Цахим гэмт хэрэгтэй тэмцэх анхны гэрээг НҮБ баталжээ

Aдмин / Нийгэм

Хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн ширүүн эсэргүүцлийг үл харгалзан НҮБ-ын гишүүн орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэх тухай гэрээг пүрэв гарагт баталжээ.

Гурван жилийн турш хэлэлцээ хийж, Нью-Йоркт сүүлийн хоёр долоо хоногийн турш хуралдсаны эцэст НҮБ-ын гишүүн улсууд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцийг зөвшилцлийн үндсэн дээр баталсан бөгөөд одоо Ерөнхий Ассамблейд өргөн барина.

“Баримт бичгүүд батлагдсан гэж би үзэж байна. Маш их баярлалаа, бүгдэд нь баяр хүргэе!” гэж уг гэрээг боловсруулах асуудал эрхэлсэн хорооны дарга, Алжирын дипломатч Фаузиа Мебарки алга ташин хэлжээ. 2017 онд ОХУ анхны алхмыг хийсний дараа АНУ болон Европын орнуудын эсэргүүцлийг үл харгалзан уг хороог байгуулсан байна.

НҮБ-ын 40 гишүүн орон соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болох шинэ гэрээ нь “цахим гэмт хэргээс илүү үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх”, ялангуяа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг харуулсан зураг бичлэг, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Харин гэрээг эсэргүүцэгчид буюу хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид, мөн томоохон технологийн компаниудын зүгээс, уг баримт бичгийг хэт өргөн хүрээг хамарсан хэмээн буруушааж, энэ нь дэлхийг “хянаж тандах” гэрээ болж, хүмүүсийг хэлмэгдүүлэхэд ашиглаж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Учир нь, аливаа улс өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу дөрвөн жилээс доошгүй хугацаагаар хорих ял оногдуулах аливаа гэмт хэргийг мөрдөн шалгахын тулд гэмт хэрэгтэй холбоотой цахим нотлох баримтыг өөр улсын эрх баригчдаас хүсэхээс гадна интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад мэдээлэл авах хүсэлт гаргаж болно гэж гэрээний эх бичвэрт тусгажээ.

Human Rights Watch байгууллагын шинжээч Дебора Браун Франс Пресс агентлагт ярилцлага өгөх үеэрээ, урьд хожид байгаагүй олон талт ажиглалт хяналтын хэрэгслийн талаар анхааруулаад, энэ гэрээ нь хүний ​​эрхэд гамшиг учруулах бөгөөд НҮБ-ын нэр хүндэд бараан толбо суулгана гэж хэлсэн байна. “Энэ гэрээ бол хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл юм. Сэтгүүлчид, идэвхтнүүд, ЛГБТ хүмүүс, чөлөөт сэтгэгчид болон бусад хүмүүсийг хил дамнуулан нухчин дарах зорилгоор үүнийг ашиглаж болзошгүй” гэж тэрбээр ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.