О.Алтангэрэл: Олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганаар заавал батлуулна

Aдмин / Нийгэм

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсон. Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Ардчилсан намыг төлөөлж, хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Би өөрөө өмгөөллийн салбарт ажиллаж байсан. Яамандаа Газрын дарга, Шүүх, ёс зүйн хорооны дарга зэргээр энэ салбартаа 22 ажиллаж байгаа хүн. Тэгэхээр энэ олон жилийн турш бодож, шатаж, хэрхэн өөрчлөх вэ, ямар байх ёстой вэ гэж бодож байсан зүйлсээ хийнэ гэж төлөвлөж, ажлаа эхэлчихээд байж байна. Нэгдүгээрт, өдрөөс өдөрт анхаарал татаж байгаа хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулна. Хүний эрх гэдэг өөрөө их өргөн ойлголт. Дээрээс нь олон хуулийн уулзвар дээр байдаг зүйл болохоор Хүний эрхийн багц хуулийг боловсруулах дээр ажиллаж байна. Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд нийгэмд үүсээд байгаа, манай яамны харьяа, тэр дундаа цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлууд нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг бий болголоо. Тэгэхээр цагдаагийн байгууллагатай холбоотой хяналт, хариуцлагын тогтолцоог нь яаж боловсронгуй болгох вэ. Энэ чиглэлийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд анхаарал хандуулаад хийгээд явж байгаа ажлууд байна.

-Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжгүй. Харилцаа, хандлага тааруу гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Яг шулуухан хэлэхэд өнөөдөр сайн багш авч ирээд цагдаагийн алба хаагч нартаа хүний эрхийн хичээл заалгаад, сайд дарга нарын зүгээс хатуу үүрэг даалгавар өгөөд гэнэт сайжирдаг юм гэж байхгүй. Бодлогын түвшинд далайцтай хийгдэх ёстой ажил. Гэхдээ ямар ажил хийвэл өөрчлөлт хурдан гарах вэ. Ард иргэдэд хурдан мэдрэгдэх вэ гэсэн арга замыг л сонгох асуудал. Цаг хугацаа их шаардагддаг учраас цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд орхигдуулж ирсэн юм уу гэж би өөрөө боддог.

Тийм болохоор нэн тэргүүнд цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж байгаа тогтолцоонд шинэчлэл хийе. Манай Дотоод хэргийн их сургуулийн хамт олон энэ чиглэлээр судалсан, хийж хэрэгжүүлье гэсэн зүйлүүд байсныг дэмжээд явж байна. Юуны түрүүнд сургалтын хөтөлбөр, хугацаан дээр дорвитой өөрчлөлт хийе. Яг маргааш мэдэгдэхгүй ч гэсэн системийн хэмжээнд 3-5 жилийн дараагаас мэдэгдээд ирнэ гэж бодсон. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдыг 45 хоногийн курсээр бэлддэг тогтолцоог халаад ахлагчийн курсийг хамгийн багадаа нэг жилийн хугацаатай болгоод энэ намраас хичээллэж эхлэх гэж байна. Дээрээс нь сургалтын хөтөлбөр дээр хүний эрх, иргэдийн эрх чөлөөтэй холбоотой заалтууд, хууль сахиулах үйл ажиллагааны талаар орчин үеийн дэлхийн чиг хандлагад нийцсэн программ оруулъя гэж зориод цагдаагийн алба хаагчийн дээд боловсрол олгох хугацааг таван жил болгох зорилт тавьж байгаа. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад цагдаагийн алба хаагчдыг сургах асуудал яригдаж байна. Ингэхдээ дэлхийн чиг хандлагад нийцсэн алба хаагчдыг бий болгох, аль болох олон хүнийг хамруулахаар ажиллаж байна. Энэ бүх зүйл дээр манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, алба хаагчид идэвх санаачилгатай оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

-Цагдаагийн алба хаагчид холбогдсон гэмт хэргүүд шийдэгдэхгүй уддаг байдал байгаа. Тэгэхээр цагдаагаа шалгадаг, гэм буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэдэг байдлыг яаж бий болгох вэ?

-Үүн дээр хоёр тусдаа ойлголт байгаа шүү. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн алба хаагчдыг шалгах гэдэг нэг тусдаа. Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон цагдаагийн шинэчлэл хийнэ гэдэг нь бас тусдаа асуудал. Өнөөдөр яагаад тусад нь ярих ёстой болчихсон бэ гэхээр цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгах эрх хэмжээ нь цагдаад өөрт нь байхгүй. Мэдээж албан хаагчдын дотоод хняалт шалгалтын тогтолцоо байгаа. Үүнийг улам боловсронгуй болгоод Хяналт, шалгалтын даргаар нь саяхан хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан, төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага сэдвээр доктор хамгаалсан эмэгтэйг томилсон. Гэхдээ нэг хүн томилоод асуудал боллоо гэж үзэхгүйгээр хяналт, шалгалтынхаа тогтолцоог агентлагуудын түвшинд хэрхэн яаж боловсронгуй болгох вэ гэдэг ажлууд хийгдээд явж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон, олон нийтийн дунд шуугиан болоод байгаа асуудлуудыг шалгадаг газар нь Авлигатай тэмцэх газар. Өнөөдөр цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэрэг, зөрчил хаана явааг АТГ-аас асуух ёстой. Гэхдээ дандаа ингэж явах юм уу. Манаачийг хэн манах вэ гэсэн асуудал бий. Өдөр тутам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хуулийн дагуу бусдын эрх, эрх чөлөөг хязгаарладаг цагдаа, тагнуул, АТГ зэрэг байгууллагуудын шалгуулж байгаа албан хаагчдыг бид тусгай суббект гээд нэрлээд хэвшчихсэн. Хуучин бол прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан. Хүмүүс ер нь эрх бүхий этгээдүүдийн холбогдсон хэрэг, зөрчлийг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх асуудлыг л хүсээд байгаа юм. Тэгэхээр бид манай эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хуучин нэрээр Тахар, одоо бол чиг үүргийг нь илүү өргөтгөөд гэрч, хохирогч, шүүх аюулгүй байдлыг хамгаалах алба шинээр байгуулахаар төлөвлөж байна. Энэ байгууллагын дэргэд алба хаагчдыг шуурхай шалгадаг бүтцийг бий болгоно гэсэн төсөөлөлтэйгөөр хуулийн төсөл дээрээ ажиллаж байгаа.

-Тахарын албыг өмнө нь хэрэггүй гэж үзээд татан буулгасан. Одоо дахин байгуулахын ашиг тус нь юу байх юм бэ?

-Өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн үед хийгдсэн ажил. Би тэр үед яамныхаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, яг энэ байгууллагыг анх бий болголцож байлаа. Одоо энэ байгууллага байх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн маргаан огт байхгүй. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалж байгаа цагдаагийн байгууллага үүнийг байгуулмаар байна гэсэн хүсэл, зоригоо илэрхийлж байна. Нөгөө талаар шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах талаар шүүхийнхэн өөрсдөө хэлж байгаа. Мөн гэрч, хохирогчтой холбоотой асуудал нэлээд хүндэрч байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр тал талын хүсэл зориг, ард иргэдийн шаардлага байна.

-Сэтгүүлчидтэй холбоотой асуудлууд байна. Мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд мэдээлсэн явдлыг Эрүүгийн хуулиар шийддэг гэсэн шүүмжлэл явж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-ХЗДХ-ийн сайдын хувьд эрүүгийн ял шийтгэлийн бодлогод нь өөрчлөлт оруулъя гэсэн бодолтой байгаа. Хорих ял байж болохгүй. Дээрээс нь зорчих эрхийг хязгаарлах буюу цахим гав зүүдэг ял байх ёсгүй. Мөн өндөр хэмжээний торгууль байх ёсгүй. Харин сэтгүүлчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сэтгүүлчийн гэм буруутай эсэх, тухайн асуудал дээр алдаа дутагдал гаргасан эсэх дээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийг нь үндэслэн хуулийн байгууллага шийдвэрээ гаргадаг байх гэсэн урьдчилсан төсөөллөөр олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг заавал батлуулна. Ингэхдээ энэ намрын чуулганаар батлуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хууль батлагдахаар сэтгүүлчийн ажиллах эрх зүйн орчин сайжирна. Эрүүгийн хуулийн ял, шийтгэл эрс багасна. Гэхдээ нэг зүйл цаана нь байгааг мартаж болохгүй. Сэтгүүлчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж байгаа этгээдүүд Иргэний шүүхээр өөрсдийн хохирлоо нэхэмжлэх, нэр төрөө сэргээлгэх эрхийг нь өргөн нээж өгөх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа. Сэтгүүлчийн ёс зүйн хариуцлага өндөр байх ёстой. Гэхдээ үүнийг төр зааж, тогтоож өгөх биш сэтгүүлчид өөрсдөө сонгож байгуулсан өөрөө удирдах ёсны байгууллага нь шийддэг байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, Сүхбаатарын талбайг нээлттэй болгоно гэсэн зүйлийг та хэлсэн байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ер нь Монгол Улсад Үндэсний аюулгүй байдалд харшлах, нийтийн дэг журамд илтэд заналхийлэх зэргээс бусад тохиолдолд иргэд чөлөөтэй жагсаж, цугладаг байх ёстой. Зөвшөөрөл авч биш, мэдэгдэх зарчмаар явах хэрэгтэй. Би өөрөө жагсаж байсан хүн. Тийм болохоор энэ асуудалд нэлээд ач холбогдол өгч байгаа. Ташрамд дурдахад, О.Алтангэрэл АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд болохоор хүний эрхийн чиглэлээр олон зүйл хийх болов уу гэсэн итгэл олон нийтийн дунд байгаа. Тэгэхээр хэдий хүнд ч гэсэн гацаанаас гаргаж, олон жил яриад шийдэж чадаагүй Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг шинэчилнэ. Ажлын хэсэг нь гарчихсан ажлаа хийж байна. Энэ хүрээнд асар олон ойлголтыг нарийвчилж авч үзэх шаардлагатай. Жагсаал, цуглаан, суулт гэж юу юм. Тэмцлийн хэлбэрүүд ямар байх юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар хязгаарлалт байх вэ. Харин хүн өөрйинхөө эрхийг эдлэхийн тулд ямар хязгаарлалт байх ёсгүй вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төсөл өргөн баригдаад ирэхээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх байх. Ингээд иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд гээд талуудын зөвшилцлийн үндсэн дээр Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэснийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэггүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л байгаа.

-Таны хувьд АН-аас сонгогдсон. Гэвч эрх барьж байгаа нам нь МАН. Хэдийгээр хамтарсан засаг байгуулсан ч гэсэн таны, та бүхний ярьж, бодож байгаа зүйлүүд хийгдэх үү?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байна. Мөн намууд хоорондоо гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр хүний эрх чөлөөтэй холбоотой, авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн асуудлууд туссан. Нэгэнт гэрээ байгуулаад, намууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас хэрэгжинэ гэсэн итгэлтэй байгаа. Нөгөө талаар яг одоо Монгол Улс байрнаасаа хөдлөхгүй бол олон жил ужгирсан асуудлууд байна. Эдийн засаг, эрчим хүчний леберальчлал, том төслүүдээ хөдөлгье гэж ярьж байна. Үүний хажуугаар хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой асуудлууд мөн хөдлөх ёстой. Тэгэхээр энэ асуудлууд явахгүй л бол хамтрал үр дүнгүй байна гэсэн үг. Ийм байвал О.Алтангэрэл энд сууж байх шаардлагагүй. Үүнийгээ ч би илэрхийлж байгаа. АН-ын мөрийн хөтөлбөр, өөрийнхөө 22 жилийн туршид бодсон асуудлуудаа хэрэгжүүлэх, ард түмний хүлээлт хүслийг биелүүлэх нь л миний хувьд хамгийн чухал.

-Энэ намрын чуулганаар танай салбартай холбоотой ямар, ямар гол хуулиуд өргөн баригдах вэ?

-Хүний эрхийн багц хууль өргөн баригдана. Үүн дотор Хууль зүйн туслалцааны тухай, Жагсаал, цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, өмгөөллийн тухай гээд маш олон хууль бий. Мөн Авлигын багц хууль орно. Миний өөрийн олон жил ярьсан хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой зэрэг хэд хэдэн хууль өргөн баригдана. Хүний хөрөнгийг хураах тухай ярьж байна гэж намайг нэр бүхий этгээдүүд шүүмжилдэг. Энэ бол ерөөсөө коммунистуудын бусдын эд хөрөнгийг хураадагтай ямар ч хамаагүй. Хавьтах ч үгүй. Би бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн тухай л ярьдаг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийг удирдаж байсан этгээдүүд цалингаасаа давсан орлоготой. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө, үнэтэй хаусуудтай байдаг асуудлыг л яриад байгаа юм. Тайлбарлаж чадахгүй байгаа энэ хөрөнгүүдийг хураая гэсэн зарчмын асуудлыг л дэвшүүлдэг. Энэ бол олон улсын эрүүгийн эрх зүй, тэр дундаа бидний нэгдэн орсон авлигын эсрэг конвенц, манай Эрүүгийн хуулийн суурь зарчимд угаасаа байсан зүйл. Хэрэгжихгүй олон жил болсон. Авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Ерөнхий сайд улс төрийн эр зориг гаргаж ажилласан. Энэ үйл хэргийг үргэлжлүүлье. Хууль эрх зүйн хувьд боломжтой болгоё. Монголын ард түмний олон жил хүсэн хүлээсэн авлигчдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд л өргөн барьж байгаа хууль. Энэ намрын чуулганаар өргөн барих гол хуулиуд бол ийм байна. Үүнээс гадна манай дээр боловсруулагдаж байгаа олон хууль бий.

-Чухал хуулиуд УИХ-аар батлагддаг. Гэвч өнөөх нь амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй гэсэн яриа бий. Хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар ажил хийх вэ?

-Үнэхээр тийм асуудал байгаа. Тийм болохоор одоо дагаж мөрдөж байгаа хуулиуд хаана, яаж хэрэгжихгүй байна. Алдаа дутагдал нь хаана гараад байна гэдэг дээр хяналт, шинжилгээ хийдэг үйл ажиллагаагаа бид эрчимжүүлэх ёстой. Харин одоо миний ярьж байгаа өөрчлөлтүүд иргэдийн нүдэн дээр болох учраас хэрэгжилт дээр нь би санаа зовохгүй байгаа. Надаас нэхнэ. О.Алтангэрэл ээ, чи хэвлэлийн эрх чөлөөг сайн болгоно гэсэн яасан бэ. Жагсаал, цуглааны журмын хуулийг хийнэ гэсэн юу болов. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чинь яав гээд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, ард түмэн асууна. Тэгэхээр нэг хууль батлаад, УИХ-ын чуулганаар хэлэлцээд өнгөрөх асуудал биш. Бүгд хамтдаа, бүх нийгмээрээ хэрэгжүүлэх ёстой зүйлүүд учраас эрх зүйн орчныг нь зөв тавиад өгвөл хэрэгжилт дээр нь санаа зовох зүйл гарахгүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Ольга DarwinPro [149.34.245.198] 2024-08-23 06:33:48

Здравствуйте! Меня зовут Ольга, и я представляю компанию DarwinPro. Мы разработали инновационные решения, которые помогут вашему бизнесу выйти на новый уровень! Наши ключевые преимущества: Индивидуальная настройка: Позволяет решать задачи любого бизнеса максимально эффективно. Повышение производительности: Инструменты для автоматизации и управления проектами, которые освобождают вас от рутины. Улучшение эффективности: Оптимизация процессов и внедрение новейших технологий, адаптированных под современные реалии рынка. Снижение затрат: Автоматизация рутинных операций и уменьшение необходимости в ручном труде, что позволит вам делегировать рутину и сосредоточиться на важном. - Воспользуйтесь промокодом ЛЕТО24 и получите 10% скидку на первый заказ. Это наше специальное предложение для новых клиентов, чтобы вы могли оценить все преимущества сотрудничества с DarwinPro. Будем рады обсудить, как наши решения могут помочь вашему бизнесу стать номером один в своей нише. Свяжитесь с нами по контактам ниже: С наилучшими пожеланиями, Ольга, Маркетолог DarwinPro тел.:+79187509979 WA: http://wa.me/79187509979 darwinpro@mail.ru https://darwinpro.org

Зочин [103.212.118.95] 2024-08-20 13:34:01

Адтангэрэлээ хэвлэлийн эрх чөлөө,хүний эрхийн асуудал чухал гэвч түүнээс чухал АвилгалЛуйвар,хулгай,ялангуяа хуулийн хулгай,шүүхийн шудрага бус байдал гм нийгмийн хүлээлт үүсгэж эх орны хөгжилд гацаа,саад тээг учруулаад байгаа асуудлыг хөндөж холбогдох хуулиудад эрх зүйн чагатгасан өөрчлөлтүүд оруулах талаар ажлаа эхэлбэл яасан юм,өөрөөч нэр дэвшихдээ сонгогчдод энэ талаар амалсан шүү дээ.

Ажлынх нь гол хэсэг юү вэ? [66.181.160.55] 2024-08-20 09:56:58

Салбарын хууль гаргах нь сайд нарын ажлын 10 хүрэхгүй хувь байх ёстой. Үүнээс бусад ажил нь чухал. Салбарын бүрэлдэхүүн хэсгүүдээр явж ажлыг нь сайжруулах, ажлын нөхцөлийг бүрдүүлэх, алдаа дутагдлыг засах г.м. Хууль зүйн яамны салбарууд гэхэд л цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр, тагнуул гээд бараг 20 байгууллага байгаа биздээ? Үүнийгээ Алтангэрэл сайд мэдэж байгаа. Зөвхөн хуулиудаар оролдвол салбар нь бүтэхгүй.

Зочин [103.161.242.187] 2024-08-20 09:24:45

Цагдаагийн яргачдыг яллаж хариуцлага тооцох хатуу хууль хэрэгтэй.

Зочин [66.181.179.69] 2024-08-19 18:58:00

сэлэнгэ аймгийн засаг дарга орон нутгийн хэвлэлийнхэнийг бүгдийг нь здтг- тай байрлуулж зөвхөн өөрийгөө магтуулах алба болгож хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж хууль зөрчиж байгааг яаралтай шалгаж хариуцлага тооцно уу.

Зочин [202.126.90.192] 2024-08-19 18:02:52

Хүний эрх л гэх юм үнэндээ тэр эрх гэдэг хэнийг

Зочин [202.126.90.192] 2024-08-19 18:00:13

Та их мундаг хүн болох гээд эмх замбараагүй үймээн самуун талцал бүү үүсгээсэй. Зөвхөн хүнимй эрх л гэх юм үнэндээ тэр эрх чг хэнийг хамгаалах гээд байгаан жирийн хүмүүст хамаарах уу? Сүүлийн 30 жилд баяжсан луйварчдын залуусыг хамгаалах гэж үү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.