Тогтмол гарах болсон дээрмийн хэрэг нэг эзэнтэй юу

Д.Тулга / Нийгэм

bair

-ОРЧЛОН ХОТХОНЫ II ОРЦОНД ГАРДАГ ДЭЭРМИЙГ БГД-ИЙН ЦАГДАА ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ-

Есдүгээр сарын 29-ний орой, 22:00 цагийн орчим Баянгол дүүргийн VI хороо, 46 дугаар байрны 2-р орцонд үл таних этгээд ганц бие хөгшиний хаалгыг тогшиж ороод, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ удаагийн дээрэм бол тус байрны 2-р орцонд гарч буй анхны дээрмийн хэрэг биш юм.

Учир нь есдүгээр сарын эхээр цахилгаан шатанд суусан ахмад насны эмэгтэй мөн л үнэт эдлэлээ дээрэмдүүлсэн хэрэг гарч байсан юм. Харин БГД-ийн цагдаа одоог хүртэл тус хэргийг үйлдсэн гэмт этгээдийг олоогүй байгаа юм. Иймд бид дээрх дээрмийн хэргүүдийг нэг хүн үйлддэг байж болзошгүй гэж албаны хүмүүсээс тус хэргийн талаар тодруулахаар БГД-ийг зорьсон юм.

bairИнгээд дээрмийн хэрэг тогтмол гарах болсон 46 дугаар байранд очлоо. Тус байрны хоёр орцны хаалга хоёулаа кодтой ч, жижүүр байдаггүй аж. Болсон хэргийн талаар оршин суугчдаас тодруулахад “Энэ хэргийн талаар сонссон. Манай орцонд удаа дараа дээрмийн хэрэг гардаг болсон” гэсэн юм. Хачиралтай нь тус байрны ойр орчимд хөдөлгөөн бүртгэх камер байдаг ч тус камераар тухай үеийн хөдөлгөөнийг ажиглаж л болдог бөгөөд хөдөлгөөнийг архив үүсгэж хадгалдаггүй талаар бидэнд албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр нийслэл хотын ихэнх цэгүүдийг бүрэн камержуулсан гэдэг ч БГД-ийн 46-р байрны ойр орчимд суурилуулсан камер нь ажиглаж л болдог болохоос архивладаггүй бололтой.

Бид 46-р байрнаас гарч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байранд очив. Багагүй хүлээсний эцэст тус хорооны хоёр цагдаатай уулзлаа. Болсон хэргийн талаар тодруулахад байцаагч н.Алтантүлхүүр “Манайд ийм хэрэг бүртгэгдээгүй байна. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэс дээр бүртгэгдсэн байж магадгүй. Тэндээс асууж тодруулвал болох байх” гэсэн хариулт аваад иргэтэл “Хоёрхон цагдаа хаанаа ч хүрэхгүй байна” хэмээн хэн нэгэнд учирлах нь ард сонсогдож үлдлээ.

Тус дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр очиход жижүүрүүд нь “Тог тасарсан учраас энэ хэргийн талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн эсэхийг компьютерээс шүүж харж өгөх боломжгүй байна. Хоёр цагийн дараа холбогдохыг хүсэв. Ингээд бид Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсээс өгсөн утасны дугаар руу тохирсон цагтаа холбогдож, мэдээллийг тодруулж өгөхийг хүссэн ч харилцуурын цаанаас дүн бүртгэлийн ажилтан н.Сэлэнгээ “Манай дарга нараас зөвшөөрөл авсан тохиолдолд мэдээлэл өгөхөд татгалзахгүй” гэсэн хариулт өгөөд бидний эрэлийн ажлыг мухарлаж орхисон юм.

Иймд БГД-ийн 6-р хорооны Орчлон 46 байрны 2 орцонд амьдардаг ахмад настай иргэдийг хэн гэгч этгээд дээрэмдэх болсон бэ?, Хөдөлгөөн бүртгэх ёстой камер яагаад архив үүсгэдэггүй вэ?, БГД-ийн цагдаагийн хэлтэс одоог болтол гэмт этгээдийг яагаад олохгүй байгаа вэ гэсэн асуултууд хариултгүй үлдэж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

bair


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.