Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн шинэ заалтууд ирэх сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй

Aдмин / Хууль

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга асан, хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын зарим гишүүд коронавирусийн тархалттай холбогдуулан нэг удаагийн шинжтэй, олон төрлийн харилцааг зохицуулах хууль батлах замаар нэлээд хуулиудын үйлчлэлийг зогсоох, хойшлуулах тухай асуудлыг ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Юуны түрүүнд нэг удаагийн шинж чанартай, олон төрлийн харилцааг зохицуулах хууль гэж ямар төрлийн хуулийг хэлээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу. Жишээ нь, зарим хуулийн үйлчлэлийг зогсоох, хойшлуулах бол тухайн нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг нь оруулах ёстой гэж бодож байна.

Хуулийн төсөл боловсруулах техникийн хувьд тэгж байж зөв болно. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн төсөл бус, хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нэлээд олон хуулийн төслүүд боловсруулна гэсэн үг. Үгүй бол хууль хоорондын зөрчил гарна. Үндсэн хуулиас бусад УИХ-аас баталсан хуулиуд нарийндаа бол хүчин чадлын хувьд ижил тэнцүү.Тэгэхээр хэрэв Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэдэг номтой тул энэ тохиолдолд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг мөрдөх болно. Энэ мэтээр зөрчил гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй байна. Нөгөө нэг асуудал бол онцгой нөхцөлд ажиллахад зарим асуудлыг цоо шинээр зохицуулах шаардлага үүсч болно. Тэр тохиолдолд шинээр анхдагч хуулийн төсөл боловсруулж, батлах болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хууль тогтоогчид долоо хэмжиж, нэг огтлох зарчмын хүрээнд нарийн нягталж хуулиа батлах биз ээ.

-УИХ-аас төсвийн тодотгол хийхийг хүлээхгүйгээр төсөвт зохицуулалт хийх, төсвийн хуваарийг өөрчлөх, зарцуулах Засгийн газрын төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа...

-Төсөвт зохицуулалт хийх, төсвийн хуваарийг өөрчлөхтэй холбоотой харилцааг Төсвийн тухай хуулиар нэгэнт зохицуулсан байдаг. Тухайлбал, хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэхгүйгээр, мөн төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүйгээр төсөвтөө зохицуулалт хийх, төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой. Харин дээр дурдсанаас давсан эрх буюу тодотгол хийхгүйгээр төсөвт дураараа нэмэлт, өөрчлөлт оруулах, зарцуулах эрхийн талаар ярьж байгаа бол буруу юм. Үндсэн хуулийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсвийг батлах асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх учиртай. Хэнтэй ч хуваалцахгүй эрх гэж ойлгож болно. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох УИХ ард түмний төлсөн татварын хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулахыг ил тод, нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж энгийнээр тайлбарлаж ч болох юм. Тэгэхээр энэ асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын хуульд заасанчлан органик хуулиудыг өөрчилж чадаагүй, амжаагүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бус, өмнөх органик хуулиудын зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ, Үндсэн хууль нийгмийн харилцааг дангаар зохицуулахгүй, органик хуулиар зохицуулдаг гэх тайлбар бий. Энэ тухайд?

-Нэгдүгээрт, эрх зүйн актын эрэмбэ дараа, Үндсэн хуульт ёсны тогтсон дэг жаяг мэдэхгүй хүний маш буруу тайлбар байна. Улс орны дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан ҮХНӨ-ийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан. Тэгэхээр бид заасан хугацаанаас эхлэн уг хуулиа дагаж мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Нөгөө талаас, 1992 оны Үндсэн хуулийн 69.4 дэх хэсэгт зөвхөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт л Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй гэж тов тодорхой заасан байгаа. Бас Үндсэн хуулийн 70-р зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэж хатуу хуульчлан тогтоож Мэдэхтүн, Сахихтун хэмээн төгсгөсөн байдаг. Үүнийг ч санах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, Засгийн газрыг эмхлэн байгуулах харилцааг органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулдаг онцлогтой. Ихэнх улсад парламент, Засгийн газар, шүүх гэсэн төрийн гурван салаа эрх мэдлийн суурь зохицуулалтыг Үндсэн хуулиар бий болгодог юм. Тэгэхээр Үндсэн хуулийн шинэ заалтууд тогтоосон хугацаанаас эхлэн хэрэгжинэ, харин органик хуулиудын Үндсэн хуульд нийцэхгүй заалтууд 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчингүй гэж ойлгох хэрэгтэй. УИХ, түүний гишүүд нь төрийн бусад бүх байгууллага, албан тушаалтны нэгэн адил Үндсэн хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй тул үүргээ зохих ёсоор биелүүлэх шаардлагатай байна.

-1992 оны Үндсэн хуульд уг хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан боловч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, засаг захиргааны нэгжтэй холбоотой заалтуудыг уг өдрөөс эхлэн дагаж мөрдөөгүй, Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасны дагуу органик хуулиудыг нь баталсны дараа мөрдөж эхэлсэн гэж тайлбарлаж, жишээ авсан байсан шүү дээ...

-Гол ялгаа нь1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийг мэдэмхийрээд байгаа залуу гишүүн бус, төрийн хариуцлагатай олон албыг нэр төртэй хашиж байсан, ажил, амьдралын асар их туршлагатай, нягт нямбай, хашир хуульч Б.Чимид гуай ямар ч зай завсар, хийдэл, зөрчил гарахааргүй бичсэн байдаг. Тэр хэлээд байгаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудын хувьд шилжилтийн үеийн харилцааг 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 1, 2 дугаар зүйлээр тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал,хуулийн дагуу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн бүрэн эрх эхлэх хүртэлх хугацаанд тэдгээрийн бүрэн эрхийг өмнөх байгууллага, албан тушаалтнууд буюу БНМАУ-ын АИХ, Улсын бага хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэж тодорхой хуульчилсан байсан юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хувьд ч мөн адил завсар гарахааргүй, нарийн зохицуулсан байдаг. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд шилжилтийн үеийн тийм тодорхой зохицуулалт байхгүй. Тэгэхээр байхгүй учраас хуульд заасан хугацаанаас нь эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө гэж ойлгох нь зөв.Энэ дашрамд хэлэхэд,эрх зүйт төр, Үндсэн хуульт ёсны зарчмыг хатуу тогтоож 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлд ”Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж заасан байдгийг анхаараасай гэж бодож байна. Ер нь УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга болчихоороо бүхнийг мэддэг гэж ойлгодог явдлаа засах ёстой. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Өөрөө мэддэггүй юм бол мэргэжлийн байгууллагууд болох Хууль зүйн яам, Хуульчдын холбооноос асуух хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, төрт ёсны олон мянган жилийн уламжлал, түүхтэй Монголын төр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг ямар нэг маргаангүйгээр зохион байгуулж чадна гэж найдаж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ Өдрийн сонин


Сэтгэгдэл

zochin [203.91.115.38] 2020-04-29 22:51:23

manaih huuliig heregjuudeggui tailbarlaj baigaad suuidee huulindaa buh buruug uguud l hayadag shuu er n huul standart 2 ig sain barimtlasan uls hugjdug shuu dee

tusa [64.119.23.190] 2020-04-29 14:54:18

Мөнх-Эрдэнэ та нэг зүйлийг ойлгохгүй байна. Хичнээн мундаг, хуулийн гаргалгаатай зүйл ярилаа ч хэн ч чамайг хүлээж авахгүй. Жингийн тэмээ явдгаараа явна, харин жингэрийн нохой хуцаад үлдэнэ ... гэдгийг санагдуулсан ярилцлага болсон байна. Улс төрийн замналаа төгсгөл болсноо мэддэггүй юм байна л даа. Улс төрийн өш хонзон санахаар чамайг хэн үнэлэх юм. Нохой ч тоож харахгүй шүү.

Зочин [192.82.74.104] 2020-04-29 14:39:14

su batboldiin gomo hamtrach haha saihànbilegtéi yabalddag base gedeg biluu

зочин [43.242.243.194] 2020-04-29 05:22:54

АН н гишүүн Элбэгдоржийн бууны нохой Өнөрбаяр хууль зүйн сайд байхдаа хуулийн салбарийг дампууруулсан Тэмүүжин нар бас ингэж яарьж байгаа энэ нь хэрэгжвэл нам нь тэд нарт их том албан тушаал амалсан гэж дуулдсан

Зочин [202.179.31.62] 2020-04-29 04:41:25

НЯМБААТАР ҮНДСЭН ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХГҮЙ ШДЭЭ

dabaa [103.57.93.224] 2020-04-29 04:27:52

Estoi cn geh snig, denduu uabtsuuhan uzeltei umaa daa, umiig tomoor ni harag zurag dutaj bna daa

зочин [66.181.183.26] 2020-04-29 03:06:14

дэмбэрэлцэрэн гэж шүүх хуулийн байгууллагад байсан нөхөр үү.түүний үр сад хүүхдүүд ни зүсээ хувиргасан төр улсын дээрэмчид юм шив дээ.энэ хулгайч дээрэмчин луйварчин төр засгаас авах юм нэг ч алга.үндэс угсаагаар ни хүйс тэмтрэх юм сан

аргагүй амраг [139.5.216.11] 2020-04-29 02:52:57

хүүхэн шиг хэрэлддэг залуу

зочин [139.5.216.11] 2020-04-29 02:50:51

Бас нэп гишүүн болох мөрөөдөлтэй хүүхэд хийсэн гоц гойд зүйлгүй

зочин [139.5.216.11] 2020-04-29 02:50:15

АРДЧИЛСАН НАМ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХЭД ХУУЛЬЧ БАЙСАН, ИЙМ ХУУЛЬЧТАЙ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ НАР ШОРОНД ОРОХ НЬ АРГАГҮЙ ЮМ БАЙНА


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.