бүсгүйчүүд 1:0 харьцаагаар хожсоноор финалд Бразилын багтай тоглохоор боллоо. Бразилчууд өчигдөр орой Испанийн багийг 2:0 харьцаагаар хожсон юм. Финалын тоглолт 10-ны бямба гарагт болох бол 9-ний өдөр Герман, Испанийн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.



Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний финалд Франц, Испанийн багууд шалгарсан ба тоглолт 9-нд болно.



Гар бөмбөг: дахиад л АНУ, Бразил хоёр



Бразил ба АНУ-ын багууд эмэгтэйчүүдийн хөл бөмбөг төдийгүй багийн бусад төрөл, тухайлбал, эмэгтэйчүүдийн волейболд маш хүчирхэг юм.



Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээн мягмар гарагт болж, уг хоёр багаас гадна Итали, Туркийн багууд хагас шигшээд шалгарлаа. Пүрэв гарагт америкчууд Бразилтай, Италийн баг Турктэй хагас шигшээд тоглох бол алтын төлөө тоглолт Олимпын наадмын сүүлчийн өдөр буюу 11-ний ням гарагт болно.



Мягмар гарагт эрэгтэй багуудын ¼-ийн шигшээ тоглолтууд болж, дэлхийн чансааг тэргүүлэгч Польш болон АНУ, Итали, Францын багууд хагас шигшээд шалгарсан байна.



Серфинг: Парисаас 10 мянган бээрийн алсад



Түүхэнд анх удаагаа Олимпын наадмын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч хотоос хамгийн алс холын зайд зохион байгуулж байгаа бөгөөд энэ бол Парисаас 16 мянган км-ийн зайд орших Номхон далайн Таити аралд болж буй серфингийн тэмцээн юм.




Каули Вааст

Мягмар гарагт болсон тэмцээнд нутгийн уугуул иргэн, Францын шигшээ багийн тамирчин Каули Ваас финалд Австралийн Жек Робинсоныг ялснаар Олимпын аварга цолыг хүртлээ. Харин эмэгтэй серфингчдээс Америкийн Кэролайн Маркс алтан медалийн эзэн болжээ.



Мягмар гарагт Хятадын эмэгтэй тамирчид болох Цюан Хунчан, Чэн Юси нар 10 м-ийн трамплинаас үсрэх төрөлд илт давамгайлсан бол Умард Солонгосын Ким Ми Рэ хүрэл медаль хүртлээ. Ингэснээр БНАСАУ-ын баг тамирчид нийт 2 мөнгө, 3 хүрэл медальтай болжээ.



Мөн өдөр Их Британийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэднээс Жош Кер 1500 м-ийн гүйлтэнд /Америкийн Коул Хокер түрүүлсэн/ ба дугуйн багийнхан ойрын зайн төрөлд /холландчууд түрүүлсэн/ тус тус хоёрдугаар байр эзэллээ.



Албан ёсны бус багийн дүнгээр Хятадын тамирчид АНУ-ын багтай тэргүүн байрын өрсөлдсөөр байгаа бөгөөд америкчууд 24 алт, Хятадын баг 22 алтан медаль хүртсэн бол мөнгө, хүрэл медалийн тоогоор Америкийн баг илт илүүрхэж байна. АНУ, Хятад хоёрын ард Австрали /14 алт/, Франц /13 алт/, Их Британийн /12 алт/ баг тамирчид бичигджээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.