Төсөвт тодотгол хийхгүй атлаа өр зээл тавьж, цар тахалтай тэмцэнэ гэв үү?

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан хөтөлбөрийг байгуулаад байгаа аж.

-АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 300 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЖ, КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛНА-

“Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь нэг хувь. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 200-250 орчим сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бүрэн хэмжээний бэлтгэлийг хангахад 30 сая ам.долларын зээлийн хүү нь нэг хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 20 сая ам.долларыг цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд нэг зүйл байна. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлэгт зарцуулахаар төлөвлөсөн 20 сая ам.долларын хөрөнгийг “сөрөг нөлөөллийг бууруулахад” зориулна гэжээ. Чухамдаа яг юунд, ямар үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн нь туйлын бүрхэг байна. Азийн Хөгжлийн Банкнаас 300 сая ам.доллар зээлж, коронавирусын эсрэг зарцуулахаар төлөвлөсөн бол зарцуулалтын тайлангаа нэгдүгээрт иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх хэрэгтэй. Бөөрөнхий шийдвэр, бүрхэг зээл.

Эрх баригч намын хувьд коронавируст цар тахалтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний санхүүжилтэд зориулан 2020 оны төсвөөс тодотгол хийж, танахгүй, хэмнэхгүй гэдгээ мэдэгдсэн. Эдийн засагчдын байр суурийг нэгтгэн дүгнэвэл уг багц арга хэмжээнд зарцуулагдах 5,1 их наяд төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг тодорхой байлгах үүднээс төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэлж байгаа юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өр, зээл тавьж цар тахалтай тэмцэх асуудал яригдав. 2020 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас үзвэл тэвчиж болох зардал бий боловч өр, зээлээр улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбоотой төсвийн алдагдлийг санхүүжүүлэхээр болж байгаа нь нүдээ олсон шийдвэр болох уу гэдгийг харах л үлдлээ.