Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг хагас өдөр ажиглахад л арав гаруй машины бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн гэв үү
-НЭГ МАШИН БАРААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙГЭЭД ДОЛООН САЯЫГ ОЛЧИХДОГ АЛБАН ТУШААЛД ОЧИХЫН ТУЛД ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГА ӨГДӨГ-
Үндэсний хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх зорилготой ажилладаг гаалийн байгууллагынхан авлигын хэрэгт олноороо шалгагдаж байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажилладаг гаальчид хуурамч баримт бичиг бүрдүүлж үүнийхээ шанд өөртөө чамгүй орлого олчихдог, “том”-чууд нь гаальд ажиллуулах нэрийдлээр бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэрэгт холбогдлоо. Гаалийн байгууллагатай холбоотой авлигын хэргүүдийг тоймлон хүргэв.
ГААЛЬЧИД ҮДИЙН ХАГАСТ АРАВ ГАРУЙ МАШИН БАРААНД
ХУУРАМЧ БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖЭЭ
Замын-Үүдийн байцаагчид үдийнхагастарав гаруй машин барааны бүрдүүлэлтийг хуурамчаар хийчихээд, нэгэнтэйгээ барьцаж хэл ам хийсэн мэдээлэл олдлоо. Өнгөрсөн сарын эхээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрынхан Замын-Үүд дэх гаалийн газарт хагас өдөр ажиллажээ. Гэтэл тэр өдөр арав гаруй машин бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн болох нь илэрчээ. Улсад 10-15 сая төгрөгийн татвар төлөх бараанд хуурамч бүрдүүлэлт хийгээд 5-6 сая төгрөг авдаг. Үүнийхээ шанд цөөнгүй авлига авсан гэх баримт шалгалтынханд олджээ. Арван машин гээд тооцоход хагас өдөрт улсын төсөвт орох учиртай байсан 50-100 сая төгрөг алга болсон гэсэн үг. Харин гаальчдын халаасанд энэ мөнгөний хагас нь ордог талаар гаалийнхан өөрсдөө хэнэг ч үгүй ярьчихдаг юм билээ.
Үдийн хагаст арав гаруй машин бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн зөрчил Гаалийн ерөнхий газрынхныг сандаргаж тэр оройгоо Замын-Үүдийн гаалийн газарт ширүүн хурал болжээ. Төв байгууллагаас Замын-Үүдийн гаалийнханд хатуу сануулга өгч, цөөнгүй байцаагчийг ажлаас халах тухай ярьжээ. Гэтэл байцаагчдын дунд “Замын-Үүдэд О.Ганбатын томилсон нөхдүүд ч бидний л жишгээр ажиллаж байгаа. Тэдэнтэйгээ ярихгүй байж бидэнд хариуцлага тооцохгүй шүү" гэж барьцах хандлагатай яриа бас гарсан гэнэ.
Том зөрчил, ширүүн хурлын маргааш өдөр нь Авлигатай тэмцэх газарт “Замын-Үүдийн ахлах байцаагч Н.Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн” гэдэг мэдээлэл очжээ. Өөрөөр хэлбэл, урьд өдөр нь хууль бус ажиллагаа нь илэрч ажлаасаа халагдахад хүрсэн зарим байцаагч АТГ-т алтан хошуу өргөсөн бололтой юм. Энэ дагуу АТГ-аас ажлын хэсэг гарч Н.Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгасан байна. Шалгалтаар ахлах байцаагч Н.Насанбат түүний удирдлагад ажиллаж байгаа Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагчид “Норд бенз" маркийн гурван ачааны машин бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогджээ. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээрх машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд оногдох хураамжийг авчээ. Чулуун хавтан тавилгаас хамаагүй бага хураамжтай аж. Ачаа оруулж ирсэн компани 30 тонн тавилгад таван сая гаруй төгрөгийн татвар төлжээ. Харин чулуун хавтан гэж мэдүүлсэн тавилгадаа татвар төлөөгүй бололтой. Үүний шанд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэргээр шалгагдаж байгаа аж.
Замын-Үүдийн гаалийн газрын ахлах байцаагч Н.Насанбат Сэлэнгэ аймаг дахь Г аалийн газарт аудитаар ажилладаг байжээ. Санхүүч мэргэжилтэй нэгэн аж. Гаалийн ерөнхий газрын дарга О. Г анбатын ойрынх нь хүн аж. О.Ганбат Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсоны дараа Ч.Насанбатыг Гаалийн ерөнхий газарт мэргэжилтнээр ажиллуулах болжээ. Төд удалгүй Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилсон байна. Харин Гаалийн ерөнхий газрын даргын албыг Б.Цэнгэл авсны дараа Ч.Насанбат хэлтсийн даргын ажлаа өгч байжээ. О.Ганбат өнгөрсөн есдүгээр сард Гаалийн ерөнхий газрын даргаар дахин томилогдсон. Томилогдсон даруйдаа Ч.Ганбатыг Замын-Үүд пэх Гаалийн газрын ахлах байцаагчаар ажиллуулах болжээ. Мөн түүний охиныг Алтанбулаг дахь гаалийн газрын архивын ажилтан болгосон аж. Төд удалгүй Алтанбулаг дахь гаалийн газрын байцаагч, ахлах байцаагч болж албан тушаал дэвшсэн талаар гаалийнхан ярьж байна. Н.Насанбаттай хамт 23 байцаагч Замын-Үүдийн гаальд ажиллахаар сэлгээгээр очжээ.
Б.ЦЭНГЭЛИЙН ҮЕД ГААЛЬД ОРОХЫН ТУЛД ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН
АВЛИГА ӨГСӨН ГЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
Н.Насанбат нарын байцаагчдаас гадна Гаалийн ерөнхий газрын хэд, хэдэн албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас шалгаж, заримыг нь цагдан хориод байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн байцаагч Б.Баттогтохыг баривчилж, цагдан хорьжээ. Түүнтэй хамт хэлтсийнх нь дарга болон мэргэжилтэнг шалгаж байгаа аж.
Б.Цэнгэл Гаалийн ерөнхий газрын дарга байх үед маш олон хүнийг гаалийн байцаагчаар томилсон тухай мэдээлэл гарч байсан. Тэдний олонхи нь төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын туршлагагүй нөхдүүд байсан гэдэг. Тухайн үед Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар Б.Оюундэлгэр ажиллаж байсан. Түүний удирдлагад Б.Баттогтох, Н.Оргилмаа нар ажиллаж байжээ. Б.Оюундэлгэрийн тухайд улсын заан Ц.Баярсайханы гэргий гэдгээр нь уншигчид таних биз ээ. МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажилтай байсан эмэгтэй.
Б.Цэнгэлийн үед Б.Баттогтох нарын албан тушаалтнууд хүмүүсээс авлига авч гаалийн байцаагчаар ажилд авч байсан гэх гомдол АТГ-т очжээ. Тэд ажилд орохын тулд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийнхэнд тав хүртэлх сая төгрөг өгч байсан тухайгаа мэдүүлсэн байна. О.Ганбат Гаалийн ерөнхий газрын дарга болсныхоо дараа 71 байцаагчийг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл мөн гарсан. Гаалийнхны ярьж байгаагаар 43 ажилтанг чөлөөлж, бусдыг нь сэлгүүлэх нэрийдлээр гаалийн газруудад тараасан гэнэ. Адилхан мөнгө өгөөд ажилд орсон атлаа зарим нь ажилтайгаа үлдсэнд нь уурссан нөхдүүд АТГ-т мэдээлэл өгсөн бололтой юм. Тос дотроосоо өтнө гэгчээр гаалийнхан цаашид ч нэгнийгээ АТГ-т барьж өгсөөр байх бололтой.
Гаальд орохын тулд арван сая төгрөгийн авлига өгдөг гэх ам дамжсан яриа угаасаа ч бий. Тэгвэл энэ яриаг Б.Цэнгэлийн үед томилогдсон байцаагчид өөрсдөө нотолсон бололтой. Харин тэднээс авлига авсан гэх албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар шалгагдаж эхэлсэн нь энэ.
Ц.ӨРНӨХ
Сэтгэгдэл