Ханиаднаас урьдчилан сэргийлэх ардын уламжлалт аргууд
Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. Зарим төрлийн эм бэлдмэлүүд нь ханиадыг зөвхөн тухайн үедээ дарж бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн төрлийн вирусээр халдварлах магадлал ихтэй байдаг байна. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлж өгдөг ажээ.
-ГЭРИЙН НӨХЦӨЛД ХАНИАДЫГ ЭНГИЙН АРГААР ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ-
Сармистай сүүгээр ханиад дарах арга: Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орох нь ханиадыг маш сайн эдгээдэг.
Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: -Нэг хоолны халбага үхрийн нүдний хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж хандална. Ингэхдээ дөрвөн цаг дарж хандлах бөгөөд өдөрт 4-5 удаа 125 мл-ийг ууна.
Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга: -Хоёр ширхэг нимбэгийг хальстай нь үрүүлд үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж нимбэгтэй хольж хутган, нэг литр буцалсан бүлээн усанд хийж таглана. Уг шингэнээ хөргөгчид хийж хонуулаад өглөө нь өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа болилоо гээд уухаа зогсоож болохгүй. Бэлдмэлээ дуустал нь ууж байж таны бие дэх ханиадны нянг устгах болно.
Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээж, хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.
Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух: Саванд 36-38 хэмийн халуун нэг литр ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, хоёр хөлөө дүрж дээгүүр нь дулаан бүтээлгээр битүү бүтээж, 10-15 минут сууна. Шилмүүст ваннд суухдаа 10 литр усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут. Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно.
-ХИЙ ХАНИАЛГАСАН ҮЕД-
Хөхүүлж ханиалгаад цээж зурагдаж өвдөөд, амьсгал багтраад ирэхийн цагт бид аль болох хүчтэй эм тариа хэрэглэж түргэн салахын түүс болдог. Тэгвэл хүлээгээрэй. Нэг арга байна. Энэ хөхүүл ханиалгыг дарах ардын аргыг бүх насныхан хэрэглэхэд үр дүнтэй.
- Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна.
- Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.
- Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө.
- Том хүнд таван ширхэг яншуй 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна.
- Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.
- Гүүний айраг, ингэний хоормогийг халааж уух нь хий ханиалгыг дардаг.
-ХАНИАДНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ-
-Олон улсын тэргүүлэгч эмч нар хүйтэн сэрүүний улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ. Ханиадны вирус маш олон янз, ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацид ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлбэл хэтэвчинд ч хэмнэлттэй. Тиймээс дараах зөвлөгөөг хүргэж байна.
САРМИС
Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн сармисыг өдөр тутмын хоол хүнсний ба эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүтэй онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах шилмэл үйлчилгээг үзүүлдэг байна.
ДАВСТАЙ УС /дөрвөөс дээш настай хүүхдэд/
Давстай усыг хүүхдийн хамарт дусаах нь хамрын хөндийг чийгшүүлж, хамар дахь нус болон элдэв бохирдлыг цэвэрлэж гаргахад тусалдаг. 2008 онд Европд хийсэн судалгаанд 6-10 насны 390 хүүхэд оролцож, далайн ус нь стандарт ханиадны эмүүдээс хамаагүй хурдан ханиадыг дарж байсныг баталжээ. Бүлээн давстай уусмал бэлдсэний дараа хамрын дусаагуураар хүүхдийн хамарт дусаана. Хүүхдийн толгойг гэдрэг хэсэг байлгаж уусмал хамрын хөндийгөөр чөлөөтэй нэвтрэх боломж олго. Дараа нь өндийлгөж суларсан нусыг цэвэрлэж аваарай.
-ХАМАР ЦЭВЭРЛЭХ /хоёроос дээш настай хүүхдэд/
Хүүхэд ханиадтай үед хамрыг нь тогтмол цэвэрлэх нь хамгийн шилдэг арга байдаг. Хамрыг цэвэрлэснээр хүүхэд чөлөөтэй амьсгалж чадахаас гадна унтахдаа ч амар байх болно. Ид ханиад эхэлж байгаа үед хамраас нь тогтмол ус гоождог. Энэ тохиолдолд хамрыг цэвэрлэхдээ хамгийн сайн сальфетка эсвэл зөөлөн даавуу хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл тогтмол хатуу цаас, муу сальфеткаар хамраа үрэх нь жижиг хүүхэд гэлтгүй том хүний хамрыг ч улайлгаж өвчлүүлдэг.
-ҮНЭРТЭЙ ТОСОН ТҮРХЛЭГ /гурван сараас дээш/
Биднийг бага байхад ээж, эмээ нар маань гавар түрхэж цэгт массаж хийж өгдөг байсныг санаж байгаа биз дээ. Одоо үед гавраас арай зөөлөн боловч ийм төрлийн үйлчилгээтэй үнэртэй тосон түрхлэгүүд гадуур зардаг болжээ. Судалгаанаас үзэхэд эдгээр тосон түрхлэгүүд нь хамрын битүүг эмчлэхэд ямар нэгэн үр дүн өгдөггүй нь батлагдсан. Харин хамар битүүрсэн үед зөөлөн сэнгэнэсэн мэдрэмж төрүүлж ханиад хүрэгчид таатай сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ тосон түрхлэгийг цээждээ, нуруундаа, хүзүүндээ түрхэж хэрэглэхээс гадна хамар битүүрсэн тохиолдолд хамрын хоёр талаар, хамрын доод болон угалз хэсэгт түрхэж хэрэглэхэд амьсгалахад арай дөхөмтэй болгодог.
-ГАРЫН ЦААС, ГАР АРИУТГАГЧИЙН ОРОНД САВАН УС ХЭРЭГЛЭ-
Хүмүүс одоо гараа ариутгахдаа чийгтэй гарын цаас, эсвэл гар ариутгагч хэрэглэн, гарын ариун цэвэр сахих болсон. Гэхдээ гар олон нийтийн газар зэрэг бохир орчинд явсан үед эдгээр хэрэгсэл нь хамгаалж чадахгүй гэж эрдэмтэд сануулж байна. “Хэдийгээр ариутгагч 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгчдийг бүрэн устган таны гарыг гүйцэд цэвэрлэж чадахгүй. Харин хамгийн найдвартай арга бол гараа савантай усаар угаах. Олон нийтийн газраар явж ирснийхээ дараа гараа заавал угаах хэрэгтэй.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл