Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийн нээлт боллоо

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II" төсөл нь 2017-2019, 2022-2026 онд хэрэгжсэн.

Энэхүү төслийн II шатны хүрээнд төвийн бүсийн аймаг, сумдад цаг агаарын автомат 52 станц суурилуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод "Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийг байгуулсан бөгөөд тус төвийн нээлт /2026.06.14/ боллоо.

Тус төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулж, боловсруулах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд сайжруулах ач холбогдолтой юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улсын Засгийн газар иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилтыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгаа”-г онцолж, тус төв ашиглалтад орсноор байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт болохыг тэмдэглэв.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны судалгаа, нүүрстөрөгчийн эргэлтийн үнэлгээ, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон бүс нутгийн гамшгийн эрсдэлийн хамтарсан мониторингийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж байгааг цохон тэмдэглэлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аэрологийн станцуудын мэдээлэл дэлхийн цаг уурын мэдээлэл солилцооны сүлжээгээр дамжин олон улсын тоон прогнозын төвүүдэд хүрч, дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгаа”-г дурдав.

Мөн шинэ төв ашиглалтад орсноор дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа улам бэхжүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.