Ц.ЭНХЖАРГАЛ: УРАНЫ ТӨСЛИЙГ МАНАЙ УЛСТАЙ ЗЭРЭГ ЭХЛҮҮЛСЭН КАЗАХСТАНЫ КАТКО КОМПАНИ ЖИЛД 2500 ТОНН УРАН ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛЧИХСОН

Aдмин / Нийгэм

-100 грамм уранаас 60 тонн нүүрс шатаахтайтэнцэх эрчим хүчийг гаргаж авдаг-

“Бадрах Энержи” компанийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагаа хариуцсан захирал Ц.Энхжаргалтай ярилцлаа.


-Иргэний нийгмийн байгууллагууд саяхан орон нутагт, тэр дундаа ураны төсөл хэрэгжүүлж буй танай компанийн бүсэд малчдын эрх зөрчигдөж байна. Хүн, мал хордож байна гэсэн судалгааг танилцуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ер нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн энэ удаад ч биш өмнө нь ч ийм байр суурь илэрхийлж ирсэн. Орон нутагт яг юу болж байна вэ. Бодит мэдээллийг өгөхгүй юү?

-“Форум Азиа”, “Хүний эрх, хөгжлийн төв” гээд ТББ-ууд хамтарсан судалгааны тайлангаа саяхан олон нийтэд хэвлэлийн бага хурал зохион байгуулан танилцуулсан. Тус судалгааг Дорноговь аймгийн Хатанбулаг, Даланжаргалан,Улаанбадрах суманд хийсэн юм билээ. Судалгааны үр дүн танилцуулах хэвлэлийн хурал дээр уул уурхайг эсэргүүцэгч талын байр суурийг илүүтэй илэрхийлж байна уу гэдэг сэтгэгдэл төрж байлаа. Мэдээж хэрэг хүний эрхийн асуудлыг хаа хаанаа анхаарах ёстой. Тэглээ гээд энэ асуудлаар далимдуулаад компанийн нэр хүндэд халдаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч болохгүй.

Манай компанийн хувьд Монгол Улсад 26 гаруй жил ажиллаж байна. Бид дэлхийд 12 дугаарт орох ураны том ордыг нээсэн. Энэ бол стратегийн орд газар. Манай компанибараг 15-16 жил хайгуулын ажил хийсэн. Орд нээхэд олон жил мөн багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг шүү дээ. Дараа нь үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сарыг дуустал Зөөвч-Овоо орд дээрээ үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж, 10.4 тонн ураныг олборлож цацрагийн аюулгүй ажиллагааг ханган талбай дээрээ хадгалж байна.

Иргэний нийгмийн байгууллагын судалгаагаар уул уурхайн компаниудыг иргэдэд дарамт учруулдаг, орон нутагт хөрөнгө оруулалт хийдэггүй, хийсэн ч авлига хээл хахуульд автсан, засаг дарга нарт нь мөнгө өгдөг, ажилтнуудаа дарамталдаг гэх мэт мэдээллүүдийг олон нийтэд өгч байна. Энэ бол манай компанийн зарчимд огт нийцэхгүй, нэг төрлийн худал гүтгэлэг. Уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд огт нөлөөлөлгүй байна гэж үгүй. Харин бид байгаль орчин болон хүн малын эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө багатайгаар олборлолтын үйл ажиллагааг хийж, ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэгт анхаарч, зорьж ажиллаж байна.

-Уул уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллаж, орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг жишиг байдаг. Гэтэл танай компанийг орон нутагт дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүй гэсэн байна. Үнэн үү?

-Манай компанийн хувьд сүүлийн туршилтын үйл ажиллагааг явуулах хугацаандаа орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан. Гэрээ одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тус гэрээг Зүүнбаян баг болон Улаанбадрах сумын Засаг дарга нартай байгуулсан, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажил үргэлжилж байна.

Манайх уул уурхайн үндсэн олборлолтынхоо төсөл рүү бүрэн ороогүй байгаа шүү дээ. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан Орд ашиглах гэрээний дагуу үйлдвэрлэлийн туршилт хийх чиглэлтэй тул бид хэд хэдэн зорилтыг тавьж тус туршилтыг хийсэн. Нэгд, бид байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд хор нөлөө багатайгаар энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулах зорилготой. Хоёрт, техник технологийн параметрүүдийг нарийвчлах, тухайлбал химийн бодисын хэрэглээ, ордын өөр өөр нөхцлүүдийг нарийн судлах, гуравт, хяналтын ажилд ард иргэдийг хамруулах, олон нийтэд үнэн зөв бодит мэдээллийг хүргэх зорилготой байсан. Энэ туршилт маань амжилттай болсон. Уран олборлож байгаа үйл явцыг малчид, төрийн албан хаагчид, оюутнууд, хяналтын бүлгийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй үзэж, зөв ойлголт мэдээлэл авсан. Энэхүү танилцах ажил одоо ч үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд Монголын гидрогеологичдын нийгэмлэгийн гишүүд танилцсан байх жишээтэй.

Та хөрөнгө оруулалтын талаар асуулаа. Бидний хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөгжлийн долоон чиглэлийг орон нутагтай хамтраад тодорхойлчихсон, тэр хүрээндээ ажлаа үргэлжлүүлж байна. Эдийн засгийн хөгжил, усны хүртээмж, цахилгааны хүртээмж, соёл урлаг, спорт, боловсрол, хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр хувь нэмрээ оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ тэдгээр төслүүдийг бид зохиодоггүй. Төслийн санаачилга орон нутгаас гардаг. Бидний хамтын ажиллагааны гэрээ нэрээр ямар ч хамаагүй дурын төсөлд мөнгө зарцуулна гэсэн үг биш. Төслүүдээ эрэмбэлэн шалгаруулах, ямар чиглэлийн төсөл байна вэ, үр ашиг нь нийтийн сайн сайхны төлөө байх ёстой, ашиг сонирхлын зөрчилгүй байх гээд олон шалгууртай. Дээр нь төслийн хэрэгжилтийг хянадаг бүтэцтэй. Өнгөрсөн 2018-2022 оны хугацаанд “Бадрах Энержи” ХХК орон нутагт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2023 онд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төслүүдээ шалгаруулаад байна.

-Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Тодруулж ярьж өгөөч?

-Хөрөнгө оруулалтын ажлуудын заримаас нь дурдъя л даа. Улаанбадрах сумын хувьд хашаагүй сум шүү дээ. Тиймээс сумыг хашаалж хороолол үүсгэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Хоёр хэсэг бүхийн хороолол үүсгэж байгаагийн нэг талын гудамжийг манай санхүүжилтээр байгуулсан. Мөн манай компани сумын шинэ суурьшлын бүс рүү цахилгаан татаж, иргэдийн тав тухтай амьдрах боломжид тодорхой хувь нэмэр оруулсан. Сумын эмнэлгийн засварыг тодорхой хэсгийг өнгөрсөн жил хийсэн. Энэ жил үргэлжлүүлэн хийнэ. Сургуульд хүүхдийн аюулгүй орчныг сайжруулах зохилгоор хашааг нь шинэчлэх ажлыг хийлээ. Өмнөх жилүүдэд сургуулийн компьютерийн кабинетыг шинэчлэх, ковидын үед бага насны хүүхдийн биед тохирсон сандал ширээтэй таван ангийг тохижуулах зэргээр хөрөнгө оруулалтууд багагүй хийгдсэн. Суманд фитнестэй боллоо, музейгээ шинэчиллээ, одоо Иргэдийн танхимыг тохижуулж байна. Соёлын төвийн хөгжим аппаратурыг хоёр дахь удаагаа шинэчлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд бид 60 орчим худгийг нөхөн сэргээсэн. Худгуудад эрүүл ахуйн бүс тогтоох, лайдаж цэвэрлэх, таглаатай болгох зэргээр тохижуулалт хийсээр ирсэн. Энэ жил ч үргэлжилнэ.

Улаанбадрахад очоод үзвэл ард түмэн манай компани юу, юу орон нутагт хийснийг мэднэ, бас баяртай ч байдаг. Саяхан 2022 оны төслүүдийг хүлээж авах нээлтийн арга хэмжээг Улаанбадрах сумаас зохион байгуулсан.

-Орон нутгийн иргэд усны асуудлыг нэлээд хөнддөг. Усанд хордож мал амьтан үхэж байна, генийн өөрчлөлттэй үр төл гаргаж байна гэж ярьж ирсэн шүү дээ. Усны асуудал үнэхээр байдаг хэрэг үү?

-Өнөөдөр малчдын маань ярьдаг зүйл бол уул уурхайн үйл ажиллагаагаар ус хордуулаад байна, түүнийг нь уусан мал хордоод үхээд байна, эрүүл мэндэд нөлөөлж байна гэдэг. Иргэд гүний худаг гаргуулахыг хүсдэг. Гэвч бид байгалиасаа ураны орд байгаа газар гүний худаг гаргаж өгч болохгүй. Малчдын худгийн гүн нь 15-20, зарим нь 60 метрт байдаг. Харин манай олборлолтын гүн бол 150-170 метрийн гүнтэй. Эдгээр уст үеүд хоорондоо ямар ч холбоогүй. Геологи хайгуулын ажил эхэлсэнтэй зэрэгцээд л газрын доорх усны судалгаа хийгдэж ирсэн. Уст үе гээд ярихаар газрын дор цалилзсан далай шиг ус байна гэж боддог. Үүнийг судалгаагаар баталсан. Гэвч газар ухахаар нойтон элс, шороо гардаг шүү дээ. Тэр бол уст үе, усны шүүрэл байна гэсэн үг. Тиймээс ус хордуулах, сөрөг нөлөө учруулах үндэсгүй юм. Олон хөндлөнгийн хяналт судалгаагаар ч манайхаас үүдэлтэй бохирдол, сөрөг нөлөө байхгүй байна гэдгийг баталсан.

Ураныг газрын доор уусган олборлох технологийг манай улсад анх удаа хэрэглэж байгаа учраас хүмүүс сайн учирлаж ойлгохгүй байгаа. Мэдээж хүн эргэлзэх эрхтэй. Бид нар тайлбарлах ч ёстой. Энэ ажлаа хийсээр л байгаа. Олон нийтийн сүлжээгээр бид нээлттэй мэдээлэл өгдөг. Уурхай дээр ирээд үзье гэхэд хэн бүхэнд нээлттэй. Манай компанид ханданМУИС-ийн Байгаль орчны факультетын ангийн оюутан хандаад семинарынхаа хичээлийг хийх гэсэн юм, мэдээлэл өгөөч гэж хүссэн. Бид дуртайяа зөвшөөрч, семинарынх нь хичээл дээр очиж технологи болон төслийнхөө талаар мэдээлэл өгч, үргэлжлүүлээд тухайн оюутнуудыг ангиар нь хээрийн анги дээрээ уриад танилцуулж байлаа.

Төрийн бус байгууллагууд судалгаа хийх нь зөв. Олон талын үзэл бодол, ургальч үзлийг сонсох хэрэгтэй. Гэхдээ хамгийн бат зогсох ёстой зарчим бол олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах, олон талын мэдээллийг хүргэх явдал юм.

-Таны яриагаар бол ураны олборлолтоос болж малчдын эрх зөрчигдөж байна гэх судалгаа үндэслэл муутай гэж харагдаж байна. Зөв үү?

-Бид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангаа багийн хурал дээр хэлэлцүүлж байхад биднийг шүүмжлэх хүмүүс байдаг, эсэргүүцэх ч хүмүүс байна. “Та нар нутаг орон бохирдуулж байна эсвэл энэ ажлаа сайжруул, би танайд ажиллах хүсэлтэй байна” гэх мэтээр хүмүүс өөр өөрийн үзэл бодлоор ханддаг. Энэ нь эдгээр хүмүүсийн эрхийн асуудал. Нэг нь ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй байна, нөгөөх нь аюулгүй орчныг шаардах эрхтэй. Гол нь хэн хэний эрх зөрчигдөх ёсгүй.

Судалгаанд аль аль талын бодит байдлыг тусгаагүй гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байна.Үнэхээр хүний эрхийн асуудал хөндөж байгаа бол яаж ойлголцох, асуудлыг нэг талд нь хэрхэн гаргах талаар зөвлөмж өгөх байсан байх. Гэтэл зөвлөмж нь хангалтгүй, судалгаа дутуу, нэг талыг барьсан байна гэж үзэж байгаа.

-Ураныг эсэргүүцэх хандлага нэлээд удаан хугацаанд үргэлжилж байгаа. Жагсаал цуглаандаа ч хүрч байсан удаатай. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд ийм асуудал тун хүндрэлтэй биз?

- Манайх Монгол Улсын Засгийн газрын оролцоотой компани шүү дээ. Бид худал мэдээлэл бүр дээр хариу өгөх шаардлагагүй. Өмнөх хийх ажлаа хийгээд л явж байгаа. Хамгийн гол нь үүн дээр бид цаг хугацаа маш их алддаг юм байна. Түүнийг дагаад мэдээж эдийн засгийн хохирол амсч байгаа.

Өнөөдөр манай компанитай төсөл нь бараг зэрэг эхэлсэн Казахстан улс дахь “Катко” компани нь аль хэдийнээ жилд 2500 тонн уран гаргадаг үйлдвэрлэгч болчихсон байна. Гэтэл манайх нэг гараанаас эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үндсэн үйлдвэрээ ч бариагүй явна. Дээр нь олон улсад ураны үнэ өсөөд байдаг.

Уран гэхээр хүмүүс айгаад байдаг. Нүүрс байсан бол шал өөр хүлээж авах байх л даа. Хүүхэд ч нүүрсийг мэднэ шүү дээ.Ураныг бид амьдралд олон зүйлд ашиглаж байгаа.Тэгэхээр энэ талын мэдлэг мэдээллийг хүүхэд байхаас нь физикийн хичээлээр нь дамжуулж, зөв ойлголт мэдлэгийг өгөх ёстой юм байна гэж хардаг. Манай ажилтнуудын авч буй цацрагийн хувийн тун зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-13 дахин бага байна. Цацраг гэхээр иргэд айдаг, эргэлздэг. Гэтэл нүүрс өөрөө цацраг идэвхт. Онгоцоор Улаанбаатараас Парис уруу нисэхэд манай сайтын хажууд амьдарснаас өндөр цацрагийн тун авах боломжтой. Эмнэлгээр үйлчлүүлж рентген зураг авахуулахад цацрагийн тун авч байна. Хүнсний технологи, ариутгалд ч цацрагийг ашиглаж байна. Ер нь цөмийн эрчим хүч ногоон эрчим хүч гэж тооцогдож байна шүү дээ. 100 грамм уранаас 60 тонн нүүрс шатаахтайтэнцэх эрчим хүчийг гаргаж авдаг. Цацрагийг бид журмынх нь дагуу хянаж, аюулгүй байдлыг хангаад ажиллах боломжтой. Бид чадаж ч байгаа.

-10.4 тонн уран олборлоод хадгалж байгаа гэж та ярилаа. Танай төслийн цаашдын төлөв, зорилго юу вэ?

-Энэ бол Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа цааш явах төсөл юм. Хөрөнгө оруулалтын гэрээний ажил эхэлсэн. Ер нь манай үйлдвэр ирээдүйд нэг ээлжиндээ 400-450 гаруй хүн ажиллана. Хоёр ээлжээр ажиллана гэхээр 800-900 хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс бодлогодоо цацраг идэвхит ашигт малталын олборлолт боловсруулалтын салбарын шар нунтаг хүртэл хөгжүүлнэ гэж тусгасан. Тэгэхээр шар нунтаг гаргаж аваад түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж экспортын бүтээгдэхүүн болгоод явах юм. Энэ бол хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэгдэх асудал.

Ирээдүйн төсөл хэрэгжихэд 1.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, 30-40 гаруй жилийн ашиглалт болон хяналт мониторинг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөж байгаа.

-Уран бол дэлхийд хамгийн өндөр, эрэлттэй хэрэглээ болж байна. Манай улс өөрөө ураны нөөцөөрөө дэлхийд нэлээд дээгүүрт явдаг. Тиймээс олборлолтоос гадна цахилгаан эрчим хүч гаргаж авахад ашиглах боломжтой гэж цөмийн физикчид ярьдаг. Тийм боломжтой юу?

- Сая дурьдсан Казакстаны “Катко” компани нь манай “Орано” группийн салбар компани. Тус компанийн эргэн тойронд уран олборлох ижил үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй компани бий. Тэр олон компани зэрэгцэж ажиллаад, эргэн тойронд нь нутгийн малчид малаа маллаад хэвийн амьдарч байна. Манай орон нутгийн малчид хүртэл тэнд очиж газар дээр нь үзэж, малчидтай нь уулзаж, мал төхөөрүүлэн гэдэс дотрыг нь хүртэл харж байсан шүү дээ. Тэнд ямар ч хор хөнөөл байхгүй байгааг нүдээрээ үзээд ирсэн байдаг.

Манай улсын хувьд атомын цахилгаан станц барих асуудал бол тусдаа. Ер нь яагаад барьж болохгүй гэж. Боломжтой. Жижиг оврын станцтай болох бүрэн боломжтой. Манайхан уран гэхээр айж, туршлагагүй, хянаж чадахгүй, мэргэжилтэн байхгүй гэж шүүмжлдэг. Туршлагыг бид хаанаас олж авах юм бэ. Хийж, туршиж үзэж байж л эхэлнэ шүү дээ. Туршлагатай газар л ураныг ашигладаг гэж үзэж болохгүй. Манай компанид гэхэд л туршилтын үйл ажиллагаан дээр гадаадын хоёр эксперт л ажилладаг, бусад нь бүгд монгол залуус, бүр орон нутгийн залуус ажилласан. Монгол залууст чадахгүй зүйл байхгүй, бид суралцаж бас хийж чадна.

Ц.УЯНГА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.127.167] 2023-04-25 18:07:44

Зайлцгаа. Газраа ухуулах хэнд хэрэгтэй юм

njuty [192.82.68.43] 2023-04-25 17:30:57

Оросуудын хөатгаасаар С,Баяр үргэлжлүүлээд Сү Батболд нар канадын компанийн лицензийг цуцалж Монгол 80 сая доллар буюу одоогийн ханшаар 300 тэрбум төгрөгийн өрөнд Монголыг оруулсан 300 цэцэрлэг барих мөнгө Одоо үхэр Монголчууд та нар МАН эсвэл Сү Батболдоос энийг асууж чадах уу Оронд нь СҮ батболд яаж тансаглаж байна ,,,, Заяа чинь

Зочин [66.181.176.28] 2023-04-25 12:21:52

Хичнээн том орд олдоод , олон орд ашиглаад монголын ард түмний амьдралд наалдаж байгаа юм огт алга.Харин ч өрийг өрөөр дарж өр тавьсаар л байна.Одоо ховдод уудаг усны дэргэд уран болон хүнд металл олборлохоор зүтгэж эхлэж байна. Хүмүүсээ химийн хороор хордуулах нь дээ.Та нар эмнэлэгт зөндөө олон цацраг туяагаар эмчлүүлж байна гэж загнаж байгаад уудаг усны минь дэргэд уран , хүнд меиалл олборлох санаатай ҮГҮЙ ШҮҮ.

Зочин [120.17.199.193] 2023-04-24 21:32:55

Sda ene orosuudiin gar hul bolj baruunii hurungu oruulaltiig zailuuldg orosuud urand hyanalta tavih gj zutgeed bgaag oilgodoggui gulugnuudiig shorond hii. Eh ornoosoo urwasan gulguud

Зочин [66.181.176.28] 2023-04-25 12:11:50

1990 оноос хойш 2015 он хүртэл баруун аймгууд казакстанаас гурил зөөв.ЗХУын үеийн цөмийн туршилтын талбай мөн пуужин хөөргөх талбай байдаг байв.Баруун монголчууд тэр үед хорт хавдраар улсдаа тэргүүлж байв.Одоо дотооддоо гурилынхаа хэрэгцээг бүрэн хангаж эхлэснээс хойш хорт хавдар эрс багассан даа.Цөмийн туршилт , сансрын хөлгийн шатахуун зэрэг газарт тариалан их тарьж эспортлож хор хөнөөлийг нь багасгадаг юм байна шүү.Юугаар дутлаа гэж уранаар оролдох гээд байгаа юм бэ.

zochin [202.21.114.93] 2023-04-24 18:05:50

hayagdalaa yaj ayulgui hadgalah ueee/ hatuu chand hadgalahgui bol /hariutslag chuhal shvv/ bi hariutsan gej baigaa humuus ger oron ger bulee hajuud ni ami testee hiigeerei

Pee [202.55.191.130] 2023-04-24 14:16:44

Zuvlultiin Uranii uurhai buten nuuts hot barij baigaad horigdluudaar uhuulaad tatvar tulbur tuluus tuluhgui achaad yavdag baisan uyd yu ch yaridaggui baisan biz dee? odoo yaatsiin?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.