ЭНЭ САРЫН 26-НААС АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарчээ.

Ингэхдээ автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх юм байна.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 13:00 цагт олон нийтэд өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна.

ЗАХИРАМЖ:

2023 оны 08 сарын 17-ны өдөр

Дугаар А/940

Улаанбаатар хот

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:

1.1.Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т;

1.2.Авто замын засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн 1.1-д заасан зохицуулалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулахыг Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газар (С.Баасанжав), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т;

1.3.Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд “Сургууль, цэцэрлэг орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав), Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т;

1.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газар (С.Баасанжав), Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин), Нийслэлийн Нийтийн тээврийн газар (С.Жавхлантбаатар) болон дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.29] 2023-08-23 20:48:25

Tegj l oron suuts barimaar bga bol ger horoolold oron nutagt bari oron nutagt gazar ni unegui bn

Зочин [66.181.161.29] 2023-08-23 20:47:24

Odo shineer oron suuts barihiig horigloh heregtei uldsen zai talbaid zogsool nogoon baiguulamj surguuli tsetserleg emneleg ajliin bair bari

jrgen [202.9.40.236] 2023-08-22 17:22:56

Zavaan avilgalchid.turiin hulgaichuudaas bolj ard tumen hohirch bn.Zambaraagui tuluvlelt ugui gazar olgood.eersdiinh n ovoolson shavart ard tumen ajil surguulidaa yvah gj barag 3.4 tsagiig zam deer ungeruulj bn.Hiideg uom n tegsh.sondgoi.Enenees eer garts bhgui uo.Ta hulgaichuud tsagdaagaar shuud tatuulaad yvna.Bid ur huuhedteigee zam deer ulddeg.Hogiin hulgaichuudiin ar nuruug harah uomsan.Tugjreliin said ch hereggui.Hairan tatvariin munge.

Зочин [202.126.89.110] 2023-08-22 15:04:07

нэмэргүй

Злчин [202.126.89.110] 2023-08-22 15:03:15

Хүрээгээ тэл тэгэхгүй бол нэмэргзй. УБ хотын постуудаар тогтоо тэгвэл үр дүнтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.