Ц.Ариунбаяр: Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог

Д.Тулга / Эрүүл мэнд

“Цэ-Пү” эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.

-МАНАЙ УЛСАД БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРААС ҮҮДЭЖ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ
ҮРЭВСЭХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-

-25-45 насны эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэх судалгаа гарсан байдаг. Түрүү булчирхай үрэвсэх гол шалтгаан, хүчин зүйл юу вэ?

-Түрүү булчирхай гэх эрхтэн давсаг болон бэлэг эрхтэний завсар байрладаг. Эмэгтэйчүүд доороосоо даарахад цистит болдогтой адилхан эрэгтэйчүүд доороосоо даарах нь түрүү булчирхай үрэвсэх гол шалтгаан болдог. Дараа нь өгсөх замаар олон янзын халдвар орсноор үрэвсдэг. Гуравдугаар шалтгаан бол шулуун гэдэсний хажууд байрладаг учир энэ эрхтэнээс элдэв янзын шимэгч дамжиж үрэвсүүлдэг. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс болон дасгал хөдөлгөөн дутагдалтай суугаа ажлаас үүддэг юм. Өдөржин ажил дээрээ суух, гараад машиндаа суух, гэртээ очоод зурагт үзэж хэвтэх зэрэг амьдралын буруу хэмнэлээс болж түрүү булчирхай мууддаг. Өөрөөр хэлбэл, цусны эргэлтийн зогсонгишлоос үйл ажиллагаа нь алдагддаг. Түүнчлэн уул уурхайн ажил, энхийг сахиулах ажиллагаанд явах зэргээр гэр орноосоо холдож, бэлгийн харьцаанд орохгүй удсанаас үүднэ. Сургуулийн насныхан өдөржин компьютер, РС тоглоом тоглож суух зэрэг олон янзын хүчин зүйл эрэгтэйчүүдийн 80 хувь нь өвчлөхөд нөлөөлж байна.

-Энэхүү эрхтэн эрэгтэй хүний бие организмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Түрүү булчирхай үндсэн хоёр бүтэцтэй. Булчин болон булчирайнаас тогтдог. Булчинлаг бүтэц нь үрийн шингэнийг шахаж гадагшлуулах үүрэгтэй. Харин булчирхайлаг хэсэг нь үрийн шингэний гуравны нэгийг үйлдвэрлэдэг.

-Үрэвссэн тохиолдолд тухайн хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хурц үрэвсэл, архаг үрэвсэл гэж ангилагдана. Харин архаг үрэвсэл нянтай, нянгүй, үрэвсэлтэй, үрэвсэлгүй гэж ялгардаг. Бөгсөн биеийг хамарсан өвдөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, ууц нуруу, цавь, давсаг, төмсөг, шулуун гэдэс зэргээр өвдөлт мэдрэгдэнэ. Дараа нь бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт ажиглагдана. Хурдан дур тавих, шээс дутуу гарах, ойр ойрхон бие засах зэрэг асуудал гардаг. Мөн тодорхой шинж тэмдэг илрэхгүйгээр үрэвсэх тохиолдол ч бий. Хурц үрэвсэлд орвол халуурч, хордлого өгнө. Ийм үед түрүү булчирхайн зүсэлт хийдэг. Гэхдээ ихэнхи тохиолдол нь архаг үрэвсэл байдаг. Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог өвчин юм. Дулаан орны хүмүүс харьцангуй бага өвчилнө. Үүнтэй холбогдуулан зуны улиралд өвчлөгсдийн тоо цөөрч, өвөл болохоор олширдог юм. Манай улсад сүүлийн үед бэлгийн замын халдвараас үүдэж түрүү булчирхай үрэвсэх тохиолдол их байна. Бэлгийн замын халдварт өвчин замбараагаа алдсан.

-Хэрхэн оношилдог вэ?

-Энэ эрхтэн өвдсөн үгүйг оношлохын тулд уг нь шулуун гэдсээр дамжуулан түрүү булчирхайд массаж хийж шингэн шүүрэл гаргах ёстой. Гарч ирсэн шүүрлийг шинжилж онош тогтоодог. Энэ бол олон улсын түвшинд хэрэглэгддэг ганц арга. Харамсалтай нь манай улсад эхогоор үзчихдэг. Эхогоор тогтоох ямар ч боломжгүй. Эхогоор юу ч харагдахгүй тохиолдолд зүгээр байна гээд явуулчихдаг. Нөгөө хүмүүс нь үрэвсэлтэй гэдгээ мэдэхгүй яваад өгдөг. Эцэстээ даамжрах асуудалд хүрдэг юм. Мөн манай эмнэлгүүд бэлгийн замын өвчнийг дан ганц мазокын шинжилгээгээр шалгаад байна. Хэсэг хугацаанд эмчилгээ хийсний дараа дахиад мазокоор шалгадаг. Гэтэл бэлгийн замын өвчин түрүү булчирхай руу нь орчихсон байвал хичнээн удаа мазокоор шинжлээд ч нэмэргүй шүү дээ. Үүнийг цогцоор нь бүрэн оношлодог газар байдаггүйгээс бэлгийн замын өвчнөө бүрэн эмчилж чаддаггүй.

-ЭРЧҮҮДИЙН ДИЙЛЭНХИ ХУВЬ НЬ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛЭЭ
ХҮНДРҮҮЛСЭН ХОЙНОО ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ-

-Нөхөн үржихүй, үргүйдлийн асуудалд хэр нөлөөлөх вэ?

-Түрүүн би үрийн шингэний гуравны нэгийг боловсруулан гаргадаг эрхтэн гэж дурдлаа. Хүний биед үрийн шингэн гэж зүйл ерөөсөө байдаггүй. Харин төмсөгнөөс таван хувь түрүү булчирхайнаас тэдэн хувийг гэх мэтчилэн тал талаас нийлээд үрийн шингэн болж гадагшилдаг. Тийм болохоор үргүйдэлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэвч үрэвссэн тохиолдолд хүүхэдгүй болно гэж ойлгож болохгүй. Томруулж харвал усан үзэм шиг хэлбэртэй. Тэдгээр усан үзэм шиг цэврүүн дотор нь янз бүрийн зүйл хадгалагдсаар байдаг. Тэдгээрийг бие махбод устгаж бардаггүй. Шинж тэмдэггүй түрүү булчирхайн үрэвслийн хэлбэр бас бий. Тухайн хүнд мэдрэгдэхгүй яваад л байдаг. Тийм хүмүүсийг ихэвчлэн эхнэрүүд нь эмнэлэг дээр авч ирдэг. Яагаад гэвэл эхнэрүүд нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээд баахан эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээний үр дүн гарахгүй болохоор нөхрөө эмчилье гэдэг. Ингээд л эмэгтэйчүүдийн эмч нар нөхрүүдэд нь шинжилгээ хийгээгүй байж дур мэдэн янз бүрийн эмчилгээ биччихдэг. Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад гол нөлөө үзүүлж байна.

-Эрчүүд сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдах тохиолдол хэр олон байдаг вэ?

-Эхнэрүүд нь дагуулж ирэх тохиолдол харьцангуй цөөхөн. Ихэвчлэн өөрсдөө арга ядахдаа ирдэг. Уг нь 100 хувь өөрийн удирдлагадаа авч, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин. Бэлгэвч хэрэглэхгүй харьцах, тохиолдлын бэлгийн харьцаанд орох асуудал их байна. Юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс шинжилгээ өгөх ёстой байтал шинжилгээ өгдөггүй. Идээ бээр гараагүй л бол би өвчин аваагүй гэх аль 18 дугаар зууны үеийн ойлголттой хүмүүс байдаг.

-Үрэвслийн үед ямар эмчилгээ, арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Юуны өмнө шинжилгээ авч, дээр дурьдсанчлан ямар төрлийн үрэвсэл болохыг тогтооно. Үүний үндсэн дээр тохирох эмчилгээ хийнэ. Тухайлбал, нянгийн гаралтай байвал нянгийн эсрэг антибиотик хэрэглэх, нянгүй үрэвсэл байвал үрэвсэл дарах эмчилгээ хийнэ. Өндөр үрэвсэлтэй байвал физик эмчилгээнд оруулна. Харин “үрэвсэлгүй үрэвсэл” гэсэн оноштой бол гам бариулах, спортоор хичээллүүлэх зэргээр зохицуулдаг даа. Тухайн хүний өвчний түвшинд тохируулж эмчилгээг сонгож хийх юм. Тухайлбал, нянгийн эсрэг эмчилгээ хийж дуусаад, нянгийн бус эмчилгээ хийх шаардлагатай. Гэтэл тухайн эмчлүүлэгч нян устсан юм чинь эмчилгээ дууслаа гэж ойлгоод, дараачийн эмчилгээгээ төдийлөн тоож хийлгэдэггүй. Харин эмчлүүлсний дараа дэглэм сахих асуудлыг зарим нь даван туулах чадваргүй байна. Архи, тамхи хэрэглэхгүй байх шаардлагатай гэдэг үгийг сонсоод зарим нь муужирч унах шахдаг. Мөн энд тэндээс мэдээлэл олж уншдаггүй, залхуу хойрго ханддаг нь ажилагддаг юм.

-Манай улсад аль төрлийн үрэвсэл зонхилон тохиолдож байна вэ?

-Эрчүүдийн дийлэнхи нь асуудлыг хүндрүүлсэн хойноо эмнэлэгт ханддаг. Ихэнхи тохиолдолд хүнд хэлбэрийн үрэвсэл байдаг. Нөгөө талаар олон эмнэлгээр явж, учир нь мэдэгдэхгүй олон онош тавиулчихаад ирдэг. Монгол Улсын хэмжээнд стандарт оношлогоотой буюу түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ авдаг гурван газар л байна даа. Хоёр дахь зүрх болсон эрхтэндээ асуудал тулгарахад эхнэр, найз нөхөд, дотны хүмүүстээ хэлж чаддаггүй. Дотроо нууж ганцаараа бодож шаналдаг. Тэр бүү хэл танай эмнэлгийн эрэгтэйчүүдийн эмч эрэгтэй юу, эмэгтэй юу гэж утсаар лавлаж байгаад ирдэг юм. Эрэгтэй гэдэг маш том амбиц. Ямар ч асуудалгүй, бүх зүйлийг чадна гэсэн байгалиас заяагдсан эрхтэнээрээ амбицладаг. Гэтэл шөнө босч бие засах, хүссэн үедээ бэлгийн харьцаанд орох чадваргүй байх, таргалалттай байх зэргээсээ болж өвчтэй гэсэн ангилалд орчихдог. Энэ үед түрүү булчирхайгаа бодож гутралд автана даа. Иймд хоёр дахь зүрх хэмээн чухалчлагддаг юм. Манай эмнэлэг янз бүрийн байгууллагуудад ярилцлага, сургалт зохион байгуулдаг. Өнөө өглөө замын цагдаагийн газрын алба хаагчидтай ярилцлага хийгээд ирлээ. Ярилцлагын үеэр эрэгтэйчүүд юу ч асуудаггүй. Дууссаны дараа нууцаар орж ирээд олон зүйл асуудаг. Энэхүү эрхтэнийхээ асуудлыг хэнтэй ч хуваалцдаггүйтэй шууд холбоотой юм л даа.

-ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙГ ЭХОГООР ОНОШЛОХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-

-Энэ талын мэдлэг мэдээлэл хэр хангалттай байна гэж дүгнэж байна вэ?

-Ер нь 10 жилийн сургуулийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоонд сурагчдад онцын ач холбогдолтой, амьдралд хэрэгтэй мэдээлэл дутмаг олгож байна. Хэрэггүй олон онолоор тархи бөмбөгддөг. Амьдрал дээр гараад ирэхээрээ наад захын бэлгийн замын өвчнүүдийн талаар тодорхой мэдлэггүйгээс алдах асуудалд унадаг. Эрүүл мэндийн боловсролыг аль болох багаас нь олгож, тархинд нь суулгаж өгөх хэрэгтэй.

-Түрүү булчирхай томрох асуудал юунаас үүдэлтэй вэ?

-Энэ бол хөгшрөлттэй холбоотой асуудал. Дааврын өөрчлөлтөөс болж түрүү булчирхай томордог. Манай эмнэлэгт түрүү булчирхайн томролттой гэсэн онош тавиулчихсан залуу хүмүүс их ирдэг. Эхогоор энэ өвчнийг оношлох боломжгүй. Эхоны эмч нарт онош тавих эрх байдаггүй. Гэтэл түрүү булчирхайн үрэвсэл, томрол гээд л баахан онош бичээд өгчихдөг. 20, 30 настай залуучуудад түрүү булчирхайн томролын асуудал байдаггүй. Энэ нь 50-иас дээш насныханд тохиолддог өвчин юм. Томрохдоо үрэвсэлтэй хавсарч тохиолдоно. Настай хүмүүс томролоо эмчилдэг мөртлөө үрэвслээ орхигдуулах тохиолдол гардаг. Үүнээс үүдэж хүндрэл үүсдэг.

-Түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд хичнээн хугацааны давтамжтай үзлэг шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай байдаг вэ. Мөн урьдчилан сэргийлэх ямар арга замууд бий вэ?

-Америкийн урологийн эмнэлэг болон бусад улс орнуудын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс энэ өвчнийг ингэж эмчилнэ гэсэн хөтөлбөр гаргаж боловсруулсан байдаг юм. Тухайлбал, тэдээс тэдэн насны хүмүүсийн жил болгон үзүүлэх шинжилгээний жагсаалт бий. Түүнд зааснаар эрчүүдийг түрүү булчирхайгаа заавал массажны аргаар хуруугаар шинжлүүлнэ гэж заасан байдаг юм. Энэ арга XXI зуунд халагдахгүй л яваад байна.

П.УРНАА


Сэтгэгдэл

otgon [66.181.176.14] 2021-09-25 13:09:42

mash heregtei medeelel bnaa.bayarlaa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000