Хүн амьдралдаа хоёр удаа, 44 ба 60 насандаа огцом хөгширдгийг судлаачид тогтоожээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Хүний хөгшрөлт цагийн уртад аажмаар явагддаггүй, харин тодорхой насанд эрс эрчимждэгийг судлаачид тогтоожээ.

Тухайлбал 25-75 насны хүмүүсийн олон мянган молекулыг шинжилсэн эрдэмтэд хүний амьдралын 44 ба 60 орчим насанд хөгшрөлтийн шинж тэмдэг эрс нэмэгдэж байгааг тогтоосон байна.

“Бид цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгддөггүй. Үнэхээр эрс өөрчлөлт явагддаг нас байдаг юм байна. Хүний аль ч төрлийн молекул 40-өөд насны дунд үе, 60-аад насны эхэн үед эрс өөрчлөгддөг ажээ” гэж судалгааг удирдсан Стэнфордын Их сургуулийн генетикч, Геномик, Хувь Хүний Эмчилгээний Төвийн захирал Майкл Снайдер ярьжээ.

Тэдний баг сайн дурын 108 хүнийг судалгаандаа оролцуулж, долоон жилийн турш цус, өтгөний дээж, арьс, амны хөндий, хамрын арчдасыг хэдэн сар тутамд авч байсан байна.

Судлаачид эдгээр биологийн материалуудаас 135,000 өөр өөр молекул болон микробыг шинжилжээ.

Судалгааны үр дүнгээс 40-өөд насны дунд үеийн хөгшрөлт илүү гэнэтийн нээлт байсан байна.

Учир нь судлаачид эхэндээ үүнийг эмэгтэйчүүдийн цэвэршилтийн өмнөх үеийн өөрчлөлт байж магадгүй гэж үзэж байжээ.

Гэтэл эрчүүдэд мөн ялгаагүй илэрсэн байна.

Хөгшрөлтийн эхний давлагаанд зүрх судасны өвчинтэй холбоотой молекулууд болон кофеин, архи, липидийг шингээх бодисын солилцооны чадварууд өөрчлөгдөж байжээ.

Хоёр дахь давлагаанд дархлааны зохицуулалт, нүүрс усны солилцоо, бөөрний үйл ажиллагаанд оролцдог молекулууд өөрчлөгдөж байсан байна.

Харин арьс, булчингийн хөгшрөлттэй холбоотой молекулууд аль аль насанд нь жигд өөрчлөгдөж байжээ.

Өмнөх судалгаагаар хүний хөгшрөлт 78 насны орчмоос эрчимждэг гэх дүгнэлт гарч байсан юм. Тэгвэл сүүлийн судалгаанд 75 хүртэл насныхан оролцсон тул дээрх дүгнэлтийг баталж чадаагүй байна.

Гэхдээ дээр дурдсан хөгшрөлтийн үе шатууд тухайн хүний амьдралын хэв маяг, зан үйлээс хамаараад өөр байх боломжтой гэнэ.

Тухайлбал архины бодисын солилцооны өөрчлөлт 40-өөс дээш насныхны сэтгэл санааны хямралтай холбоотой архины хэрэглээнээс үүдэлтэй байх боломжтойг судлаачид анхааруулжээ.

Энэ судалгааны үр дүнд хүмүүс хөгшрөлтийн үе шатуудад тааруулан амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл саруул байдлаа хадгалах боломжтой гэж Снайдер үзэж байна.

Тухайлбал булчингийн хөгшрөлт идэвхэждэг насанд дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ авч болох гэнэ.

Уг судалгааны тайлан өчигдөр “Nature Aging” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: The Guardian

IKON.MN


Сэтгэгдэл

Sara [66.181.187.219] 2024-08-20 09:36:54

Энэ 60 насны эхэн гэдэг ч нас ч үнэн шоо

Зочин [202.126.89.177] 2024-08-19 19:23:46

Маш их баярлалаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.