Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүл бол хамтын зорилго, хүсэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр юм

Aдмин / Нийгэм

Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б. Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Бидний ярилцах сэдэв гэр бүлийн халуун дулаан харилцаа, хүүхдийн хүмүүжлийн тухай байлаа.

-Монголчууд “Хүнээр хүн хийх” хүмүүжлийн уламжлалт аргатай ард түмэн шүү дээ. Эндээс хоёулаа яриагаа эхэлье гэж бодлоо?

-Орчлонд хүн болон зорьж ирсний утга учир, аз жаргал, баяр хөөр бол гэр бүл шүү дээ. Өвөг дээдэс, үр хойчийн гурван үеийн хэлхээг эрхэмлэж гэр бүл, зан харилцаа, ёс суртахуунаа дээдэлж явдаг нь Монгол гэр бүлийн үнэт зүйл юм даа.

Монголчууд “Хэний хүү өсөж, хэний охин торнив” гэцгээдэг. Үүний ард удам, угсаа гарвал гэдэг асар том ухагдахуун байдаг. Халуун дулаан гэр бүлийн орчин хүүхдэд өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг өсөн торних нөхцөлийг бий болгодог.

Иймд хүүхдийнхээ аз жаргалтай инээд хөөр цалгисан орчныг бүрдүүлж, айдас түгшүүргүй байхад эцэг эхчүүд анхаарах ёстой юм. Төрсөн гэртээ эцэг эхийн хайр халамжаар дутаж өссөн хүүхэд сургуулийн орчинд, цаашлаад ажлын байранд гараад хамт олон болон өөрийн бүтээсэн гэр бүлийн орчиндоо ч хайр халамж үзүүлж чаддаггүй. Монголчууд “Унаган бие нь төрмөл билээ. Ухаан санаа нь таримал билээ” гэдэг. Төрсөн биед сэтгэл, санаачилгыг “тарьж ургуулдаг” шимт хөрс нь гэр бүлийн орчин. Хүүхдийн сэтгэл санаа бага балчраасаа ямар “хөрсөнд үндэслэв” гэдгээс хэтийн заяа шалтгаална. Тийм гэр бүлийн үнэ цэн бол зөв сайхан харилцаагаар дамжуулж, зөв хүнийг төлөвшүүлэхэд оршино.

-Гэр бүлийн эрүүл зөв харилцаа гэж их ярих юм. Угтаа бол хэн хэнээ хүндлэх хүндлэл гэж ойлгодог?

-Асуудал тулгарахад нээлттэй ярилцаж ойлголцдог, гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа хамтдаа үүрдэг, бие биеэ хайрлан дэмждэг, хүлээн зөвшөөрч, урамшуулдаг гишүүд л гэр бүлийн эрүүл харилцааг бий болгодог. Гэр бүлийн харилцаа гэдэг өвөрмөц онцлогтой. Хүлээлт, хүндлэл, хайр, итгэлцэл, үнэнч байдлыг гэр бүлийн харилцаанд шаардаж байдаг. Гэр бүлийг өндөр түвшний нэгдмэл, нэгдмэл, салангид, тусгаарлагдсан гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг. Гол нь нэгдмэл байдлыг хангах нь чухал. Тиймээс гэр бүлийн боловсрол олгох, хандлага ойлголтыг нэмэгдүүлэх сургалт явуулах, асуудал, хямралаа давах арга зүйд сургах зэргээр гэр бүлийн гишүүдийн нэгдмэл байдлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Зарим улс оронд уул уурхай, цэрэг гэх мэт ажил мэргэжлийн онцлогоос хамаарч гэр бүлийн харилцаа нь тодорхой хязгаарлалтад ордог салбарынханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээ нь, Австралийн Куйнслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн уурхайчдын гэр бүлд, БНСУ цэрэг армийн гэр бүлд зориулсан хөтөлбөртэй байдаг.

Үүнтэй ижил төмөр замтай амьдралаа холбосон гэр бүлүүдэд сэтгэл зүйн бэлтгэл чухал байна. Сэтгэл зүйн бэлтгэл гэдгийг энгийнээр тайлбарлавал аливаа зүйлийг даван туулах урьдчилсан ойлголт буюу дархлаа юм. Ажил, амьдрал нь нэг дор төвхнөсөн онцлогтой төмөр замын зөрлөгүүд, олон хоног гэрээсээ хол ажиллах шаардлагатай болдог төмөр замчдад гэр бүлийн амьдралаа хэвийн сайхан авч явах сэтгэл зүйн бэлтгэл чухал гэсэн үг.

-Орчин цагийн завгүй амьдралд гэр бүлдээ анхаарах зав хангалттай гардаггүй шүү дээ. Энэ нь зарим тохиолдолд гэр бүлд үл ойлголцол үүсгэж, даамжирах шалтгаан болдог байх?

-Уг нь, гэр бүлийн маргаанд хосууд тэмцэгч байр сууринаас бие бие рүүгээ харж асуудлыг шийдэх бус нэг тийш харах нь чухал юм. Ханиа шүүмжлэхээс илүү байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уучлах ойлгох сэтгэл зүйтэй, харилцан ярилцаж буулт хийж чаддаг байх хэрэгтэй. Мөн өөртөө дүгнэлт хийн гаргасан алдаагаа засдаг, буруугаа хүлээн зөвшөөрдөг, ханийнхаа хүсэл зорилгыг мэдэрдэг байх нь чухал юм. Ер нь бид гэр бүлийн асуудал бол хүний хувийн асуудал гэдэг ойлголтоос татгалзах хэрэгтэй л дээ. Энэ нь нийгмийн асуудал учраас мэргэжлийн хүн, байгууллага тухайн гэр бүлд зөвлөгөө өгч асуудлаа ойлгож, зөв шийдвэр гаргахад туслах ёстой.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагын талаар тайлбарлаж ярина уу?

-Миний хүүхэд өнөөдөр хэн байхаас илүү ирээдүйд хэн байх вэ? Энэ асуултын хариуг гэр бүлийнхээ орчноос хайх, олохгүй бол тэр орчныг бүрдүүлэх хэрэгтэй юм.

Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин гэж хүүхэд хэвийн эрүүл өсөн торниж, сурч хөгжих боломжтой үндсэн эрх, хэрэгцээ нь бүрэн хангагдсан газрыг хэлдэг. Иймд хүүхдийн хэвийн хүмүүжил, ТӨЛӨВШЛИЙГ бий болгохын тулд гэр бүлийг дэмжих хэрэгтэй болж байгаа юм.

Хайр дүүрэн, халуун дотно харилцаа, гэр бүлийн эерэг орчин хүүхдийн амжилттай суралцах үндэс болдог. Манай улсын алслагдсан суурин газруудад хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд дутмаг санагддаг. Ялангуяа, хүүхдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох, эцэг, эхтэйгээ байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай. Ээж, аав нь алслагдсан газар ажилласны төлөө хүүхэд сурах, хөгжих боломжоо хязгаарлуулж болохгүй. Мөн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй.

-Гэрт нь англи хэлээр ярьдаг хүн байхгүй. Гэтэл гурван настай охин англи хэлээр өнгө ялгаж, тоолдог болчихлоо гэж нэг танил маань ярьж байна. Хүүхдүүд сошиал орчинд “хүмүүжиж” буйн тод жишээ энэ байх?

-Хүүхэд гэр бүлдээ амьдрах, хүмүүжих эрхтэй гэж хүүхдийн эрхийн тухай хуульд онцлон заасан. Эцэг эхтэйгээ хамт амьдрах боломжтой байх нь хүүхдийн хүмүүжил, хөгжилд нэн чухал. Цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэв гэдэг нь тухайн гэр бүлийн гишүүн бүрийн аз жаргал, сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Мэдээж үүнд эцэг эхчүүд голлох үүрэгтэй.

Бид хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулж гэр бүлтэйгээ хамт байж бие биеэ харилцан ойлгож хайрыг илүүтэй мэдрэн, сэтгэлд хоногшсон үйл явдлыг өрнүүлж, үр хүүхдэдээ хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг байвал зүгээр.

Хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулж буй цаг нь үнэхээр хүүхдийн хөгжил хүмүүжилд эерэгээр нөлөөлөхүйц үр бүтээмжтэй байна уу? Эцэг эхчүүд гэртээ байх цагаа яг ямар зүйлд зарцуулж байна вэ? гэсэн асуултууд гарч ирнэ. Эдгээрт хариулахдаа хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулж буй цаг хугацаа хэр чанартай байгааг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийтээр хүүхдийг бие хүн болж төлөвшүүлэхэд эцэг эхийн зүгээс цаг хугацаа их зарцуулах нь сайн байдаг гэх ерөнхий ойлголт итгэл үнэмшилтэй л байдаг. Гэтэл Англи улсын сэтгэл зүйчдийн 9-11 насны хүүхэдтэй аавуудын дунд хийсэн нэгэн судалгаанаас харахад хүүхдэд зарцуулах цагийн тоо бус чанар нь илүү чухал шүү гэдгийг онцолсон байна. Иймээс хүүхдүүддээ зүгээр нэг цаг гаргах биш, илүү дурсамж бүтээх хөгжилтэй байх цаг гаргах нь л чухал юм.

-Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын тухай мэргэжилтнүүд ярих болсон. Энэ талаар тодруулна уу?

-Хүүхдийг хүлээн зөвшөөрч, хайрлаж хүндэтгэсэн харилцаа, арга хэлбэрийг эерэг хүмүүжлийн арга гэж нэрлэж байгаа юм. Эцэг, эхчүүд нийтлэг нэг алдаа гаргадаг. Энэ юу гэвэл, хүүхдэдээ цаг гаргахгүй, идэвхгүй, төвөгшөөсөн байдлаар харилцаж, эцэстээ энэ нь хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг. Зөвхөн ажил төвтэй л амьдраад байж болохгүй шүү дээ. Хүүхдэдээ цаг гаргаагүй, эсвэл буруу аргаар харилцчихаад эцэст нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад гар хүрч эхэлдэг. Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд гадуур тэнэх, РС тоглоомд донтох зэргээр буруу замд орж байгаа олон жишээ бий. Энэ үед эцэг эхчүүд өөрсдийн бурууг бусдад тохож эхэлдэг. Жишээ нь, бусдад уруу татагдсан, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газар байхгүй байна, сургууль анхаарахгүй байна гэх мэтээр гомдоллож эхэлдэг.

-Гэр бүлд нийгмийн нөлөөлөл их тусаж байна. Үүнээс гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?

-Гэр бүл бол хамтын зорилго, хүсэл, мөрөөдөл, хичээл зүтгэл, үнэ цэн, аз жаргал, тэсвэр тэвчээр, үүрэг хариуцлага юм. Хамгийн товчхондоо үүнийг ойлгосон хосууд л бат бэх гэр бүлийг бий болгож чадна даа. Монгол гэр бүл нийгмийн маш том сорилтын өмнө тулж ирээд байгаа. Бид дэлхийн гэр бүлийн нэг хэсэг болсон.

Хилийн чанадад, хил дамнаж, дэлхийн олон соёлыг зөвшөөрч гэр бүл болох болсон. Гэр бүлд нийгмийн өөрчлөлт, мэдээлэл, орчны нөлөө нэмэгдэж байгаа энэ цаг үетэйгээ хөл нийлүүлж хамтын хүчээр бат бэх гэр бүлийг бий болгох ёстой гэж бодож байна.

Харилцан бие биеэ ойлгон дэмжиж амьдарснаар нэгнээ улам таньж, илүү ойртдог. Үүн дээрээ тулгуурлан сэтгэлийн зовлон, тулгарсан бэрхшээл асуудлуудыг хамтдаа шийдэн нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар гэр бүлийнхээ эв нэгдлийг хадгалдаг. Хүлээцтэй тэвчээртэй, өөрийгөө зөв илэрхийлж, сонсож чаддаг байх, бодлоготой хариулт өгөх зэрэг нь энэ харилцааны үндэс болно.

-“Архидалт, хардалт, үл хүндлэл гэх мэт таагүй харилцаа хүсээгүй байхад гэр бүлд ороод ирдэг” гэж бүсгүйчүүд ярьдаг л даа.

-Тийм ээ, энэ хэцүү асуудал. Таны асуултаас онцлоод хардалтын талаар товчхон өгүүлье. Үнэ цэнтэй чухал зүйлээ харамлах төрөлхийн мэдрэмжээс хардалт үүсдэг. Хэм хэмжээ хэтэрвэл асуудал болно. Хэдий чинээ нэгэндээ итгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүй байх хичээл зүтгэл гарч байдаг. Хосууд нэгнийгээ хаана явсан, хэнтэй уулзсан гээд л бүх зүйлийг өөрийн хяналтад байлгах гэж оролдож, хэрэв энэ санаандаа хүрэхгүй бол бухимдаж буруутгадаг. Өөрийгөө болон ханиа хэтэрхий бие биеэсээ хамааралтай болгох нь байнгын асуудал үүсгэх шалтгаан болдог. Иймээс ханьдаа зохих ёсны эрх чөлөөг олго. “Чи алга, хаана байна” хэмээн биеийг нь хайхын оронд түүний сэтгэл над дээр байна уу, үгүй юу гэдэг асуултыг л өөрөөсөө асуу. Үүнд л анхаар.

Хэрвээ хүүхэд бага насандаа гэр бүлээсээ хэт их хайр халамж амсаж өссөн, хүссэн зүйлээ авдаг эсвэл эсрэгээрээ гэр бүлийнхэн нь элэгсэг дотно бус, ямар нэгэн дарамт шахалт амсаж өөрийгөө доогуур үнэлж өссөн бол том болоод хардалтын донтой болох магадлал өндөр байдаг.

Хардалт хэвийн хандлагаас давах үед сэтгэцийн дон болон хувирч хүчирхийлэл үйлдэх шалтгаан болдгийг санах хэрэгтэй. Иймээс асуудлыг бодитоор харж, эргэлзээ төрүүлж байгаа, хардах шалтаг гаргаж буй зүйлсийг нэг бүрчлэн тунгаан бодоорой. Мөн танд үнэнч хандсан, таныг хайрлаж байсан, таны төлөө хийсэн зүйлсийг ч бас тунгаан бод. Одоо энэ хоёрыг харьцуулаад аль болох бодитоор харах гээд үзээрэй гэж хэлье.

-Гэр бүлийн боловсролын талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Гэр бүлээ эрүүл тогтвортой хэвийн харилцаатай авч явахад шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэдэг. Их өргөн хүрээтэй. Өрхийн төсөв санхүүгийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, харилцааны боловсрол гэх мэт 10 гаруй асуудлыг хамардаг. Хүн бүр гэр бүлийн боловсролд суралцах ёстой. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн боловсролыг түгээхэд өөрийн бүх мэдлэг оюунаа зориулж явна даа.

Та манай сонины залуу уншигчдад хандан гэр бүл төлөвлөлтийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Амьдрал өөрөө заавар зөвлөмжтэйгөө ирэх биш дээ гэж үг бий. Энэ нь та өөрөө эрж хайж судалж, суралцаарай гэсэн утгатай. Ер нь, гэрлэнэ гэдэг нь хайрлах, хайрлуулах сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахын тулд, сэтгэл санаагаа хэн нэгэнтэй насан туршдаа хуваалцахын тулд хийдэг хариуцлагатай алхам юм. Үүнд залуус яарах хэрэггүй. Ялангуяа гэрлэлт бол физиологийн хэрэгцээнээс үүддэг зүйл биш. Амьдралд алдахгүйн тулд өөрийгөө бэлтгэх, боловсруулах шаардлагатай байдаг. Нэгэнт хамт амьдрахаар шийдсэн бол дараах хамтын аз жаргал, соёлд суралцаарай. Үүнд:

-Ирээдүйн хамтын зорилгоо тодорхойлж, хайр халамжаар нэгнээ дүүргэ

-Нэгнийхээ төлөө цагаа зориулж, сайхан дурсамж бүтээ

-Хамтдаа баярла, аял, бэлэг өг

-Хамтын сонирхол, хоббитой болж бие биедээ үргэлж тусал, дэмж

-Гэр бүлтэй холбоотой бүхий л ажлаа төлөвлөн үүрэг хариуцлагаа хуваалцаж сур

-Ирээдүйн амьдралынхаа төлөө шинэ харилцааны амлалтыг зөв гарга

-Амьдралын энэ л цэгт зоригтой, тууштай замыг зөв тавьж аливаа асуудалд хамтын сэтгэл зүйгээр ханд

-Хэтэрхий их “би” төвтэй байхаас татгалз гэж зөвлөе.

Манай /www.gerbul.mn гээд сайт бий. Бид шинэчилж байгаа. Удахгүй ажиллаж эхэлнэ. Мөн “GREEN FAMILY CENTER” пэйж нээсэн. Та бүхэн гэр бүлийн боловсролын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг эдгээр сувгаар аваарай. Та бүхэнд аз жаргал хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

А.Батзаяа

Эх сурвалж: “Ган зам” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.