ТОЙМ 2019: Сур ба шагай харвааны аваргуудын сэтгэгдэл

М.Амаржаргал / Спорт

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадам уламжлал ёсоороо Урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо онцлогтой. Монголын Урианхай ястны уламжлалт “хавчаахай” буюу эвэр нумаар 350-450 гр жинтэй зангидсан суран байг онож цэц мэргэнээ сорин нааддаг. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60 гр жинтэй байдаг. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь монголчуудын уламжлалт ёс, зан заншлыг эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхэн онцлогтой, зөвхөн Монголын өв соёл, наадам билээ.

image

УРИАНХАЙ СУР

Энэ жилийн Урианхай сурын харваад 16 улсын мэргэн, 66 спортын мастер, 24 спортын дэд мастер нийт 178 харваач оролцов. Нийт 178 тамирчин тус бүр 10 удаа босож, 3 сум тавих буюу нийт 30 сум тавьсны дараа тэмцээний ялагч тодорсон юм. Харваачид дөрөв дөрвөөрөө таван зурхайд ээлжлэн харваж, самбарын тав, ерөнхий нэг шүүгч шүүлээ. Ховд аймаг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн ЗДТГ, "Гигант" хүнсний сүлжээ дэлгүүр, "Гүрт богд" ХХК-ийн харваач улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг түрүүллээ. Тэрбээр хоёр дахь удаагаа түрүүлж Урианхай сурын хошой мэргэн болсон.

Ц.Батзориг 30 сумнаас 30 оносон дээд амжилт эзэмшдэг билээ. Хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл, гуравдугаар байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат шинээр спортын мастер цолны болзол хангасан З.Ариунбат орсон. Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын харъяат улсын мэргэн Батхуягийн Хатансайхан, тавдугаар байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат спортын мастер Б.Батбаатар орж наадамчин олноо баясгав.

БУРИАД СУР

Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваад нийт 205 харваач цэц мэргэнээ сорьсноос спортын мастер НЭГ, спортын дэд мастер ДОЛООН төрсөн сайхан үйл явдал болсон.

Буриад сурын эрэгтэйчүүдийн төрөлд байр эзэлсэн харваачид:

Нэгдүгээр байрт: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, Батлан хамгаалахын их сургууль, “Жем Интернэйшл” ХХК-ийн харваач, Буриад сурын улсын мэргэн Нармандахын Алтантулга - 61/7 оноо

Хоёрдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, “Цамбагарав өгөөж” ХХК-ийн харваач_ Буриад сурын спортын мастер Заграагийн Нямсүрэн - 61/5 оноо

Гуравдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, “Жем Интернэйшл” ХХК, “Монголын мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн харваач Хайдавын Хүрэлтуяа - 60/7 оноо

Дөрөвдүгээр байрт: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтандуулга баг, “Тус дор” ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер Банзрагчийн Пүрэвсүрэн - 59/9 оноо

Тавдугаар байрт: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “Хангарьд” спорт хорооны харваач, Буриад сурын улсын мэргэн Нямсүрэнгийн Өлзийхутаг – 58/1 оноо

image

Буриад сурын эмэгтэйчүүдийн төрөлд байр эзэлсэн харваачид:

Нэгдүгээр байрт: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Буриад сурын спортын мастер Чагнаадаржийн Гандаваа – 59/9 оноо

Хоёрдугаар байрт: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” компанийн харваач, Буриад сурын спортын мастер Дашцогзолын Эрдэнэтуяа - 57/7 оноо

Гуравдугаар байрт: Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Буриад сурын улсын мэргэн Эрдэнэбилэгийн Оюунжаргал – 57/3 оноо

Дөрөвдүгээр байрт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52-р сургууль, Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Буриад сурын спортын мастер Бадам-Очирын Пунсалдулам – 54/5 оноо

Тавдугаар байрт: Улаанбаатар хотын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Хан-Уул дүүрэг, “Петровис” компани, “Очирваань” клубийн харваач Юрагийн Мөнхчимэг – 53/6 оноо

Буриад сурын эрэгтэйчүүдийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн Х.Хүрэлтуяа спортын мастер цолны болзол хангасан бол спортын дэд мастер цолны болзлыг;

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, “Зуу мэргэн” холбооны харваач Очиржавын Дашням - 54/ оноогоор

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Зэвсэгт хүчний 327-р ангийн харваач Мэлсийн Бат-Орших - 54/4 оноогоор

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач Машбатын Зоригт 56/1 оноогоор

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Лувсангүрийн Энхбат – 54/3 оноогоор

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, “Хасар мэргэн” клубийн харваач Гомбын Зулбадрах - 54/4 оноогоор

Ховд аймгийн Мөнхайрхан сумын уугуул Шилэгийн Баянмөнх – 54/7 оноогоор

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач Жамьянсүрэнгийн Эрдэнэбилэг – 54/3 оноогоор тус тус хангажээ.

ҮНДЭСНИЙ СУР

Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцжээ. Эндээс оноогоороо шалгарсан 540 харваач одоо цэц мэргэнээ сорьж байгаагийн 104 нь шинэ залуу харваач байгаа нь үндэсний спорт хөгжиж буйгийн тод жишээ. Ахмад мэргэчүүд “Залуу хойч үе маань үндэснийхээ спортоор ихэд сонирхон хичээллэж байна. Жил бүрийн наадмаар ахмадууд “Ийм олон харваач оролцож байсан наадам үзэж байсангүй ээ” гэж бахдан ярилцдаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 700 харваач оролцсон нь сур харваа ямар түвшинд хөгжиж буй нь харагдаж байгаа болов уу. Харваачид бид тун удахгүй сурынхаа талбайд багтахгүй олууллаа болох нь” хэмээн хуучилж байлаа.

image

Эрэгтэй харваанд 360, эмэгтэйд 180 харваач өрсөлдөж байна. Эдгээр 540 харваачдын дотор гадаадын хоёр иргэн байсан нь наадамчин олны сонирхлыг ихэд татаж байсан юм. Энэ жилийн наадмын харваачдын хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь гурван настай. Халх сурын харвааны дүрмээр “Нэг хүн нэг босохдоо 4 сум харвадаг ба ээлж дараагаараа нийт 10 удаа босож харвасны эцэст 40 сум тавина. Ингээд хасаа, хана сур харваа дууссаны дараа хамгийн их оноо цуглуулснаар нь түрүү байрыг шалгаруулдаг аж. Гурван өдрийн турш үргэлжилсэн сур харваанаас ХОЁР улсын мэргэн, ХОЁР гоц мэргэн төрж сурын талбайд цугларсан наадамчин олны уухайн түрлэгээр тэдэнд баяр хүргэв. Тодруулбал,

  • Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогтбаяр 40 сумнаас 39 оносноор улсын мэргэн цолны болзол хангалаа.
  • Э.Ганчулуун 40 сумнаас 38 онон “гарамгай мэргэн” цол хүртсэн
  • Гуравдугаар байранд Ховд аймгийн “ГүртБогд” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн Д.Чулуунбат монгол улсын “гоц харваач” цол хүртлээ.

Үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:

Нэгдүгээр байранд Дундговь аймгийн уугуул, “Цахиур” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумаас 37 оносноор түрүүлж "Монгол улсын мэргэн" болов.

Хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52-р сургууль, “Мондэ” багийн харваач улсын мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 36 онон тодорлоо.

Гуравдугаар байранд Булган аймгийн уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач аймгийн мэргэн Б.Баярцэцэг орж “гоц мэргэн” цолны болзол хангалаа.

image

ШАГАЙ ХАРВАА

Үндэсний их баяр наадмын шагайн харваан тэмцээн шөвгийн дөрөвт шалгарсан багуудын тоглолт эхлэхээс өмнө болсон маргааныг эс тооцвол сайхан болж өндөрлөлөө. Шагайн харваан тэмцээнийг наадамчин олон шимтэн үздэг. Гурван өдөр үргэлжилсэн шагайн харваан тэмцээнд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирдэг уламжлалтай. Энэ жилийн шагайн наадгайн хувьд үзүүштэй, өрсөлдөөн ширүүн болж өрнөсөн. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” баг үндэсний их баяр наадмын дөрөв дэх түрүүгээ авсан. Өмнө нь Үндэсний их баяр наадмаар 2007, 2008, 2009 онд түрүү авч байжээ. Нийтдээ наадамдаа гурван удаа хоёрдугаар байр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж байсан асар их туршлагатай хамт олон юм. Тус багийн харваачдын хувьд удам дамжсан олон сайхан харваачид байдаг аж.

image

Харин мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, “АПУ” компанийн тамирчин, багийн ахлагч С.Ямааранз багийнхаа тоглолтын тухай ярихдаа “Манай багийн харваачдын ихэнх нь залуу харваачид байгаа. Саяхан багаас маань Улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан байдаг. Цаашдаа багийн тамирчид маань улам туршлага суух байх. Дараа жилийн наадмаар сайн тоглоно. Миний хувьд ес дэх жилдээ “АПУ” хувьцаат компаниар овоглож байна. Би Архангай аймгийнхаа залуу тамирчдыг дэмжиж, багаа бүрдүүлдэг. Үндэсний их баяр наадмаараа өмнө нь хоёрдугаар байранд орж байсан. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, Улсын аварга ч болж байсан. Манай багийн хамгийн залуу тамирчин 20 настай” хэмээн бидэнд ярьсан юм.

Энэ жил ахмад болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 97 багийн 800 орчим харваачид оролсон. Үүнээс ахмадын 13, насанд хүрэгчдийн 84 баг харваачид идэвхтэй оролцож, өрсөлдөөн үзүүллээ.

image

Гурван өдөр үргэлжилсэн шагайн харвааны шигшээ тавд:

  • УБТЗ-ын Л.Болд ахлагчтай “УБТЗ” баг
  • АПУ ХХК-ийн С.Ямааранз ахлагчтай “АПУ-Алдар” баг
  • Өмнөговь амгийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Өмнөновь” баг
  • Төв аймгийн Ц.Энхбат ахлагчтай “Хийморь” баг
  • Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ёроо гол ХХК” баг шалгарч байр эзлэв.

Шагайн харваан шигшээ тоглолтын үеэр ахмад харваачдын багийн дүнг танилцуулж, шагналт байр эзэлсэн багуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ингээд ахмадын шагайн харвааг тэргүүлсэн “Ханхэнтий” багийн тамирчин, Улсын мэргэн Ж.Бүхнээ гуайтай цөөн хором ярилцаж сэтгэгдлийг нь сонсоход “Энэ жилийн шагайн харваан наадам өнгөтэй сайхан болж байна. Би Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, малчин хүн. Энэ жил Үндэсний их баяр наадамдаа оролцохоор хэдэн сайхан дүүтэйгээ ирээд сайхан наадлаа. Их баяртай байна. Нөхдийн хүч их байлаа. Багаараа долоон удаа тоглож, завсаргүй дараалан хожиж, түрүү байр хүртлээ. Хуучин ахмад харваачид энэ тэмцээнд орох үедээ ад шоо болдог байлаа. энэ жил манай холбооноос дэмжиж, ахмадуудаа идэвхтэй хамруулж байгаад баяртай байна. Амадууд жилдээ нэг уулзана. Бие биеэ дэмжинэ. Настай хүмүүс үндэсний шагайн харваагаар хичээллэж, өрсөлдөөд сайхан байдаг” гэж хуучилсан юм.

image

Шагайн харваан ахмадын багт ганц эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж, багаараа тусгай байрын шагнал хүртсэн нь ихээхэн онцлогтой байв Түүнийг Д.Эрдэнэцэцэг гэдэг бөгөөд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул. Тэрбээр ярихдаа “Манай баг Үндэсний их баяр наадмаараа шагайн харваад оролцож, тусгай байрын шагнал хүртлээ. Би өмнө нь буудлагын спортоор хичээллэдэг байсан. Тэрнээс үүдээд шагайн спортоор хичээллэж эхэлсэн. Би өмнө нь 2016 оны шагайн харваан улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Мөн 2017 онд шагайн харваан цомын аваргын дөрөвдүгээр байранд шалгарч байсан бол өнгөрсөн онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан” гэв.

Харин Ахмадын шагай харваанд:

  • Тэргүүн байранд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг
  • Дэд байранд Сэлэнгэ аймгийн Д.Пүрэв ахлагчтай баг
  • Хүрэл медал буюу гуравдугаар байранд Дорноговь аймгийн Ч.Гомбо ахлагчтай баг
  • Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Г.Тулга ахлагчтай баг тус тус байр эзлэв.

Ийнхүү монгол түмний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.30] 2019-07-16 13:09:36

Наадам зохион байгуулах комиссын дарга нарын шийдвэр. Төрийн томчуул яаж мэдэх билээ дээ. Бага ястангууд гэсэн жоохон давалгаа байгаагүй байлгүй дээ. Алс баруун хязгаар Баян-Өлгий. Ховд алс зүүн хязгаар Дорнод Хэнтийн харваачид байдаг бололтой

зочин [64.119.19.162] 2019-07-16 12:00:05

урианхай сур,буриад сурын харваанд байр эзэлсэн,түрүүлсэн харваачдаа цэнгэлдэхэд оруулж шагнасангүй.Эрлийз морь шиг гадуурхаж байгаа юм уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.