Чанаргүй хүнсний бүтээгдэхүүн хоол биш хор болох аюултай
Наадам хаяанд ирлээ. Энэ жил дэлхий нийтийг хамарч буй цар тахлын дэгдэлтийн улмаас монголчууд баяр наадмаа уламжлалт ёсоор өргөн хүрээнд тэмдэглэх боломжоор хязгаарлагдаж байгаа. Хэдийгээр цэнхэр дэлгэцээр улсын наадмын үйл ажиллагааг дамжуулан, үзэгчгүй зохион байгуулах ч наадамчин олны бөөгнөрөл үүсэх эрсдэл өндөр. Энэ эрсдэлээс сэргийлэх, иргэдийн хөлөөс дайжуулахын тулд улсын наадмыг хөдөө талд хийх санал гаргасныг албаныхан онцлоод буй.
Баяр наадмын үеэр ихэнх хүмүүс гэр бүлээрээ агаар салхинд гарах юмуу эсвэл зуслан хавиараа баярлах нь дамжиггүй. Иймээс ард иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд хяналт тавьж өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад анхаарал хандуулах нь чухал юм. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-70 хувийг импортоор оруулж ирдэг.
Хэрэв чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд мэдэлгүй худалдан авч хэрэглэвэл хоол биш хор болох аюултай. Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хөргүүр хөлдөөгчтэй, хүнсний баталгаажилтын баримт бичигтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас сонголтоо хийх хэрэгтэй. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо гарал үүсэл, баталгаат хугацааг нь харах зайлшгүй шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд анхааруулдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалж хүнсэндээ хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Юуны өмнө хүнсний ногоо, жимсийг хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлөөс худалдан авч түүхийгээр, угаалгүй, хальслаагүй идсэн тохиолдолд хоол хүнсний гаралтай хордлогод өртөх өндөр эрсдэлтэйг санахад илүүдэхгүй.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй , буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарсаар байгаа юм. МХЕГ-аас өгсөн зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах
- Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
- Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
ХҮНСЭЭ ХЭРХЭН АЮУЛГҮЙ ХАДГАЛАХ ВЭ?
- Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
- Хүнсний бүтээгдэхүүн авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтыг шаардаж авах хэрэгтэй.
- Бүтээгдэхүүний шошгыг уншиж хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, хадгалвал зохих температурт хадгалагдаж байгаа эсэхийг шалгаж аваарай.
- Тасалгааны хэмд удаан хадгалсан бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
- Хүнсийг аль болох бага хэмжээгээр бэлтгэж, түргэн хугацаанд хэрэглэж байх ёстойг санаарай.
Сэтгэгдэл
зочин [124.44.156.207] 2020-06-24 14:54:50
Монголын хүнсний дэлгүүрүүдэд байгаа бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь чанартай вэ? Жигнэмэг, чихэр шоколад, гоймон, чипс, гаа, бохь, хийжүүлсэн ундаа, архи пиво, нөөшилсөн мах, загас, зайдас, ногоо, давсалсан даршилсан ногоо, жимсний чанамал-варенье, компот, цэлцэгнүүр, зайрмаг-мөхөөлдөс, боловсруулсан мах, хиам, зайдас, цагаан гурилын талх, нарийн боов, цагаан будаа, төмс зэрэг нь бүгд хорт хавдрын эсийг үүсгэгч, тэжээгчид гэсэн биз дээ?
Зочин [103.229.122.181] 2020-06-24 05:35:58
Хэ хэ чанаргүй хүнс бараа хэрэглээд удаж байгаа шүү дээ монгол жирийн ард иргэд хорон дунд л байгаа шүү дээ үнэн бодит байдал
Зочин [202.9.40.63] 2020-06-24 03:24:13
Манайхан жимс ногоог худалдаж иаваад сальфеткаар арчаад идэж харагддаг. Угаагаагүй тохиолдолд вирус байж л байгаа шүү дээ. Ялангуяа хөдөөнийх бололтой хүмүүс өөрсдөө идэхээс гадна хүүхдүүдпдээ өгч харагдагаа болих хэрэгтэй. Энэ талын соён гэгээрүүлэх ажил огт хийгдэхгүй юм.Гудамжинд жимс зарж байгаа нөхөд амс гээд зүсээд өгдөг, нөгөөдөх нь амс харагдах юм . үүнийг больцгооёо
Зочин [66.181.161.94] 2020-06-24 01:36:32
Тэгээд яах юм? 2 дахин өндөр үнээр монголд тариалсан ногоо авч идэх гэж үү?