Улаанбаатарт болох Азийн урлагийн их наадамд 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан оролцоно
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон билээ.
Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг 2019 оны зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.
Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4,000 eвро, дэд байр 2,000 eвро, гутгаар байрын шагналтан 1,000 eврогийн шагнал хүртэх юм.
Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Их наадмын хүрээнд нээлт, хаалтын ажиллагаа, зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт, Азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг арга хэмжээ болох юм.
Сэтгэгдэл
Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:34
1234