БИДНИЙ ТУХАЙ: Монгол визгүй зорчих хөтөлбөрөө цуцалсан нь гайхшрууллаа
-ЭНЭ НЬ ТУС УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР, ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТАД МАШ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ-
Монгол Улсын Засгийн газар дэлхийн 42 орныг хамарсан визгүй зорчих хөтөлбөрөө цуцаллаа. Ингэснээр 2016 онд 42 орны иргэн Монгол руу зорчихдоо тус улсын Гадаад хэргийн яамнаас урьдчилан виз авах шаардлагатай болж байна хэмээн “Asia Briefing” мэдээллэжээ.
2014 оны зургадугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл 42 орны иргэд Монгол руу визгүй зорчих эрхтэй болсон боловч уг шийдвэрийн хугацааг сунгалгүй, урьдчилан виз авах хөтөлбөрт шилжсэн нь дипломатууд, бизнес эрхлэгчид, жуулчид, ялангуяа, Европын холбооны иргэдийг ихэд гайхшрууллаа.
Монгол руу аялах Европын холбооны иргэдийн дийлэнхийг тус улсад хөрөнгө оруулалт хийсэн бизнес эрхлэгчид болон жуулчид эзэлдэг. Урьдчилан виз авахад наад зах нь гурван өдөр болох бөгөөд холбогдох баримт бичгийг ч бүрдүүлэх шаардлагатай.
Андорра, Аргентин, Австри, Бахамас, Бельги, Бразил, Болгар, Чили, Коста Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц улс, Грек, Гренада, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Монако, Нидерланд, Норвеги, Испани, Панам, Польш, Португали, Румын, Словак, Словени, Швед, Швейцарь, Их Британи, Уругвайн иргэд Монгол руу аялахдаа урьдчилан виз авах шаардлагатай болж байна.
Монгол улсын Засгийн газрын энэхүү шийдвэр БНХАУ-д нүүрс болон төмрийн хүдрийн борлуулалт зогссонтой холбоотойгоор хүнд цохилтод ороод байгаа Монголын эдийн засагт, тэр дундаа, тус улсын аялал, жуулчлалын салбар, гадаадын хөрөнгө оруулалтад энэ алхам маш сөргөөр нөлөөлнө. Ямар учраас голдуу Европын орнууд, Европын холбооны хүрээн дэх орнуудын иргэд хамрагддаг байсан визгүй зорчих журмыг халсан нь тодорхойгүй байна.
Энэ мэдээлэл гарсны дараа жуулчид, бизнес эрхлэгчид нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэгээс буцаж, зарим нь Улаанбаатар хотоос хөөрөх нисэх онгоц, эсвэл тус улсаар дамжин өнгөрөх Транс-Сибирийн галт тэргэнд сууж чадахгүй байна. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд “МИАТ” компанийн ажилтан “Энэ бол “гамшиг”, нислэг болох бүрт олон хүнийг онгоцонд суулгахгүй байх ажилтай болсон” гэжээ.
Монгол руу аялах гэж байгаа жуулчин бүр аялахаасаа сарын өмнө тус улс дахь өөрийн орны Элчин сайдын яамтай холбоо тогтоож, визийн тухай нарийн мэдээлэл авахыг зөвлөж байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл