Ахлах ахлагч З.Ариунболд "Шилдэг ахлагч" шагналын эзэн боллоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 60 жилийн ойд зориулан “Шилдэг ахлагч” нарыг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ХЗДХЯ-ны хурлын танхимд (2025.06.16) боллоо.
Дотоод хэргийн их сургуулиас “Шилдэг ахлагч” хүндэт тэмдгээр Их сургуулийн Цэргийн зохион байгуулалт аюулгүй байдлын газрын Цэргийн албаны зохион байгуулалт бэлэн байдлын хэлтсийн туслах жижүүр, ахлах ахлагч З.Ариунболд шагнагдав.
Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл гардуулан өгсөн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Ахлах ахлагч З.Ариунболд нь 2004 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчнээр томилогдон ажлын гараагаа эхэлснээс хойш харуулчин, шалган нэвтрүүлэгч, жагсаалын даргын албыг хашиж эхлээд өнөөдрийг хүртэл 22 дахь жилдээ ажиллаж байна. Харин 2011 онд Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн ротын жагсаалын даргаар томилогдсноос хойш Их сургуульдаа тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ахлагчдын нэг юм.
“Шилдэг ахлагч”-аар тодорсон ахлах ахлагч З.Ариунболд танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл