Б.Ганхуяг: Хиймэл шүдийг өөрийн шүд шигээ арчлах хэрэгтэй
Монголчууд бид шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Тиймээс манай сайт долоо хоног бүрийн даваа гаригт амны хөндийн эрүүл мэндийн талаар ярилцлага зөвлөгөө хүргэж байгаа. Энэ удаад хиймэл шүд, түүний арчилгаа, хамгаалалтын талаар “UB Dent” шүдний эмнэлгийн эмч Б.Ганхуягтай ярилцсанаа хүргье.
-ХИЙМЭЛ ШҮД ХИЙЛГЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОГОГ ЗАСЛЫН ЭМЧ ДЭЭР
ОЧИЖ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ-
-Хиймэл шүдний арчилгаа, хамгаалалтын талаар ярихаасаа өмнө монголчууд хэдэн төрлийн хиймэл шүд хэрэглэдэг талаар ярилцлага эхлүүлсэн нь дээр болов уу?
-Хүний амьдралын явцаас хамааран цоорч үйрэх шүдний эмгэг согог үүсч, түүнийг орлуулж шинжлэх ухааны үндэс дээр тулгуурлан хүний биед сөрөг нөлөөгүй хийсэн шүдийг хиймэл шүд гэдэг. Хиймэл шүд нь авагддаг, авагддаггүй гэсэн хоёр төрөл байдаг. Авагддаггүй хиймэл шүд материалаасаа хамаараад дотроо их олон янз байдаг.
-Авагддаггүй хиймэл шүдний төрлөөс Монгол Улсад хамгийн их хэрэглэгддэг нь аль вэ?
-Монгол Улсад хиймэл шүдний хөгжил дэлхийн хөгжилтэй ойролцоо хөгжиж байна. Бүх төрлөөр хиймэл шүд хийгдэж байна. Авагддаггүй шүдийг тухайн хүний боломж бололцоо, тухайн хүний шүдэнд хийж болох уу, үгүй юу гэдгээс хамаарч гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд, имплант дээр суурилсан хиймэл шүд түлхүү хийгдэж байгаа.
Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд: буюу Bridge-г хийхийн тулд шүдгүй зайны хажуугийн шүднүүдийг өрөмдөж зороод зорсон шүднүүд дээрээ бүрээc хийнэ. Орлуулж байгаа хиймэл шүд маань бүрээстэйгээ нэг цогц юм. Материалын хувьд дан металл буюу металл-шаазан, дан шаазан, хуванцар гэж ангилдаг. Сүүлийн жилүүдэд хөгжилтэй орнуудад цирконоор хийдэг болж байна. Ийм хиймэл шүдийг том цоорсон, эсвэл том ломботой тохиолдолд хийхэд сайн. Учир нь том ломботой шүдийг бүрээсээр бүрвэл бат бөх чанарын хувьд сайн байдаг. Мөн тамхи их татдаг хүн хийлгэхэд тохиромжтой гэж үздэг. Харин энгийн, шүд цоороогүй, эсвэл багахан цооролтой байхад зорж жижигрүүлэхэд харамсалтай байдаг.
Имплант буюу хиймэл ёзоор дээр тулгуурлаж шүд хийхийн тулд эрүүний ясанд имлант суулгана. Имплант гэдэг нь 100 хувь титанаар хийгдсэн шүдний ёзоорын ижил хэлбэртэй металл юм. Эрүүний ясанд имплантыг мэс заслын аргаар суулгах ба имплант ясжиж эдгэрсний дараа түүн дээр хиймэл шүд хийдэг. Дээд эрүүнд голчлон зургаан сар хүртэл, доод эрүүнд дөрвөн сар хүртэл хугацаанд имплант ясжиж эдгэрэх ба энэ хугацаанд авагддаг хуванцар хиймэл шүд зүүж байж болно. Авагддаггүй шүдэлбэр хийлгэсэн хүмүүс тухайн шүдэлбэрээ тогтмол угааж, тусгай зориулалтын шүдний утас хэрэглэж сурах хэрэгтэй.
-Хиймэл шүд хийлгэхээсээ өмнө иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Хүмүүс ихэнхдээ интернэтээс мэдээлэл олж уншаад, өөрийн гэсэн ойлголттой болчихоод ирдэг. Энэ нь нэг талаараа зөв л дөө. Гэхдээ үнэтэй нь сайн гээд хошуурдаг. Тиймээс хиймэл шүд хийлгэхээсээ өмнө та бүхэн шүд, эрүү нүүрний согог заслын мэргэжлийн эмч дээр очоод зөвлөгөө авах хэрэгтэй. Шүдний эмч болгон хиймэл шүдний эмч байдаггүй юм. Мэргэжлийн эмч таньд ямар хиймэл шүд хийлгэвэл тохиромжтой вэ гэдгийг хэлээд өгнө. Жишээ нь, залуу хүний ганцхан шүд уначихсан байвал заавал тагнайтай шүд зүү гэж болохгүй биз дээ. Өөрт тохирсон шүдээ хийлгэж зүүх нь л хамгийн зөв. Хамгийн гол нь таны хийлгэсэн шүд танд эвтэйхэн байх хэрэгтэй. Хүмүүс хуванцар шүдийг нухаж холгодог муу шүд гэсэн ойлголтой байдаг. Хуванцар шүд ч гэсэн сайн шүд. Маш сайн тааруулж хийх шаардлагатай.
-ТАГНАЙТАЙ ШҮДИЙГ ГУРВАН ЖИЛ Л ЗҮҮХ БОЛОМЖТОЙ-
-Ер нь хиймэл шүд зүүж эхэлснээс хойш хэдий хэр хугацааны дараа эвгүй санагдахаа болих вэ?
-Гадны биет учраас эхний ээлжинд эвгүй мэдрэмж төрөлгүй яах вэ. Таны хиймэл шүдний хийц, хэмжээ хэр байна вэ гэдгээс хамаарч долоо хоногоос нэг сарын хугацаа шаардагдана. Хувь хүний онцлогоос хамаардаг. Хиймэл шүд огт зүүж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгэхээр ийм хүмүүс өөрт таарсан хиймэл шүдээ олоогүй байж магадгүй. Мөн хийлгэсэн шүдээ өөртөө таартал нь эмчдээ үзүүлж, засуулах ёстой байдаг. Оймс, хувцас шиг шууд таны биед таарч, танд таатай санагдахгүй. Хиймэл эрхтэн шүү дээ.
-Хиймэл шүдийг хэдэн жил зүүх ёстой вэ. Авагддаг, авагддаггүйгээсээ хамаарч харилцан адилгүй байх л даа?
-Хамгийн урт наслалттай шүд гэвэл имплант байна л даа. Үүнийг гурав дахь шүдлэлт гэж ярьдаг. Та хүүхэд байхдаа сүүн шүдтэй байсан. Зургаан наснаас хойш байнгын шүд чинь ургасан. Байнгын шүд чинь унасны дараа гурав дахь шүдлэлт буюу имплантыг суулгадаг. Уг нь насан туршдаа байх ёстой л гэж хийж өгдөг. Гэвч хүний өөрийн шүд ч гэсэн сулраад унадагтай адил имплант шүдийг сайн цэвэрлэж угаахгүй, амны хөндийн ариун цэврийг сайн сахихгүй бол унах эрсдэлтэй. Мөн их хэмжээгээр архи, тамхи хэрэглэдэг хүмүүс тулгуур эдийн өвчлөлтөд өртөх магадлалтай байдаг учраас имплант шүд унах магадлалтай. Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд ч гэсэн мөн адил тухайн хүний арчилгаа хамгаалалтаас хамаарна. Авагддаггүй шүдийг өөрийн шүд шигээ л хайрлаж, хамгаалж, арчлах хэрэгтэй.
-Авагддаг тагнайтай шүдний хувьд...?
-Тагнайтай шүдийг дээд тал нь гурван жил л зүүх боломжтой. Яагаад гурван жилийн дотор хиймэл шүдээ солих ёстой вэ гэвэл хиймэл шүдний хуванцар удахаараа хүний нүдэнд харагдахгүй маш жижигхэн микро нүхүүд үүсчихсэн байдаг. Энэ жижигхэн нүхнүүд дээр нян, бактер үүсэж, үржих боломж бүрддэг. Тэгэхээр тухайн хүний ходоод гэдсэнд маш муу. Тийм учраас л таныг гурван жил тутамд хиймэл шүдээ солих хэрэгтэй гээд байгаа юм. Сүүлийн үед энгийн хуванцрынхаа дутагдалтай талуудыг нөхсөн илүү бат бөх, ямар нэгэн химийн бодис ороогүй уян хуванцар гээд гараад ирчихсэн байна.
-ХИЙМЭЛ ШҮДЭЭ АВАХГҮЙ УНТСАНААР ЭРҮҮЛ ШҮД ХОРХОЙ ИДЭХ
МАГАДЛАЛ ИХЭСДЭГ-
-Тагнайтай авагддаг шүдийг шөнө унтахдаа заавал авах ёстой юу?
-Гадны биет учраас шөнө унтахдаа заавал авах ёстой. Та хиймэл шүдээ авсныхаа дараа зөөлхөн үстэй сойзоор угаасныхаа дараа зориулалтын бодис хэрэглэдэг бол зааврын дагуу хэрэглэж, дараа нь цэвэр усанд хонуулах хэрэгтэй. Зориулалтын бодис хэрэглээд сурчихвал таны эрүүл мэндэд л хэрэгтэй. Ямар нэгэн нян, бактер өсөж үржихгүй. Мөн хиймэл шүдний бат бөх байдал сайжрах боломжтой. Хиймэл шүдээ авахгүй унтсанаар эрүүл шүд хорхой идэх магадлал ихэсдэг. Хиймэл шүдээ цэвэрлэхгүй унтдаг бол 1-2 жилийн дараа эрүүл шүднүүд нь хажуугаасаа хорхой идчихдэг. Тэгэхээр хүмүүс хиймэл шүд үрсээр байгаад зүгээр шүд маань хорхой идчихлээ гээд яриад байдаг. Хиймэл шүднээс болж шүд цоорчихлоо биш, буруу хэрэглээд байна гэсэн үг. Авагддаг шүдийг өдөр хоол унд идсэнийхээ дараа цэвэрлэх шаардлагатай. Учир нь хиймэл шүдэлбэр, амны салст хоёрын завсарт хоол хүнсний үлдэгдэл байнга орж хуримтлагддаг. Дутуу цэвэрлэснээс эвгүй үнэр гарч, шүдний өнгө өөрчлөгддөг.
-Танай эмнэлэг хэдэн төрлийн хиймэл шүд хийж байна вэ? Ямар үнэ ханштай байдаг вэ?
-Манай эмнэлэг бүх төрлийн хиймэл шүд хийж байгаа. Үнэ ханшийн хувьд ч гэсэн харьцангүй боломжийн шүү. Манай эмнэлгийн шүдийг “Үнэтэй байна” гэж нэг ч хүн хэлж байгаагүй. Авагддаг хиймэл шүд 35 мянган төгрөгөөс эхэлж байна даа.
-Хуванцар хиймэл шүд хорт хавдар үүсгэдэг гэх яриа байна. Энэ талаар таниас асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Тухайн эмнэлэг таны шүдийг ямар материалаар хийж байна вэ, хүнээ хэр боддог эмнэлэг вэ гэдгээс л хамаарч байна. Тэгэхээр таны хиймэл шүдийг ямар материалаар хийж байна вэ гэдгийг сайн асуух хэрэгтэй. Энэ бол таны эрх. Олон шүдийг хуванцараар хийсэн тохиолдолд 40-50 минут чанах ёстой. Тэгэхээр хор нь гадагшлаад байхгүй болдог. Манай шүдний эмнэлгүүд Орос, Япон, Солонгосоос сайн, сайн материалууд оруулж ирдэг болсон. Муу материалаар хиймэл шүд хийдэг эмнэлэг маш их цөөрсөн.
-Танай эмнэлэг хиймэл шүдэнд ямар материал ашиглаж байна вэ?
-Манай эмнэлэг ОХУ, Япон, АНУ-аас ирсэн материал ашиглаж байна. Жишээлбэл, шаазан шүдний хувьд Япон, АНУ улсаас орж ирсэн материал ашигладаг. Харин хуванцар тагнайтай шүднүүдийг ОХУ-аас орж ирсэн материалуудаар хийж байна.
Хэрвээ та манайхаар үйлчлүүлэхийг хүсвэл 70004191, 99996862 гэсэн утсаар холбогдож урьдчилж цаг авч үзүүлээрэй.
М.АМАРЖАРГАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл