ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр Б.Авид, Ц.Цэрэндорж нарыг сонгожээ
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ээлжит Их чуулган 2024.11.14-ний өдөр хуралдаж, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч нар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгожээ. Чуулганыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нээж, удирдан чиглүүлсэн байна.
ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр академич Бүдээбазарын Авид, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Цэгмэдийн Цэрэндорж нарыг, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар философийн шинжлэх ухааны доктор, профессор Шажинбатын Ариунаа нарыг сонгожээ.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн тэргүүлэгч гишүүдийн тоог Их чуулганаар тогтоодог журамтай бөгөөд 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
Тэргүүлэгч гишүүнээр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, Дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Ш.Ариунаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, академич Т.Галбаатар, Р.Гончигдорж, С.Нарангэрэл, Ч.Содномцэрэн, Ч.Чимэдрагчаа,
С.Чулуун, С.Энхжаргал, МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд, ХААШУА-ийн Ерөнхийлөгч, академич А.Бакей, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, доктор Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, доктор Н.Учрал нарыг тус тус сонгосон байна.
Мөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл 2020-2024 онд ШУА-ийн Тэргүүлэгч гишүүнээр ажилласан эрхмүүдэд хүндэтгэл үзүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл