СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЖИРЭМСНИЙ ЭМГЭГҮҮД, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ШАЛТГААН НЬ УТАА БОЛЖ БАЙНА ГЭВ

Aдмин / Эрүүл мэнд

“Агаарын бохирдлын сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд агаарын чанар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 27 дахин илүү бохирдож, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт уушгины хатгалгаа өвчин орж байна” хэмээн анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа манай сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн. Тэгвэл агаарын бохирдол жирэмсэн эх, урагт хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа.


Сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгшил, зулбалт, дутуу төрөлт зэрэг нь Монгол Улсад ихээхэн нэмэгдэж байна. Үүний шалтгаан юу болохыг тодруулахаар Өргөө амаржих газрыг зорилоо. Өргөө амаржих газрын шинэ байрны нэг давхарт нөхөн үржихүйн тасаг байрлана. Энд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн жирэмсэн эхчүүд үйлчлүүлдэг байна. Нөхөн үржихүйн тасгийн үүдэнд арав гаруй эмэгтэй сууж байв. Нэгэн жирэмсэн эмэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ гаргахгүй байхыг хүслээ.

-Та ямар үйлчилгээ авахаар ирсэн бэ?

-Би одоо гурван сартай жирэмсэн. Ураг минь хэвлий дотроо өсөлтгүй гэсэн онош тавигдсан. Тиймээс энд үр хөндөлт хийлгэхээр ирлээ.

-Юунаас болж ураг өсөлтгүй болдог юм бол?

-Ураг эхийн хэвлийд амьгүй болох, өсөлтгүй болох нь олон янзын шалтгаанттай гэсэн. Ихэвчлэн эхийн эрүүл мэндийн байдал, эхэстэй холбоотой байдаг. Эхэс нь эх болон ургийг холбох чухал эд бөгөөд урагт хүчилтөрөгч, шим тэжээлийг дамжуулдаг. Тэгээд агаар, орчны бохирдол, идэж буй хоол хүнс гээд олон зүйлээс хамаардаг юм байна.

-Уг нь та жирэмсний үеийн эмчийн хяналтдаа орсон байсан уу. Хянуулаад явж байхад тань эмч юу гэж байв?

-Хяналтын эмч зүгээр байна. Та хоёр эрүүл саруул сайхан торниж байна л гэдэг байсан. Тэгээд гурван сартай үеийн ЭХО-д харуултал зүрхний цохилт нь сонсогдохгүй байна. Та яаралтай Нэгдүгээр төрөхөд үзүүлж, нарийн шинжилгээнд хамрагд гэсэн. Тэгээд энд иртэл ийм онош тавигдаад одоо авахуулахаас өөр арга байхгүй гэнэ. (уйлав) Өргөө амаржих газарт иймэрхүү шалтгаантай олон эх ирдэг аж. Энэ нь юутай холбоотой талаар Өргөө амаржих газрын эх барих, их эмч Д.Ариунаагаас тодруулахад “Эмгэг болон эндэгдэлд нөлөөлөх олон шалтгаан байдаг ч нийгмийн гол асуудал болох цэвэр агаарын дутагдал буюу хүчилтөрөгчийн хангалтгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байна. Эхчүүдийг хотоос зайдуу салхилуулах нь бодитой шийдэл гэж үзэж байгаа. Харин хотоос гарах боломжгүй эхчүүд "Хүчилтөрөгч" буюу "02" бэлдмэлийг хэрэглэхийг санал болгож байна. 2005-2007 онд хүнсний чанаргүй бүтээгдэхүүний нөлөөгөөр тагнай цоорхой, уруул сэтэрхий хүүхэд төрөх нь элбэг байсан бол сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгүүд, хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь хотын утаа болж байна” гэлээ. Өргөө амаржих газрын нөхөн үржихүйн тасгийн үүдэнд сууж буй жирэмсэн эхчүүд энэ мэт шалтгаантай иржээ. Нэг жирэмсэн эх үр нь тогтохгүй зулбах эрсдэл өндөр гэв. Дахин нэг эх өсөлтгүй жирэмсэн болсон байв. Мөн хүсээгүй жирэмслэлтийг энд үр хөндүүлэхээр ирэх тохиолдол олон байдаг юм байна. Ингээд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорив. Утаанаас шалтгаалсан ураг, үр зулбалтын талаар мэдээлэл тодруулахыг хүслээ.

НЭМҮТ-ийн тандалт судалгааны мэргэжилтэн Б.Нарантуяа ярихдаа “Канад улс дахь Саймон Фрейсерийн их сургуулийн судлаачид 2011 онд Улаанбаатарт ирж судалгаа хийхдээ нас барсан арван хүний нэг нь агаарын бохирдлоос үүдэж амиа алдсан гэх тоо баримт бий. Лос-Анжелос хотын хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Сабан судалгааны хүрээлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн зулбалт, улирлаас шалтгаалсан агаарын бохирдол хоёрын хооронд маш хүчтэй статистик хамаарал байгааг судалж тогтоожээ. Уг хүрээлэнгийн судалгаагаар 10 мянган эмэгтэйн мэдээллийг цуглуулж, улирлын чанартай агаарын бохирдол, үр зулбалтын холбоог тодруулах судалгаа хийсэн байна. Тавдугаар сард нэг мянган амьд төрөлт тутамд сайн дурын 23 удаагийн үр хөндөлт байсан бол арванхоёрдугаар сар болоход мянган амьд төрөлт тутамд 73 удаагийн үр хөндөлт хийгдэж байжээ. Тэгэхээр хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь юутай холбоотой гэхээр ургийн гажиг, дутуу төрөх эрсдэл, амьгүй ураг, өсөлт зогсох гэх мэт олон шалтгаантай. Энэ бол 2015 оны тоо баримт” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд “Агаарын бохирдол ургийн өсөлт саарах, танин мэдэхүйн хөгжил муудах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн судалгаагаар амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд энэ хэмжээ 7.8 хувьтай байгаа юм. Өсөлтгүй жирэмслэлтийн дараа эмэгтэйчүүдийн 1-2 хувь нь гурав болон түүнээс дээш удаа зулбах эрсдэлтэй. Мөн монгол эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрчээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоожээ. 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэсэн таагүй мэдээг тус судалгааны багийнхан өгөв. Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусаж байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов. Гавьяат эмч, клиникийн профессор Д.Мянгаа “Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолой бөглөрөх өвчин буюу бронхиттой. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй” гэлээ.


Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч Л.Сарантуяатай ярилцлаа.


-Утаанаас үүдэлтэй хүүхдүүдийн дундах уушгины өвчлөл нэмэгдсэн гэдэг. Танд энэ талаар тоо баримт бий юу?

-Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод байгаа. АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран уушгины бронхит, сүрьеэгийн судалгаа явуулсан байдаг. Тус байгууллагынхан нийслэлийн 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх судалгааг хийсэн. Судалгааны эхний үр дүнгээр сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч байжээ. Түүнчлэн судалгаанд оролцуулсан хүүхдүүдийн заримынх нь уушгины уг өргөссөн, булчирхай нь томорсон, хамгийн гол нь уушгины зураглал тодорч, бронхиттой болохыг оношилсон байна. Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан.

-Өвлийн улиралд утаа эрс ихэсдэг нь урагт хэрхэн нөлөөлдөг бол?

-Өвлийн хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг гэх судалгаа бий.

-Үр зулбалт болж буйг жирэмсэн эхчүүд мэдэх боломжтой юу?

-Үр зулбалтыг дотор нь эрт үеийн, хожуу үеийн гэж ангилна. Эрт үеийнх нь 12 долоо хоног доторх ургийг хэлдэг. Үүн дотроо тулгарсан, эхэлсэн, явуут, бүрэн бус зулбалт, бүрэн зулбалт, зуршсан, халдварлагдсан зулбалт гэж бий. Зулбалт болох үед хэвлийн доод хэсгээр базалж өвдөх, доош цус гарах, цус алдах, халуурсан, умайн хүзүүнээс идээрхэг ялгадастай, умайн хүзүү хөдөлгөхөд эмзэглэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл жирэмсэн эх яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Эмэгтэйчүүд нас ахих тусам төрөхийн хүндрэл, ураг эндэх, зулбах тохиолдлууд мөн нэмэгддэг байна. Ойролцоогоор найман жирэмслэлт тутмын нэг нь зулбалтаар төгсдөг ажээ. Нас ахих тусам зулбалт тохиолдох магадлал нэмэгддэг гэсэн мэдээлэл ч байна.

30-аас доош насны 10 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь, 35-39 насны 10 жирэмсэн эмэгтэй тутмын хоёр нь зулбалтаар төгсдөг бол 45-аас дээш насны хоёр жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь зулбадаг гэсэн тоон мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.

Өсөлтгүй жирэмслэлтэд хүргэж болох олон төрлийн шалтгаан байж болох ч дийлэнх тохиолдолд үр хөврөлийн (хүүхдийн) хромосомын хэвийн бус өгөгдлөөс хамаарсан байх магадлалтай гэж үздэг. Иймд бүрэн урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. Гэвч өсөлтгүй жирэмслэлтийн дараа дахин жирэмсэлсэн хүмүүсийн 90 хувь нь хэвийн жирэмсэлж, хүүхдээ төрүүлдэг хэмээн эмч нар ярьж байна. Мөн жирэмсэн байх үеийн хорт зуршил ч үр зулбалтын олон шалтгааны нэг болдог аж. Хэрэв тамхи татдаг эмэгтэй жирэмсэн болбол ургийн өсөлтийн саатал нь харьцангуй эрт хугацаанд үүсэхээс гадна ургийн бүх эрхтэн системийг хамардаг. Ургийн жин хэвийн жирэмсэнтэй харьцуулахад 200 гр бага төрдөг. Тамхи их татдаг байх тусам гарах хүндрэл нь их байна. Өдөрт нэг хайрцаг дотор татдаг эхчүүдэд ургийн перинаталь эндэгдэл (20 долоо хоногоос төрсний дараах долоо хоног) 20 хувь байдаг бол нэг хайрцагаас илүү татдаг эхчүүдэд 35 хувь байдаг ажээ. Тамхи татдаг ээжээс төрсөн хүүхдүүд жин багатай, өсөлт хөгжилт удаан, байнга өвчлөмтгий байхаас гадна хүүхэд насандаа их энддэг нь батлагджээ. Ер нь жирэмсэн үедээ тамхи байнга татахад жирэмслэлт төрөлтийн хүндрэл хоёр дахин илүү тохиолддог хэмээн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байна. Хэрэв эх архи хэрэглэдэг бол хамгийн гол нь ургийн архины хам шинж гэдэг эмгэг үүсдэг ажээ. Тархалт 1000 жирэмсэн эхэд 1-2 нь ургийн архины хам шинжтэй байдаг. Архинаас үүдэлтэйгээр оюун ухааны хоцрогдол бусад мэдрэлийн эмгэгтэй хүүхэд төрөх нь элбэг. Нүүрний хэсгийн өөрчлөлт (хамрын уг хавтгай, нахиу хамартай, дээд уруул ховилгүй, дээд уруул нарийхан (загасан уруул), нүдний дотор буланд зовхи нийлсэн, нүүр хавтгай, хамар богинохон, толгой жижигхэн, нүд жижигхэн) зэрэг эмгэг үүснэ.

Ургийн архины хам шинжийн илэрхий шинж тэмдгүүдтэй байх нь архины нөлөөгөөр ураг гэмтсэнийг илтгэнэ. Архийг ямар хэмжээгээр хэрэглэснээс ургийн архины хам шинж үүсдэг болох нь тогтоогдоогүй байна. Байнгын хэрэглээтэй хүмүүст ч, нэг удаа их хэмжээгээр уусан хүмүүст ч ялгаагүй ургийн архины хам шинж үүсдэг. Мөн жирэмсний хоёрдугаар хагаст ураг аяндаа зулбах, ургийн бүтэлт үүсэх, Апгарын оноо багатай (дөнгөж төрсөн хүүхдийг арьсны өнгө, рефлекс, булчингийн тонус, амьсгал, зүрхны цохилтоор нь үнэлдэг шалгуур) хүүхэд төрөх нь элбэг хэмээн эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.234] 2023-07-24 15:13:53

Хариуцлага хүлээх эзэн байхгүй. Хурал семинар хийхээс хэтрэхгүй. Манлайлагч байхгүй. Олон яам, хороо, газрууд, хүрээлэнгүүд салбарын амбицаар цэцэрхэхээс хэтрэхгүй. Ийм л байна. Цаашид ч ийм л байх байх.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.