Т.Аюурсайхан: Европын холбоо Сангийн яам, дэд сайд Х.Булгантуяаг хар жагсаалтад оруулаагүй
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон Монгол Улсын Ерөнхийлөгчид ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлт хүргүүлэх болсон шалтгааных нь талаар ярилцлаа.
-ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ БҮР БАЙХГҮЙ БОЛГОЧИХООГҮЙ-
-Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т заасан “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний хувьд та энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-УИХ-ын гишүүд авлига авдаг, шүүхээр асуудлаа шийдүүлээд ял зэм сонсож байсан тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарсан. Нэг бус удаа прокурорын байгууллагаас хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан байдаг. Хууль хяналтын байгууллага дээр гишүүдийн талаар гомдол ирж, үүнийг нь шалгах тохиолдлууд ч байна. Энэ бүхэнд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг үүднээс хууль хяналтын байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд саад учруулах, дуудахад нь очихгүй байх, мэдүүлгээ өгөхгүй байвал сөрөг байдал үүснэ. Тийм учраас асуудлыг нэг тийш нь болгон шийдэх ёстой. Нэгэнт хууль бус асуудалд нэр холбогдоод байгаа бол хууль хяналтын байгууллага шалгах үүргээ хэрэгжүүлэх учиртай юм. Миний байр суурь ийм л байгаа.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг ерөнхий малгайн дор хариуцлагаас ангид яваад байгаа тал ч байна?
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн нэг малгайн дор нуугдаад, хууль бус үйлдэл хийгээд байна гэж байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж яг юуг хэлээд байгаа юм гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй тохиолдолд гишүүний бүрэн эрх гээд байгаа нь иргэд парламентад өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулж, төрийн бодлого, шийдвэр гаргалцахад оролцох хэлбэрийг хэлж байгаа юм. Энэ утгаараа УИХ-ын гишүүн аливаа этгээдээс хамааралгүй, бие даасан, гадна дотны нөлөөлөлгүй байх ёстой. Иймээс ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн хуулийн хэллэг байдаг. Ингэхээр хувь гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэж ярьж, үүгээрээ аливаад хандах нь зохисгүй гэсэн үг. Гэхдээ халдашгүй бүрэн эрхээ хэрэглэж, сонгогчдынхоо төлөө ажиллах зайлшгүй шаардлага байдаг. Зарим тохиолдолд дарамт шахалт байгаа ч улс төрийн тэмцэл хийх, үгээ хэнээс ч айхгүйгээр хэлэх үе ч байна. Ийм тохиолдолд гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн нэршлийг аваад хаячих юм бол бас хүндрэл үүсэх эрсдэлтэй.
-Нэг ёсондоо ар талгүй гишүүдэд бол халдашгүй бүрэн эрх нь зайлшгүй байх ёстой гэсэн санаа юу?
-Халдашгүй байдал нэрийн дор бүлэглэл болсон, мафижсан, нам дамнасан бүлэглэл нөхдүүд мөнгө хөрөнгөөрөө хууль шүүхийн байгууллагын тодорхой этгээдүүдийг худалдаад авчихдаг. Үүгээрээ халдашгүй байдлаа хангачихдаг, ийм хэлбэр ч байна. Энэ тохиолдолд над мэт бор зүрхээрээ яваа гишүүдийг улс төрийн захиалгатай гар хөлөөрөө дамжуулж, зохион байгуулалттайгаар замаас гаргах, айлган сүрдүүлэх үйл ажиллагаа өрнөх өндөр магадлалтай. Тиймээс ч асуудлыг бид нухацтай ярилцах хэрэгтэй. Гэхдээ цэцийн шийдвэр гишүүний халдашгүй байдлыг бүр байхгүй болгочихоогүй. Би ингэж ойлгосон. Гагцхүү хэрэг төвөгт оролцоотой байж болох гишүүнийг прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх санал оруулах эрх нь илүү нээлттэй болж байна.
-ҮХЦ-ийн шийдвэрийн ард тодорхой улс төрийн нөлөөлөл байх боломжтой юу. Нэр бүхий гишүүнийг түдгэлзүүлэх замаар улс төрийн намын лидерүүд парламентад орж ирэхийн төлөө өрсөлдөнө гэх таамаг ч явж байна?
-Би энэ талаар сайн таамаглаж мэдэхгүй байна. Ер нь прокурорыг хэн томилдог билээ гэдэг асуудал байна. Прокурор дураараа хэн нэгний асууж байгаа гэдэг асуудал яригдах юм бол дагаад бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчтэй болгоомжтой харилцахаас өөр аргагүй байдал үүснэ. Хэрвээ би Ерөнхийлөгчтэй холбоотой тодорхой асуудал дэвшүүлээд тэр нь энэ хүнд таалагдаагүй бол яваандаа ямар эрсдэл үүсэж болох уу гэхчилэн бодох хэрэгтэй. Б.Хурцын томилгоог хар. Яг ний нуугүй хэлэхэд улс төрийн захиалгатай тагнуул хийдэг байдал бий болоод байна. Энэ ч утгаараа асуудлыг илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй л гэж хэлмээр байна.
-Ер нь цаашдаа бид УИХ-ын гишүүдийг тодорхой байдлаар үүрэгжүүлэх, хариуцлагатай байлгах чиглэлд хэрхэн анхаарах ёстой юм бэ?
-УИХ-ын гишүүдийг зайлшгүй хариуцлагажуулах шаардлагатай. Дан ганц хувь гишүүн гэлтгүй УИХ өөрөө хариуцлагатай байх нь их чухал юм. УИХ-аас гарч буй шийдвэрүүд хэрэгждэг байх ёстой. Ингэхдээ хамгийн түрүүнд УИХ гаргаж буй шийдвэрүүдээ өөрөө хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг нь хангуулдаг. Ийм байх ёстой. УИХ-ын гишүүд хууль тогтоох эрхийнхээ хажуугаар батлагдаж буй хууль, бусад шийдвэрүүдэд саналаа хэлэх, өөрчлүүлэх, заримыг нь зөвшөөрөхгүй байх бүрэн эрхтэй. Гэхдээ эрхээ эдлээд яваа байгаа юм шиг мөртлөө зөрчигдөх тохиолдол ч байна. Тухайлбал, гишүүн таван минутад үгээ хэлж, хариултаа авдаг. Хүмүүс нь нэг ялтай юм шиг байдлаар хариулчихаад, гараад энэ асуудал мартагдах жишээтэй. Зарим тохиолдолд УИХ гаргасан тогтоол шийдвэрээ хэрэгжүүлэхгүй, эзэнгүй хаячих тохиолдол ч байна. Өнгөрсөн хавар Монголбанкинд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад, энэ дагуу тогтоол баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл тогтоол нь хэрэгжээгүй л явж байна. Б.Хурцын томилгоон дээр л гэхэд нийтийн сонсгол хийсэнгүй өнгөрлөө. Тусгай хяналтын дэд хороо зарим асуудлаар нь хуралдана гэж алх цохьсон мөртлөө хуралдсангүй. Энэ чинь өөрөө асуудалд хариуцлагагүй хандаж байгаа бас нэг хэлбэр юм. Гишүүдийн ирцийн асуудал ихээр яригдаж, бусдын кноп дардаг байдал шүүмжлэл дагуулсаар байна. Тийм учраас цаашдаа гишүүдэд хариуцлага тооцдог байдалд бодьтой алхам хийх ёстой. Ингэж байж бид цаашаа явах юм.
-ХАР ЖАГСААЛТАД ОРСОН УЛСУУДАД ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛАА ДЭВШҮҮЛЧИХСЭН-
-Европын холбооны хар жагсаалтад багтах эрсдэл бүхий орноор Монгол Улс нэрлэгдсэн. Үүнийг оффшор бүстэй холбон тайлбарлаж байгаа нь анхаарал татсаар байна?
-Энэ асуудал миний яриад л явдаг оффшортой холбоотой. Манайхан оффшорт хэдэн улс төрчдийг л хамаатай гэж үздэг. Бизнес бол байж болох юм гэдэг хандлагыг би эрс буруутгаж байгаа юм. Тэр битгий хэл, Засгийн газрын сайдаар ажиллаж байсан хүн хүртэл “Эрүүл оффшорыг бид хамгаалах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ. Дэлхийн нийтийн чиг хандлагаар бол улстөрч ч байна уу, бизнес ч байна уу. Оффшорт үйл ажиллагаа явуулж, татвараас зугтаах, хулгайлсан мөнгөө нуух үзэгдлийг тэр чигт нь хууль бус гэж үзэж байна. Хаана тэр үр ашиг бий болсон. Тэнд нь татвараа төлөх ёстой гэсэн нэгдмэл зарчмыг барьж байна. Оффшор бүсүүдэд мөнгө нуух үйлдэлд харилцан хяналт тавья. Ашгийг зувчуулдаг үйлдлийн эсрэг нийтээрээ тэмцье. Нэгдсэн мэдээллийн системтэй болж байж үр дүнд хүрнэ гэсэн ийм байр суурин дээр дэлхийн улсууд нэгдэж байгаа. Энэ бүхэн өөрөө олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажил хэрэг болох боломжтой юм. Уг үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн улсуудад эдийн засгийн хориг арга хэмжээ тавьдаг. Үүний эхлэл ерөнхий байдлаар тавигдсан гэж болно. Тухайлбал, санхүүгийн төрөл бүрийн санкциудад хориг тавих, хязгаарлах зэргээр шахалт үзүүлдэг байгаа.
-Манай улс яагаад энэ бүсэд хамааран, нэрлэгдэх болов гэдэг нь бас анхаарахгүй орхиж болохгүй өнцөг юм?
-Дэлхийн 120 шахам улс нэгдэж, оффшорын асуудлыг ил болгохоор ажиллаж байна. Үүний 80 гаруй хувь нь хөгжиж буй орнууд байна. Энэ асуудал өөрөө хөгжиж буй орнуудын амин чухал асуудал байдаг. Яагаад гэхээр, хөгжиж буй улсуудад үндэстэн дамнасан корпорациуд очиж ашиглаад, үүний төлөө тэд татвар төлдөггүй. Харин уг мөнгөнийхээ тодорхой хэсгийг улс төрчдөд нь авлига хэлбэрээр өгчихдөг. Улстөрчид нь өнөөх авлигаа оффшорт нуудаг. Үндэстэн дамнасан корпораци нь татвараас нуугддаг, ийм хэлбэр байдаг. Манай улсад л гэхэд “Рио Тинто” групп байна. Хөгжиж буй орнууд энэ асуудлаа дангаараа шийдэж чадахгүй байна. Ганц Монгол ч биш. “Рио Тинто” л гэхэд үүн дээрээ мэргэшчихээд байна. Энэ бүхний эсрэг олон улсын хамтын ажиллагааны нэгдмэл байдлаар зогсож чаддаг. Тодорхой хөтөлбөрүүдэд улс орнууд нэгдэж, бодитой дэмжлэгийг гаднаас авдаг байдал. Татварын орчноо ил болгох замаар бид бас олон улсын өмнө үүрэг хүлээдэг. Яг ийм зорилгоор Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас уриалга гаргаж, дэлхийн 120 гаруй улсууд нэгдчихээд байна. Гэтэл манай улс энэ жагсаалтад нэгдэх боломжгүй гэсэн албан бичиг илгээчихсэн.
-Та Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн илгээсэн гэгдэж байгаа албан бичгийг хэлж байна уу?
-Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийтдээ 15 багц арга хэмжээг улс орнуудыг хэрэгжүүлэх уриалга гаргасан байдаг. Үүний 4-6 нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнд ордог. Эдгээр арга хэмжээнүүдийг улс орнууд хүлээж аваад боломжийн хэмжээгээрээ хэрэгжүүлээд явсан байна. Манайхаас ч асуудалтай татварын тогтолцоо бүхий улсууд хүртэл хүлээж аваад, хамтрах саналаа илэрхийлцгээсэн. Ийм байхад манай улс “Бид одоогоор үүнд нэгдэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байгаа юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн гарын үсэгтэй, Монгол Улсын Сангийн яамны албан бланк дээр хэвлэгдсэн албан тоот. Уг нь өнгөрсөн оноос хойш манай улсыг энэ жагсаалтад нэгдэх боломжтой эсэхийг асуусан юм билээ. Хариу өгөхгүй нэлээд азнасны дараа өнгөрсөн сард хариугаа явуулсан байгаа юм. Үүн дээр үндэслээд Европын холбоо манай улсыг хар жагсаалтад оруулаад, Дэлхийн дахинд зарлачихсан. Энэ нь олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд маш том хохирол учруулсан явдал болсон. Одоо эхнээсээ хар жагсаалтад орсон нэр бүхий 17 оронд эдийн засгийн хориг арга хэмжээ авах саналаа “ИХ 20”-ийн Сангийн сайд нар дэвшүүлчихсэн байгаа.
-ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖОО ӨӨРЧИЛЛӨӨ ГЭЭД ЖАГСААЛТААС ГАРЧИХГҮЙ-
-Энэ нь Европын холбооны мэдээллээс хойш гарсан санал гэсэн үг үү?
-Европын холбоо 2017.12.05-ны өдөр жагсаалтаа гаргасан. Үүнээс хойш гэсэн үг.
-Тэгэхээр асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, уг мэдэгдлээсээ Монгол Улс татгалзах ёстой гэсэн санаа юу?
-Энэ асуудлаар миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад албан хүсэлт хүргүүлсэн. ҮАБЗ-өөр уг асуудлыг яаралтай авч хэлэлцэн, шинжээчдээр учирсан хохирол болон ирээдүйд үүсэж болох эрсдэлээ давхар шинжлүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид арга замаа тодорхойлно. Ер нь Монгол Улсыг хэн төлөөлөх эрхтэй юм гэдгээ бид энэ тохиолдолд тодорхой болгох учиртай. Европын холбоо Монгол Улсын Сангийн яам, эсвэл дэд сайд Х.Булгантуяаг хар жагсаалтад оруулаагүй. Монгол Улсыг хар жагсаалтдаа оруулсан. Тиймээс Монгол Улсыг төлөөлдөг эрх бүхий субъект нь албан ёсны байр суурийг дахин гаргах хэрэгтэй. Ийм байдлаар дэд сайдын байр суурийг өөрчлөх юм бол Монгол Улс хар жагсаалтаас гарах боломжтой. Бид жагсаалтад нэгдэх байр сууриа илэрхийлчих юм бол тодорхой үүрэг хүлээж, оффшортой тэмцэх дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд нэгдэн орох юм. Энэ бол хамгийн гол учир нь.
-Таныг шууд Сангийн яамны дэд сайдыг буруутай гэж нэрлэхээр дахиад л томилгоотой холбоотой асуудал сөхөгдөж, нэгнээ шахах үзэгдэл гэх тайлбар гарна?
-Бид одоо Оюутолгойг муулаад л байна. Яг нарийн мэдэж байгаа зүйл байхгүй. Зэсээ ачуулаад байна. Ийм байдалдаа бид олон улсын дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Ийм чухал асуудлыг санаатай юм шиг хаасан нь үнэхээр буруу. Хариуцлагатай улс төрийн алба хашиж буй хүн улс төрийнхөө хариуцлагыг давхар үүрдэг тогтолцоо байх ёстой. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргачихаад зүв зүгээр өнгөрөх юм бол бусад иргэд яах юм. Бид иргэдээсээ хуулийн хариуцлага нэхдэг. Торгодог, барьж хорьдог. Тийм мөртлөө сайд, дарга нар нь Монгол Улсад онц хохирол учруулах хэмжээний алдаа гаргачихаад байхад толгойг нь илээд яваад байж болохгүй. Ер нь салбарт нь ямар нэгэн асуудал үүсэх юм бол олон долоон шалтаг тоочоод байхгүйгээр салбарын сайд, дэд сайд нь шууд хариуцлагаа хүлээдэг байх ёстой.
-Засгийн газрын зүгээс татварын хууль тогтоомжоо өөрчлөхөд болох асуудал гэсэн мессежийг өгч буй. Үнэхээр ийм байдлаар өөрчлөлт хийгээд жагсаалтаас гарчих боломж байгаа юм бол асуудлыг ҮАБЗ дээр хэлэлцэх ямар шаардлагатай билээ?
-Татварын хууль тогтоомжоо өөрчиллөө гээд жагсаалтаас гарчихгүй. Дэлхийн 120 шахам улс орон уг жагсаалтад нэгдэх хүсэлтээ илэрхийлснээрээ хар жагсаалтад ороогүй. Гэтэл бид татгалзчихсан. Одоо үүнийгээ ҮАБЗ-өөр хэлэлцэж, эхлээд жагсаалтад нь нэгдэх учиртай. Үүнийхээ дараа татварын орчны шинэчлэлүүдээ хийх хэрэгтэй юм.
Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл