Г.Дэнзэн нар юу гэж МЭДҮҮЛЭВ

Д.Тулга / Хууль

shuuh

-Н.АЛТАНХУЯГ Г.ДЭНЗЭНД САНАА ТАВЬСАНГҮЙ ЮҮ-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:00 цагаас эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн үргэлжилнэ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 20-нд болохоор товлогдсон ч шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өчигдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шүүж байгаа юм. Харин тус шүүх хурлын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг огт харагдсангүй. Тэрээр Л.Гансүхийн шүүх хуралд дотны нөхрийн хувиар оролцож, санаа тавьж байсан билээ.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИД 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН
ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Шүүх хурал нээлттэй явагдсан тул бидэнд Г.Дэнзэн нар яг юуны учир ийн шүүхийн өмнө зогсох болсныг гадна байрлах дэлгэцээр харж, сонсох боломж олдсон юм. Ингээд шүүх хурлын үеэр Улсын яллагч н.Бадамцэцэгийн уншсан яллах дүгнэлтийг дор сийрүүлье.

-Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,

-Мөн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Эрдэнэс тавантолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр, иргэн Баярмаа нартай бүлэглэн Эрдэнэс тавантолгой компаниас 2013 оны нэгдүгээр сарын 08-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендэрт эхнэр Уянгын нэрээр иргэн Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 сарын 26-ны өдөр гаргуулсан, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцөлийг хаасан,

-“Говь повер” компанид давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Түмэнхүүгээр боловсруулуулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулуулсан,

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” компанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлүүлсэн,

-2013 оны зургадугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тухай тогтоол гарч Эрдэнэс тавантолгой компаниас цаашид Өмнөговь аймгийн ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсоны улмаас “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцалсан байхад “Говь повер” компанийн гүйцэтгэх захирал Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7,4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан,

-Улмаар Я.Батсуурийн 2013 оны долдугаар сарын 19-ны өдрийн итгэмжлэгдсэн хүнээр томилогдсон тус компанийн хууль эрх зүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулж "Эрдэнэс Тавантолгой" компани нь “Говь повер” компанийн нэхэмжилсэн 7,4 төгрөгөөс 5.3 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700 сая төгрөгийг хасч үлдэх 4,8 тэрбум төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 4,1 сая төгрөгийн 50 хувь буюу 2 тэрбум төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус эвлэрлийн гэрээ байгуулуулсан, улмаар "Эрдэнэс Тавантолгой" компанид нийтдээ 5.5 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан хэмээсэн юм.

denzen

Г.ДЭНЗЭН: “ГОВЬ ПОВЕР”-ЫГ ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИ ГЭЖ МЭДЭЭГҮЙ

Дээрх хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нар юу гэж мэдүүлсэнийг сийрүүлье.

Анхны мэдүүлэг: -Би “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говь повер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Надад УБЕГ-т ажилладаг танил хүн байхгүй. Тус газар ажилладаг Батцоож гэгчийг огт танихгүй. Харилцаж байгаагүй. Утсаар яриагүй. Би Г.Улзмаа эгчийг зуслан, байшин, газартай гэдгийг мэдэхгүй.

Г.Улзмаа эгчтэй машинд явж байхдаа зуслангийн газрын хажуугаар явж байхад ийм газар байгааг зааж өгч байсан. Уг хувийн сууц надтай хамааралгүй. Миний эд зүйлс яагаад тэнд байгааг мэдэхгүй. Төрсөн эгч Улзмаагийн хувь эзэмшдэг “Хар арслан”, “Эм ай ди би” констракшн компаниудын талаар мэдэхгүй. Норов гэж хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Норов гэж хүнтэй хамтарч компани байгуулах гэсэн асуудал байхгүй.


Хоёр дахь мэдүүлэг: -Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед Тэргүүн шадар сайдын багцаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Тухайн үед сангийн яамнаас Тэргүүн шадар сайд болон шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагдсан нь буруу байна гэж шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл зүйл заалтыг нь нарийн тусгаагүй байсан. Тэргүүн шадар сайдын багцад үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулах, шадар сайдад бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөв батлагддаг байсан. 2010 онд чөлөөт бүсийн зөвлөл гэж байгууллагаас хамаарал бүхий чөлөөт бүсүүдийн худалдан авалтын саналыг хүлээн авч нэгтгэн холбогдох саналын хамт Тэргүүн шадар сайдад албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгээд Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү суурилуулах ажил нэртэй хөрөнгө оруулалтын жагсаалт хэлбэрээр орж ирсэн байсан. Түүний дараа Тэргүүн шадар сайд байна уу, ЗГХЭГ-ын даргын аль нэг нь энэхүү саналуудыг үндэслэн худалдан авалтын жагсаалт хийх тушаал гаргасан.

Тэгээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байна уу, Тэргүүн шадар сайдын аль нэг нь тушаал гаргаж, энэхүү худалдах, худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороо томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаж жагсаалтад дурдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендэр шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компани хүсэлтээ өгч өрсөлдсөн байх. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн “Эн ай ди би” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн.

Тэр компанийн дотоод үйл ажиллагаа яаж явдгийг би мэдэхгүй. Энхболдыг сайн танихгүй. Ер нь бол ардчилсан намд гүйгээд байдаг залуу байсан. Тэр үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас чөлөөт бүсийн зөвлөлөөс ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд боловсруулж гаргасан. Энэ хороонд нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Энэ тендэрт оролцож байсан тодорхой компаниуд материалаа ирүүлсэнээс “Эн ай ди би” компани шалгарсан. Үнэлгээний хорооноос бүх зүйлийг журмын дагуу явуулсан. Үнэлгээний хорооны процесс огт болоогүй мэтээр намайг гүтгээд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргүүн шадар сайдын өрөөнд энэ бүх хурал болсон. Би тэргүүн шадар сайдын зөвлөх байсан учраас ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Энхболд гэж хүн намайг шууд гүтгэн гүжирдсэн байна. Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ нь тодорхой эрхэлсэн үүрэгтэй байдаг.

Компанийн дүрэмд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллаж байна. Миний бие компанийн дүрмийн 9.1-9.13 хүртэл заалтуудыг хэрэгжүүлж ажилласан. Түүнд Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийн эрх үүрэг байдаг. Компанийн үнэлгээний хороо байгуулах процессыг ТУЗ-д танилцуулдаггүй. Тэгэхээр дотоод хулалдан авалтын процесс яаж явагдаж байгааг би мэдэхгүй. Тэгэхээр компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй байсан. Нэмж хэлэхэд би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй. Сүүлд нь эгч маань надад хэлэхдээ Энхболд гэж хүнтэй хамтарч компани байгуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд намайг байр авахад гэр бүлийн гишүүд буюу ээж аав, Г.Улзмаа, Г.Одонгэрэл эгч нийлж надад нийт 150 сая төгрөг өгсөн. Г.Улзмаа эгчийн өгсөн 30-40 сая орчим төгрөг байсан байх. Энэ мөнгөөр би кристал таунд байх байрыг худалдаж авсан. Анх техникийн тодорхойлолтыг замын-Үүдийн Чөлөөт бүсээс боловсруулж ирсэн байдаг.

Тэр тодорхойлолтын төсөвт өртөг нь 200 сая төгрөг болсон байсан. Тэгээд үнэлгээний хорооноос “Эн ай ди би” компанийг шалгаруулсан байсан. Ажлыг энэ компани хийснийхээ дараа улсын комисс очиж хүлээж авсан. Энэ комисст миний бие байсан. Тэр компани хэдэн төгрөгийн ашигтай ажилласан эсэхийг би мэдэхгүй. Бодвол оруулсан хувиараа хоёр хүн нь ашгаа хувааж авсан байх. Өмнө мэдүүлэгт Энхболд гэж хүн надад шууд бэлэн мөнгө өгсөн гэж гүтгэж байна. Би хэзээ ч бэлэн мөнгө аваагүй.


Гурав дахь мэдүүлэг: Намайг "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт оролцоно гэж бодсон юм байна лээ. Тухайн үед миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Тэгээд манай эгч тэр тендэрт орсон байсан. Тэндер авахыг хүссэн юм билээ. Магадгүй хамтран амьдрагч Түмэнхүүтэйгээ тийм зүйлийн талаар ярьсан байж магадгүй. Энэ тендэрт “Хар арслан” гэж компаниараа оролцоод тендэрт шалгараагүй юм билээ.

Миний хувьд тухайн үед Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар арслан” компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөл” гэх компаниудаараа зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэй болно гэж хэлж байсан. Би Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь шаардлага хангаагүй гэж Түмэнхүү хэлсэн. Би Түмэнхүү гэж хүнийг сайн мэдэхгүй юм. Тийм дуртай ч биш. Энэ хүн Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байсан.

Тухайн үед ардчилсан намын тодотголтой хүмүүсийн ажилд орох хүсэлт анкет намын даргын туслах дээр цуглардаг байсан. Би Түмэнхүүгийн анкетийг тухайн үеийн намын даргын туслах Аззаяа гэж хүнд өгсөн. Сүүлд Аззаяа гэж хүн Эрдэнэс тавантолгой компанийн хүний нөөцийн албаны дарга болсон. Ингээд цаашаа хүний нөөцийн албаны дарга нь уламжилж, томилсон байх. Миний хувьд гүйцэтгэх захиралд энэ хүнийг томилж өгөөч гэж хэлсэн зүйл байдаггүй. Манай эхнэрийн гэж хэлэгдэх “Говь повер” компани яаж энэ тендэрт орж сонгогдсоныг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь повер” компани гараад ирсэн. Миний бодлоор үнэлгээний хорооны гишүүд олонхийнхоо шийдвэрээр л явсан байх. Түмэнхүү болон үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон хүн нь л нөлөөлж чадна.

Я.БАТСУУРЬ: ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД МИНИЙ ОРОЛЦОО БАЙХГҮЙ

Анхны мэдүүлэг: -Намайг ажил авахад урд нь гэрээ байгуулсан “Алтан говь” транс ХХК-ийн гаалийн хяналтын талбай үйлчилгээ үзүүлэх хугацаа дуусч байсан тул дараагийн тендер зарлах шаардлагатай болсон. Ингээд 2012 оны эцсээр үнэлгээний хороо байгуулж, гаалийн хяналтын талбайн тендерийг зарласан. Энэ ажлыг Ганболд ахлагчтай үнэлгээний хороо зохион байгуулсан. 2013 оны үйл ажиллагааны төсвийг 2012 оны эцсээр төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэн батллуулсан байсан. Энэ төлөвлөгөөнд гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах төсөв багтсан учир төсвийг дахин ТУЗ-аар батлуулах шаардлага байгаагүй. Батлагдсан төсөвт багтаан тендэр шалгаруулалт явуулсан. Тендэр шалгаруулалтын үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцоогүй. Захиалагчийн хувьд тендэрийн хуульд заасан хяналтыг тавьж ажилласан.

Тэгээд ч хуулиараа миний оролцоо тендэр сонгон шалгаруулалтад байхгүй. Үнэлгээний хороо бие дааж хараат бусаар явуулах үүрэгтэй. Ингээд үнэлгээний хорооноос шалгаруулсан “Говь повер” компанитай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээг миний бие 2013 оны эхээр байгуулсан. Гэрээнд зааснаар “Говь повер” компани манай экспортод гаргах нүүрсийг өөрийн гаалийн хяналтын талбайд буулгаж хэмжиж, пүүлж жигнээд гаалийн бүрдүүлэлт хиж дахин ачиж өгөх үйл ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн. Энэ ажлын хөлсийг гэрээний дагуу гүйцэтгэлээрээ үндэслэн санхүүжүүлэхээр болсон. Тухайн жил бид их хэмжээний нүүрс буюу 5-6 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан учир “Говь повер” компани талбайн их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэмж хийлгүүлж, нэмэлт тоног төхөөрөмж ачиж буулгах машин, пүү зэргийг худалдаж авахыг шаардсан. Тендерийн шаардлагын дагуу тухайн компаниар гаалийн талд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэсэн.

Тендер сонгон шалгаруулалтын дараа ч энэ ажлыг хийлгүүлсэн. Ингээд урьдчилгаа болгож тендэрийн хуулийн дагуу байгуулсан гэрээний дагуу 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг шилжүүлэхэд тус компаниас ямар нэг ажил үйлчилгээ аваагүй байсан. Гэхдээ ажил үйлчигээ авахад энэ шилжүүлсэн төлбөрөөс суутгахаар тохирсон байсан. Энэ нь тендэрийн хуулинд зааснаар хууль ёсны урьдчилгаа төлбөр байсан. Уг тендерийн үнэлгээний хороог өөрчилсөнөө санаж байна. Ер нь бол үнэлгээний хороонд багтсан гишүүдийн ажлын ачаалал, болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан өөрчлөх байдал гардаг. Энэ нөхцлийн дагуу өөрчилсөн байх. Тодорхой санахгүй байна. Энэ гэрээг цуцалсанаар тодорхой хэмжээний төлбөр тооцооны асуудал үүсч, маргаан үүсэх нь тодорхой байсан. Гэрээ цуцалсанаар “Говь повер” компани төлөх төлбөр тооцооноос манай компани хэмнэх зардал, ашиг олох нь олон дахин илүү байсан учир гэрээ цуцлах шийдвэр гаргасан.

Хоёр дахь мэдүүлэг: -Миний хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанид захирлаар томилогдсоны дараа нэр бүхий хэд хэдэн хүнийг Ардчилсан намаас ажилд томил гэж байна, иймд энэ хүмүүсийг томил гэсэн үүргийг ТУЗ-ийн дарга Дэнзэн надад өгсөн. Үүний дагуу би худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын захиралаар Батзоригийг, хүний нөөцийн хэлтсийн даргаар нэг эмэгтэйг, ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр Түмэнхүүг, мөн Дэнзэнгийн эгч Г.Одонгэрэл нарыг тус тус томилсон. Тендэр сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үзэж байгаа бол үнэлгээний хорооны гишүүдэд хөндлөнгөөс өөр бусад албан тушаалтнууд нөлөөлөх боломж нээлттэй. Тухайлбал “Говь повер” компанийн тендерийн асуудалд Г.Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

ТҮМЭНХҮҮ: МИНИЙ ЭХНЭР Г.УЛЗМАА Г.ДЭНЗЭНГИЙН ТӨРСӨН ЭГЧ

“Миний бие 2011 онд Гуравдугаар эмнэлэгт биеэ үзүүлж байхдаа Г.Улзмаатай танилцаж 2013 оны тавдугаар сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарч байгаа эхнэр болох хүн маань байгаа юм. Бид хоёр миний нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэгт байдаг гурван өрөө байранд амьдардаг. Г.Дэнзэн миний эхнэр Г.Улзмаагийн төрсөн дүү юм. “Хар арслан” ХХК-ийг 2011 онд бизнес хийх зорилгоор Норов гэж хүнээс цөөхөн хэдэн төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед захирлаар нь ажиллаж байгаад тус компаниас нэрээ салгаж, өөрийнхөө 40 хувийг хүнд өгөөд яах вэ гэж бодоод Г.Улзмаагийн нэр дээр шилжүүлсэн. Тус компани барилгын ажил хийдэг компани байсан.

Тус компанийг үүсгэн байгуулагч Ганболд, Нарантуяа нарыг огт танихгүй, уулзаж байгаагүй. Зарын дагуу Норовтой л уулзаж, компанийн 40 хувийг авч байсан. 2013 онд Эрдэнэс тавантолгой компаниас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендэрийн үнэлгээний хороонд би нарийн бичгийн даргаар орж ажилласан. Манай худалдан авах ажиллагааны газраас аливаа үнэлгээний хороонд нарийн бичгээр орж ажилладаг юм. Тухайн үед үнэлгээний хорооны даргаар Ганболд, гишүүдээр миний санаж байгаагаар хуульч Төгсжаргал, мэргэжилтэн Одгэрэл, санхүүгийн албаны дарга Чулуунбат нар орж ажиллаж байсан. Тендэрийг нээлттэй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэж боловсруулсан тендэрийн материалыг хүсэлт гаргасан компаниудад тараасан. 14 хоногийн дотор ирүүлсэн матеиарлуудыг хүлээж аваад үнэлгээний хороо хоёр удаа хуралдаж 100 хувийн саналаар “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан. Тус зомпани 17,7 тэрбум төгрөгийн үнийн санал явуулсан байсан. Шалгаруулалтыг тендерийн материалын үзүүлэлтийн дагуу шалгаж, шаардага хангасан компанийг хуулийн дагуу шалгаруулсан.

Тухайн тендерт шалгуулахаар “Говь повер”, “Хар арслан”, “зууны мөрөөдөл”, “Алтанговь транс” зэрэг компани тендэр ирүүлсэнийг санаж байна. Би “Хар арслан” ХХК-ийг эзэмшээд гурван сар болоод буцаагаад өгсөн учраас надад огт хамааралгүй компани гэж үсэн. Тэгээд хүсэлт гаргаад орж ирж байгаа компанийг хүлээж авсан. Энэ компанид оролцоотой байсан талаараа гишүүд болон удирдлагууддаа хэлээгүй. Тухайн үед би өөрийгөө тус компанид ямар ч хамааралгүй гэж үзсэн. Г.Улзмааг хувь эзэмшиж байгааг мартсан байсан. “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүй. Г.Улзмаатай орж гардаг л байсан. Манай эхнэр Г.Улзмаа ийм өндөр цалинтай ажил байна гэхээр нь би өргөдөл өгч энэ ажилд орсон. Г.Улзмаа хэнтэй ярьж яасныг би мэдэхгүй. Намайг ажилд орсоноос 14 хоногийн дараа Г.Улзмаагийн эгч Г.Одонгэрэл манай хэлтэст томилогдож орж ирсэн.

Ингээд хэсэг хугацаанд цуг ажилласан. Миний хувьд Г.Улзмаагийн эгчтэй их уулзаж байгаагүй. Бага зэрэг л таньдаг байсан. Би тухайн үед Г.Дэнзэнг Эрдэнэс тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгааг мэдээгүй. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хурлын тэмдэглэл хөтлөх, үнэлгээний хорооны даргын зарласан хугацааг зарлаж, зар тараах, хурлын бэлтгэл ажил хангах, аж ахуй нэгжүүдэд урилга хүргүүлэх, хуралдаанд гишүүний хувиар оролцож, тендерийн материал боловсруулж, өөрийн санал өгөх зэрэг үүрэгтэй. 2012 оны 12 сарын 28-ны өдөр манай үнэлгээний хороо хуралдаж, сонгон шалгаруулах тендерийн шаардлага, шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулсан.

denzen

ТӨГСБАЯР: АНХНЫ ТЕНДЕР БАЙСАН УЧИР ТУРШЛАГАГҮЙТСЭН

-“Эрдэнэс Тавантолгой" компанийн 2012 оны 12 сард гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендэрт “Говь повер” ХХК шалгарсан байдаг. Ингээд тус компанитай Эрдэнэс тавантолгой компани 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.Гэрээ хэрэгжих явцад буюу 2013 оны зургадугаар сард Засгийн газраас тогтоол гарч Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гүний гаалийн хяналтын бүс байгуулахыг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д даалгасан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрдэнэс тавантолгой ХХК-иас “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг “Говь повер” ХХК-иас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээгээ цуцлахаас учирсан хохирол болох 7.2 тэрбум төгрөгийг Эрдэнэс тавантолгой ХХК-иас нэхэмжилсэн.

Энэхүү иргэний хэрэгт Эрдэнэс тавантолгой ХХК-ны гүйцэтгэх захиралын тушаалаар хуульч Бадмаараг, миний бие итгэлмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Бадмаарагийг амраад ирэх хугацаанд би нэмэлт тайлбар гаргаж шүүхэд хүргүүлсэн. Ганц нэг материалыг шүүхийн шаардлагаар гаргаж өгсөн. Үүний дараа Бадмаарагийн амралт дуусч ажилдаа орсон. 2013 оны есдүгээр сард шүүх хурал болохын өглөө гүйцэтгэх захирал Я.Батсуурь намайг өрөөндөө дуудаж Бадмаарагтай хамт энэ иргэний хэргийн шүүх хуралд оролцоорой гэж хэлсний дагуу би шүүх хуралд оролцсон. Шүүх хурлын явцад миний бие бэлтгэл муу байсан учир ямар нэг хариу тайлбар гаргаагүй. Бадмаараг гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад “Говь повер” ХХК-ийн олох ёстой орлого, алдангиас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдаж байсан. Нэхэмжлэгч талаас алданги нэхэмжлэснээсээ татгалзаж, мөн шаардлагад тусгагдсан олох ёстой орлогынхоо 50 хувийг төлөхийг манай компаниас шаардсан.

Үүнийг Бадмаараг хүлээн зөвшөөрсөн учир хэргийн нөхцөл байдал эвлэрэх нөхцөл байдалд хүрсэн гэж үзээд эвлэрэлийн гэрээ байгуул гэж хэлсний дагуу эвлэрэлийн гэрээ байгуулсан. Миний хувьд уг тендэрийн үнэлгээний хороонд орж ажиллан хэрхэн сонгон шалгаруулалт явуулсан талаар нарийн сайн санахгүй байна. Миний хувьд үнэлгээний хороонд орж ажиллаж байсан анхны тохиолдол байсан. Үнэлгээний хороо 2012 оны 12 сарын 28-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичигт тавигдах шаардлагын талаар хэлэлцэж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 12 сарын 29-ний өдрөөс 2013 оны эгдүгээр сарын 16-ны өдөр болгож өөрчилсөн. Хурлын тэмдэглэлд тусгагдсанаар бол “Говь повер” ХХК хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан гэж бичсэн байна. Тендэрийн материараас харахад “Говь повер” ХХК-д энэ төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй байсан байна. Анхны тендэр байсан учир би туршлага муутай байсан. Энэ компанийг тусгай зөвшөөрөлгүй байсныг мэдээгүй.

Баримтаас харахад “Ёл Ази”, “Зууны мөрөөдөл”, “Говь Нирун”, “Далайн хилэнц”, “Говь повер”, “Тахьдаг хайрхан”, “Цонлун”, “Хар арслан”, “Алтанговь транс” гэсэн компаниудад урилга хүргүүлсэн байна. Энэ компаниудын нэрсийг хаанаас олсныг мэдэхгүй юм. Одоо санахад бид хурал дээр урилга хүргүүлэх компаниудын нэрсийг огт тодруулж тогтоогоогүй. Тэмдэглэлийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан нь хоёр дахь хуудсанд байгаа зүйлсийг баталгаажуулж байгаа хэлбэр биш. Энэ компаниудын нэрсийг бичсэн хуудсыг дараа нь бичиж хавсаргасан гэж үзэж байна. Өмнөх үнэлгээний хороог ямар зорилгоор өөрчилж, биднийг сонгосныг мэдэхгүй. Тендэрийн баримт бичгийг дутуу хянаж үзсэн байна. Анхны тендер байсан учир туршлагагүй л байсан байх. “Говь Повер” ХХК-тай эвлэрэх талаар хэн нэгэн нөлөөлсөн асуудал байхгүй. Харин гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгосон байсан.

ЯЛЛАГДАГЧ БАЯРМАА: Г.ДЭНЗЭНТЭЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ

-Миний бие "Эрдэнэс Тавантолгой" компанитай Гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. Ажиллах явцад биднээр нэмэлт их хэмжээний ажил хийлгэсэн. Тэрнээс биш манайд үйлчилгээ үзүүлэх хэмжээний талбай, тоног төхөөрөмж байсан. 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэлх тайланд тодорхой тусгасан байдаг. Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 3,5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбайн газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн. Тэгээд тэрний дагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан.

"Эрдэнэс Тавантолгой" компаниас шаардлага тавьж нэмэлтээр хийлгэсэн ажлуудыг зөвхөн өөрсдийнхөө зардлаар хийсэн. Тэгээд ч "Эрдэнэс Тавантолгой" ХХК энэ талбайг авснаараа завшсан зүйл байхгүй. Бидэнд ч завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод, “Говь повер” ХХК-ийг хүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьд нь таньдаг байсан Дашдондогоос нэг тэрбум төгрөгөөр 2013 оны нэгдүгээр сард худалдан авч байсан. Компани худалдан авсан төлбөрийн 200 саяыг бэлнээр шууд өгсөн. Үлдэгдлийг нь цувуулж өгөхдөө заримыг нь бэлнээр, бэлэн бусаар тооцож өгч байсан. Би Г.Дэнзэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй.

Б.ЦЭЛМЭГ

ГЭРЭЛ ЗУРАГ Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.