Хонины махны экспорт "царцалт"-аас гарч байна

Д.Тулга / Эдийн засаг

mah

Өнгөрөгч онд УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлах үеэрээ хэд хэдэн чухал асуудлыг тус улсын ерөнхийлөгчтэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Энэ хүрээнд яригдсан нэг чухал асуудал бол Хятад улс руу үхэр, хонины мах экспортлох тухай байв. Манай улсын хувьд хонины махны экспорт царцанги байдалд ороод байсан билээ. Уг уулзалтын дараа Хятад улс руу дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтийг тус улсын зүгээс тавиад байсан юм. Хятад улсаас Чанарын шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт, судалгаа эрсдлийн үнэлгээ хийсэн юм. Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлага хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг илрүүлэн, засч энэ оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийн мэдээллийг хүргэсэн байна. Энэ дагуу Хятадын талаас энэ сарын 13-ны өдөр хэд хэдэн аж ахуй нэгжид мах экспортлох зөвшөөрөл олгосон байна.

-МАХ ЭКСПОРТЛОХ ЭРХИЙГ ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИУД АВСАН БАЙНА-

Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-иуд, Үхэр хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”,”Грийн грейс ланд”, “Монгол эко мах”, “Дархад мийт фүүд” гэсэн 4 компанид олгосон бөгөөд эдгээр компаниуд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангана. Адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд “Хаан хүнс” ХХК-ийн адууны махан хөлдөөсөн бууз баншийг экспортлох зөвшөөрлийг авчээ. Хятад улсын махны хэрэглээ жилээс жилд өсч байгаа бөгөөд манай улсын хувьд энэ онд 64.4 тонн махыг экспортонд гаргах төлөвтэй байгаа аж. Энэ хүрээнд ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вакцинжуулалтанд хамрагдсан малын махыг экспортонд гаргана гээд хөрш орнуудын зүгээс шаардлага тавиад байсан шүү дээ?

-Мэдээж экспортын маханд цаад талаасаа маш өндөр шаардлага тавьсан байгаа. ISO-9001 гэх зэрэг олон улсын стандарт шаадрдлагыг хангасан байх ёстой. Малын гарал үүсэл, бүртгэлжүүлэлт зэрэг асар өндөр шаардлагыг ОХУ-аас тавьсан. Иймээс ОХУ болон Евро-Азийн холбооноос хорио цээрийг тавьсан юм. Энэ дагуу бид дотоодынхоо үйлдвэрүүдэд МХЕГ-тай хамтран шалгалт хийх, сайжруулах ажлуудыг хийсэн. Ингээд эргэж мэдээлсний дагуу Хятад улсын зүгээс экспортлох зөвшөөрлийг өгсөн. ОХУ-руу 7 үйлдвэр мах экспортлох зөвшөөрөлтэй байгаа.

-Вьетнам улс руу мах экспортлох тухай асуудал яригдсан байсан. Манай улсад хүсэлт тавьсан гэсэн?

-Урьд нь манай улсаас Вьетнам улс руу мах экспортолж байсан түүх бий. Одоогоор энэ асуудал яригдаж байгаа. Албан ёсоор гарын үсэг зуралцаж, шийдвэрлэгдээгүй байна.

-Тухайлбал Хятад улсад нэг кг үхрийн мах 63 юанийн үнэтэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ үнийг нь барих уу?

-Зах зээлийн үнийг харж байж, тухайн мах нийлүүлэгч компаниуд хоорондоо тохиролцож үнэ дээрээ тогтоно.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.