ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮД ЮУ БОЛОВ

Aдмин / Нийгэм

Төрийн өндөр албан тушаалтнууд улсын төсөв завшсан, эрх мэдлээ ашигласан, авлига авсан онц ноцтой хэргүүд толгой дараалан мандаж буй. Олон нийтийн анхаарлыг татсан хэргүүд ямар шатанд хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар тоймлон хүргэе.

Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт 80 иргэн, дөрвөн хуулийн этгээд татагдан анхан шатны шүүх хурал хоёр сар гаруй үргэлжилсээр өнгөрсөн долдугаар сарын 7-нд шүүх шийдвэрээ танилцуулсан билээ. Шүүх бүрэлдэхүүн 48 шүүгдэгчийг цагаатгаж, 32 хүнд торгуулийн болон хорих ял оноож шийдвэрлэсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын зургаан хүн хорих ялаар шийтгүүлсэн юм. Одоогоор шүүхийн тогтоол бичгээр гарахаар хүлээгдэж байгааг хуульчид онцолж буй. Тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүх хурал болох эсэх нь тодорхой болох юм.

Жил дамнан үргэлжилж буй дараагийн том хэрэг бол нүүрсний хэрэг. АТГ-аас нүүрсний хэрэгт төрийн өндөр албан тушаалтай 17 хүний нэрийг зарлаж, түүний цаана төрийн дунд албан тушаалтан олон арван хүн байгаа талаар мэдээлж байв. Улсын Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдсан.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Таван толгойн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг прокуророос шүүх рүү энэ сарын эхээр шилжүүлснийг мэдээлсэн. Удахгүй шүүх хурлын тов зарлагдана. Нүүрсний хэрэг нь төрөл байдлаасаа шалтгаалж холбогдогчид нийслэл болон орон нутагт шүүхээр орж буй юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой хэрэг өнгөрсөн тавдугаар сард мандсан. Тус зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгахаар Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж эхэлснийг зарласан. Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон, тухайлбал, 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээлсэн билээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Монгол Улсад албадан авчирч саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх хэрэгт буруутган шалгаж буй. Шүүхээс Т.Бадамжунайг Улсын баяр наадмын өмнө батлан даалтад гаргаж шийдвэрлэсэн. Уг хэргийн шалгалт үргэлжилж буй.

БНХАУ-ын Хөххот дахь Ерөнхий Консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын хэргээр өнгөрсөн оны 12 дугаар сард баривчилсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулж бүлэглэсэн, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож дөрвөн жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаад буй. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 6-нд болж, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасч, нэг жил, 10 сарын хугацаагаар хорих ял болгон бууруулсан юм.

“Гацуурт” ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат машинаараа морьтой хүн элдэж, амь насанд нь заналхийлсэн хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 15-нд гарсан. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлж байв. Уг хэрэг прокурорт хянагдаж байгаад мөрдөн байцаалтад буцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох тагнуулын гэгдэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 25-нд шийдвэрлэсэн. Шүүхээс Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт буруутгаж, 9.6 жил, Б.Отгонбаатарт найман жилийн хорин ял оноогоод буй.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 7-нд болж С.Батдөлд 12 жилийн хорих ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. С.Батдөлтэй хамт зургаан хүнийг шалгасан. Шүүхээс С.Батдөлийн ах С.Баттулгад гурван жил хорих ял оноож, тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарыг торгох ялаар шийтгээд буй.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг 2022 онд АТГ-аас саатуулж, шалгаж эхэлсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл уг хэргийн шалгалт дуусч, шүүхэд шилжүүлжээ.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.118] 2023-08-18 13:12:43

UBTZ iin Batdol huviin bvj wagonuudiig vantsaaraa daramtalj deeremdsen gej uu? Ochnoon hel am hural bolgon deer hiij baihad darga nar ni ANZAARAAGUI gej uu

Зочин [103.212.117.45] 2023-08-18 10:12:36

Нөгөө Эрдэнэс 5 толгойн Ганхуяг, ТЗ-ын Удаанжаргал болон УИХ-ын гишүүн Адьяасүрэн, сахал Эрдэнэбилэг нарын хүмүүсийн хэрэг чимээ алга аа замхрахнээ.

зочин [202.179.3.3] 2023-08-18 09:52:32

Ж.Мөнхбат юу болж бна,Зугаалсан хүн л байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.