“Молор хонгор” галын ажнай хүлгүүд өнгөтэй байна

Aдмин / Нүүр

Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болох гэж буй учраас уяачид хурдан морио сойж, гал болон гарчээ. Тиймээс энэ удаагийн сурвалжилгаа бид Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаярын тэргүүлдэг “Молор хонгор” гал уяан дээрээс бэлдлээ.

Энэ жилийн өвөл, хавар бараг дахиж дэлхий дэлгэнэхээргүй мэт л хүндхэн болсон. Хэдий тийм ч өвгөдийн хэлэлцдэгээр зудтай жилийн зун өнгөтэй сайхан болдог нь үнэн ажээ. Зуны дунд сар хэдийнэ гарсан болохоор арга ч үгүй биз. Хотын төвөөс гараад л хангай дэлхий номин ногоон өнгөөр тунарч, цэцэгс алаглах нь сайхан. Сэргэлэн сумын нутагт цас зуд харьцангуй гайгүй байж, малын гарз багатай давсан гэнэ. Үүнийг нь илтгэх мэт мал сүрэг ногоонд цадаж, өнгөө засаад сайхан болжээ. Сумын төвөөс баруун урагш 10 орчим км давхисаар бид зорьсон газраа ирлээ. Жижиг байшин, гурван гэр зэрэгцүүлэн барьсан сэрүүхэн дэнж ажээ. Чулуу өрж, түүнийгээ будаад машины зогсоол байгуулж, тамхи, хогийн цэг байгуулан самбар байрлуулж, тойрч суугаад цайлах сүүдрэвч хүртэл барьжээ. Унаач хүүхдүүдээ тоглох сагсны талбай хийж тохижуулсан нь ажилч хичээнгүй хүмүүс гэдгийг нь харуулна. Биднийг очиход Э.Энхбаяр уяач эзгүй, сумын төв явжээ. Түүнийг хүлээнгээ унаач хүү х.Тэмүүжинтэй хэсэг хөөрөлдлөө. Үг дуу цөөтэй юм. Гэсэн ч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас гэр бүлийнхээ хамт гурван жилийн өмнө хотод шилжин ирсэн. Одоо 13 настай, сумын төвийн сургуульд сурдаг гэдгийг нь хэлүүлж авлаа. Биднийг ярилцаж байхад галын эзэн ирлээ. Тэрээр сумын төвд хэдэн үнээтэйгээ аж төрөх аав, ээжийнхээсээ тараг авч ирсэн байна.

Авч ирсэн тарагнаасаа хүүхдүүдэд аягалж өгчихөөд биднийг дагуулан гэрт орлоо. Э.Энхбаяр Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, МҮОНТ, “ТМ телевиз” зэрэг газруудад Албаны даргаар ажиллаж байжээ. Мөн төрөлх сумынхаа Засаг даргын албыг ч дөрвөн жил хашсан байна. Албан ажилтай байх үедээ ч зуны цагт амралт, чөлөө аваад уяан дээрээ ирдэг байсан. Цаг наашлах тусам хотод байж суухад хэцүү болно. Яаж ч болохгүй. Морь мал бодогдоод, шөнө бараг зүүдэлдэг хэмээн ярих нь аргагүй л моринд хайртай, удам залгасан уяач болохыг илтгэнэ. Түүний аав Д.Энхтайван гуай морь уяж байхдаа аймаг, бүсийн наадамд шаггүй уралддаг байсан бол өвөө Д.Даш нь Монгол Улсын анхны 11 манлай уяачийн нэг ажээ. Манлай уяач Д.Даш гуай алдарт “Молор хонгор” азаргаа 1982-1987 оны улсын баяр наадамд завсаргүй айрагдуулсан халхын цуут уяачдын нэг билээ. Тийм ч учраас ач хүү нь хурдан морины гал уяагаа “Молор хонгор” хэмээн нэрийдсэн байна. Д.Даш агсан бол нэг насаараа морь уяж, улсын наадамд 10 гаруй морио айрагдуулсан бөгөөд Хэнтийн Галшар, Сүхбаатар аймгуудаас хурдан, хурц гэсэн олон морь нутагтаа авч ирсэн. Тус нутгийн хурдыг бий болгосон хүн гэж нутгийнхан нь ярьдаг байна. “Молор хонгор” галд нийтдээ 10 гаруй уяач харьяалагддаг гэнэ.

Э.Энхбаяр: Нэг л өдөр төрийнхөө наадамд айраг, түрүү хүртэнэ гэж итгэдэг

-Танай галыг “Уран бүтээлчдийн гал” гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Тийм шүү. Манай галд СТА дуучин Банзрагч, Төрмандах, ДБЭТ-ын гоцлол дуучин Эрдэнэ-Очир, дуучин Шагдар, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан гэсэн уран бүтээлчид бий. Тийм болохоор найз нөхдүүд тэгж нэрлээд байгаа юм. Мөн хуульч, инженер гээд салбар, салбарын л хүмүүс байгаа даа.

-Өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, сумынхаа Засаг дарга хийж байсан хүн яагаад уяач болчихсон хэрэг вэ?

-Телевизэд байхдаа эртнээс хэлж байгаад зундаа бүтэн сар яг л морин дээрээ ирдэг байсан. Угаасаа зун болохоор хотод байж чадахгүй. Яаж ч болохгүй байгаа юм чинь.

-Сүүлийн үед залуучууд хурдан моринд их дурлаж, уяж байх шиг байна?

-Ер нь эр хүний хамгийн зөв хобби чинь энэ шүү дээ. Түүнээс биш мөрийтэй тоглоом энэ тэр бол дэмий. Хэдийгээр морь уяахад мөнгө хэрэг болдог ч хамгийн гол нь зөв зүйлд зарцуулж байгаа гэдгээрээ их сайхан.

-Хэд орчим морь уяж байна вэ. ажил гэж барагдахгүй их байна биз дээ?

-Ажил их шүү. Өглөө нарнаар эхлээд сарнаар л дуусна. Морьдоо барьж уячихаад хэсэг амсхийнэ. Бусдаар бол ажилласаар байгаад л нар жаргаана. Гэхдээ таван морь уях, тавин морь уях ялгаагүй л гэдэг юм. Таван морьтой хүн чинь нэг хүүхэдтэй байлаа гэхэд 50 морь уявал таван хүүхэдтэй байж таарна. Тэгэхээр ялгаагүй.

-Морины ажилд хүүхдүүдийн тус дэм их үү?

-Хамгийн чухал нь л хүүхэд. Дээрээс нь моринд дуртай, хайртай хүмүүс л байдаг юм. Дургүй хүн байвал тогтохгүй. Хэцүү ажил шүү дээ. Зарим хүүхэд маань гэрээсээ оргоод хүртэл ирнэ. Ноднин зун сургууль орох гээд байдаг. Хүүхдүүд маань явахгүй гээд уул, хадаар тараад нуугдчихсан. Бид чинь хайгаад бөөн юм болсон.

-Та түрүүн гахай өдөр морьдоо ёсолсон гэж байсан. Ямар учиртай юм бэ?

-Морины ивээл өдөр гэж байдаг. Зарим айл туулай, нохой өдөр морьдоо барьдаг. Манайх бол үе удмаараа гахай өдөр морьдоо барьдаг байсан. Гахай ер нь эцэж цуцдаггүй, сүмбэр уулын оройд ганцаараа хурдан гардаг амьтан юм гэнэ лээ. Тэр үүднээсээ гахай өдөр ёсолдог. Харин унагаа бар өдөр барьдаг.

-Таны хувьд улсын наадамд хэр наадсан бэ?

-Улсын наадам гэдэг чинь босго өндөр. Хэр баргийн аавын хүү очоод айраг, түрүү авчихдаг юм биш. Ховорхон тохиолддог хувь тавилан л гэж боддог. Хэд хэдэн удаа очиж уралдсан. Айргийн араар л орсон. Гэхдээ нэг л өдөр болох байх. Тод манлай уяач Д.Даваахүү гуай “Азыг алж болохгүй” гэж хэлдэг юм. Тэгэхээр нэг л сайхан өдөр Хүй мандлынхаа дэвжээнд өөрийн унаган адуугаараа айраг, түрүү амсах байх гэж л боддог доо.

Аймгийн алдарт уяач Э.Энхбаяр анх таван настайгаасаа эхэлж хурдан морь унажээ. Улсын наадмаар 500 гаруй их насны морь уралдсан тэр жилээ наймд орж байжээ. Харин мориноос хасагдаад 14, 15 орчим наснаасаа хурдан морь гардан уяж эхэлсэн байна. Ноднин жилийн улсын их баяр наадамд Э.Энхбаяр уяач таван насны морьдтой очсон ч бүгд хасагджээ. Энэ тухайгаа тэрээр “Түрүүлж, айрагдахаас илүүтэй хэмжээсэнд тэнцэхэд нь бараг баярладаг болчихоод байна шүү дээ” хэмээн шүүрс алдан ярьж байлаа. Үнэхээр ч уяачдын ярьдгаар сэрвээний өндөр хэмжихэд олон янзын шалтгаанаас болж морьд хасагддаг. Морь яаж зогсохоос шалтгаалаад л багадаа 2-3 сантиметрын ялгаа гардаг байна. Нэг ёсондоо хэмжээндээ асуудалгүй ордог байсан нь хасагдаж, сэрвээ өндөр нь орчих тохиолдол ч гардаг гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг ямар нэгэн байдлаар бүрэн шийдэж, гомдол тунирхал, хэрүүл уруулгүйгээр төрийнхөө баяр наадмыг хийдэг болох хэрэгтэй мэт санагдана. Бүтэн жил хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж бэлдчихээд ялихгүй шалтгаанаар хасагдчих нь хэнд ч гомдолтой. Мөн сүүлийн жилүүдэд бас нэгэн маргаан дагуулсан асуудал бол уяачийн цол чимэг. Улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан морьдын эзэд нь том цолонд хүрээд гадаа гандаж, хөдөө хөхөрсөн жинхэнэ хөх уяачид нь цол чимэггүй үлддэг. Үүнийг тэрбээр “Тухайн бөхийн дасгалжуулагч, ивээн тэтгэгч нь улсын цол аваад байдаггүй биз дээ” хэмээн хэлж байна лээ. Яг л тохирсон жишээ гэмээр. Харин сүүлийн үед Алдарт, Тод манлайн болзлын босгыг нэмэгдүүлсэн байна. Улс, бүсийн наадмаас найман айраг хүртэж байж Алдарт уяачийн болзол хангах бол түрүүлсэн тохиолдолд 2-3 айрагтай дүйцүүлэн тооцдог болжээ. Мөн Тод манлай болохын тулд улсын наадамд их нас, азаргын аль нэгийг түрүүлгэсэн байх шаардлагатай гэнэ. Нэг үгээр бол даага, шүдлэн зэрэг бага насны морьдыг улсын наадамд 20, 30 удаа түрүүлгэсэн байгаад ч Тод манлай болох боломжгүй.

“Молор хонгор” галд нутаг, нутгийн хүмүүс нийлээд 60 гаруй морь сайж байна. Энэ жил улсын хэмжээнд 100 гаруй сум 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тиймээс эдгээр уяачид улсын наадам өнгөрөөгөөд сум, сумандаа очиж уралдахаар төлөвлөжээ. Хамгийн хол нь Увс аймгийн Тэс сум гэнэ. Дуучин Л.Банзрагч төрөлх сумынхаа 100 жилийн ойд морьдоо аваад очих аж. Сэргэлэн сум ч 100 жилийн ойтой учраас Э.Энхбаяр уяач ч төрөлх сумынхаа наадамд уралдана. Тус сум өдгөө ид уяж байгаа долоон Тод манлай уяачтай гэхээр Сэргэлэн сумын наадмын морины уралдаан нэлээд чансаатай болох нь тодорхой. Тэрбээр унаач хүүхдүүд, туслах уяачдаа жилийн туршид тогтмол цалинжуулдаг гэнэ. Мөн туслах уяачиддаа 1-2 уях морь зүсэлж өгдөг байна. Ингэж л хэн хэндээ тус дэмтэй явдаг аж. Мэдээж энэ бүхэнд тодорхой зардал хөрөнгө хэрэгтэй. Нэг морийг өвөлжин тэжээх зардал гэдэг л нэлээд өндөр гарна. Харин энэ асуудлыг галынхаа уяачдын дунд хуримтлалын сан үүсгэх байдлаар шийджээ.

Биднийг ийн ярилцан суутал нэг л танил хүн орж ирлээ. Гэрийн эзэнтэй хэзээний танил бололтой. Ойр зуурын зүйл ярилцаад зүүн орон дээр суухад нь гэнэт таньсан юм. Энэхүү гэнэтийн зочин бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, жүдоч Мөнхбатын Уранцэцэг байлаа. Түүний нөхөр нь морь уях дуртай нэгэн бөгөөд “Молор хонгор” галд харьяалагдаад нэлээд хэдэн жил болжээ. Тэднийх цэвэр цусны англи азарга оруулж ирсэн бөгөөд монгол азаргатай ноцолдож байгаад хазуулсан нь идээлчихжээ. Тиймээс энэ удаад азаргандаа дусал, тариа хийхээр ирсэн байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

М.Уранцэцэг: Одооноос ханиа дэмжинэ


-Та чинь морь уядаг юм уу?

-Манай нөхөр уядаг юм. Энэ олон жил нөхрөөрөө байнга дэмжүүлж ирсэн учраас одооноос ханиа дэмжихээр шийдсэн/инээв/.

-Бага байхдаа хурдан морь унадаг байсан уу?

-Унадаг байсан. Манай өвөө чинь их олон малтай, хурдан морь уядаг байлаа. Тиймээс хүүхэд байхаасаа л моринд дуртай, унаж өссөн.

-Энэ жил улсад морьдоо уралдуулах уу?

-Нөхөр маань улсынхаа баяр наадамд морьдоо мордуулах бодолтой байгаа.

-Таныхаар бол аймаг, сумын наадам “гранд слам” байх. тэгэхээр та хоёр улсын наадам буюу шууд л олимп, дэлхийн аваргад үзэх хэрэг үү?

-Өнгөрсөн хэдэн жил хурдан морины зам нэлээд үзсэн/Аймаг, сумын болон жижиг наадмуудад морьдоо уралдуулж, айргийн арханаар давхиулж байснаа ийнхүү хэлж байна/. Тэгэхээр одоо шууд л олимп, дэлхийн аваргад үзнэ дээ/инээв/. Э.Энхбаяр найзтайгаа манай нөхөр нэг гал болоод овоо хэдэн жил өнгөрч байна. Гэр бүлийн сайхан найзууд.

-Таны тулааны спорт юу болж байна вэ?

-Ер нь зодог тайлах бодолтой байгаа. Тэгээд ч мөрөндөө хүнд бэртэл авч, хагалгаа хийлгэсэн. Тэгэхээр спортоо орхих цаг нь болсон юм болов уу гэж бодож байна.

-Зодог тайлаад жүдогийн дасгалжуулагч хийх үү?

-Хийнэ дээ. Монгол түмний хайртай охин, жүдогийн спортоос мэндэлсэн манай улсын анхны эмэгтэй дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар тэрбээр үнэхээр төлөв даруу, энгийн нэгэн ажээ. Тив, дэлхийд нэрээ дуурсгахад нь ханийнх нь нөмөр түшиг хамгийн их байсан хэмээн ярих М.Уранцэцэг ийнхүү одооноос нөхрөө дэмжиж, ханийнхаа хүсэл сонирхолд цаг зав зарцуулахаар шийдсэн гэнэ.

Сэргэлэн сумаас урагш байх Булгын ар хэмээх энэ газар ялаа шумуулгүй, сэвэлзсэн салхитай, сэрүүхэн газар юм. Үнэхээр л хүлэг морьдоо сойж, хорвоогийн явдлыг эрэгцүүлж суумаар газар аж. Ерөөс хурдан морьдыг иймэрхүү салхитай сэрүүхэн газар уях сайн гэдэг.

Учир нь хэт бүгчим, ялаа, шумуултай газар бол морьд их ядардаг хэмээн ахмад уяачид хэлдэг билээ. Ийнхүү “Уран бүтээлчдийн гал” хэмээн нэрлэгдсэн “Молор хонгор” галын уяачид хурдан морьдоо сойж, аймаг, сум, төрийнхөө наадамд завгүй бэлдэж байна. Наадмын өм гэж нэг зүйл байдаг гэдэг. Харин энэ өм гээч нь нэг л өдөр нээгддэг билээ. Тиймээс “Молор хонгор” галынхны өм энэ жилийн наадмаар бүрэн нээгдэж, Э.Энхбаяр уяачийн хэлсэнчлэн төрийнхөө их цэнгэл наадмаас айраг, түрүү олныг амсах болтугай хэмээн ерөөсөөр буцлаа. Зээглэн уясан морьд үүрсэн янцгааж, цовоо хүүхдүүд гийнгоон дуу хадааж, өв уламжлалаа өртөөлөн тээж яваа уяачид маань гар даллан үдэх нь сэтгэл хорогдуулна. Гэвч ерөөл билгээр болж энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд үдээс хойш дахин уулзах биз ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.