Б.Чойжилсүрэн сайдын "холион бантан"-г редакцийн алдаа гэж үзжээ

Д.Тулга / Улстөр

choijilsuren

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл явсан. Харин гишүүд үүнийг үгүйсгэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, саналаа дахин харах шийдэлд хүрсэн. Үүнээс өмнө эрх баригч нам бүлгийнхээ хуралдаанаар дөрвөн чиглэл дээр дахин долоон үйлдвэрлэлийн чиглэл нэмэх, борлуулалтын орлого гэдэг үгийг ашигт ногдох татвар болгон өөрчлөх асуудлыг магадлахаар болсон юм.

Учир нь, хуулийн төслийг өөрчлөх ерөнхий санал бүлгээс гарсан гэх мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийж, саналуудаа эргэж харснаар татах эсэхээ шийднэ гэсэн билээ. Анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад дөрвөн чиглэл дахин долоогоор нэмэгдэж, ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд уг хуулийн төсөл үйлчлэхээр орж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Энэ хувилбар тэр чигтээ батлагдах аваас 19 тэрбумын орлоготой компани 18 тэрбумын зарлагыг жилдээ гаргадаг гэсэн тайлан хийснээр уг хөнгөлөлтөд шууд хамрагдах эрхзүйн сул орчин үүснэ. Нөгөөтэйгүүр компани үйл ажиллагааныхаа чиглэлийг олон хуваах замаар жижиг үйлдвэрлэлийн нэрээр татваргүй орчин үүсгэх аюул ч байна. Тиймээс ч УИХ-ын дарга М.Энхболд “Наадах чинь жижиг ААН-ийг дэмжих бодлого биш болчихлоо. Том үйлдвэрлэлийг дэмжих нь” гэж онцолсноор асуудлаа эргэж харахаар болсон билээ.

Эрх баригч намын гишүүдийн өгч буй мэдээллээр бол гэнэт гарч ирсэн “ашигт ногдох татвар” гэдэг үгээ редакцийн алдаа гэж үзсэн байна. Нэгэнт редакцийн алдаа гэж үзсэн тул анхны хувилбараар буюу борлуулалтын орлого гэдэг үгээрээ явах юм байна. Түүнчлэн дөрвөн чиглэл дээр нэмэх асуудал дээр хэт улстөржилт явагдвал нэмэгдсэн хэдийг нь хасаад хаячих хувилбар ч яригдаж байгаа аж.

Өмнө нь төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дөрвөн чиглэлийн “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”, “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд “эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар болсон.

Сүүлд үндсэн байдлаар нэмэгдсэн таван чиглэлийн үйлдвэрлэлийн тухайд “Нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, “Мэдээллийн технологийн үйлчилгээ”, “Программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, “Мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах саналууд дэмжигдээд байгаа юм.

Энд зориуд онцлоход, “Оргил” худалдааны төвөөрөө овоглодог Ж.Ганбаатар гишүүн нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарын татварыг хөнгөлөлтөд хамруулахыг санал гаргаж, дэмжигдсэн. Харин “Интермэд” эмнэлгийн толгой болох “MCS” группийн тэргүүн боссуудын нэг Л.Элдэв-Очир мөн л ахуйн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг татварын хөнгөлөлтөд хамруулах асуудлаар идэвх чармайлт гарган ажилласан байна. Мөн мэдээллийн технологийн үйлчилгээг татварын хөнгөлөлтөд хамруулах санал гаргаж, дэмжүүлсэн Г.Занданшатар гишүүн л гэхэд бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий “Монитор Консалтинг групп”, “Монголиан силикон валлей” ХХК-иудыг эзэмшдэг байх жишээтэй. Мөнхүү Их засаг их сургуулийн захирлын хүү Н.Учрал оюуны салбарыг, Ц.Гарамжав гишүүн импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийг нэмүүлэх санал ч гаргаад амжсан юм.

Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ ихэнх нь 100 хувийн эзэмшилтэй 20 гаруй компанийн нэр жагсаасан Б.Чойжилсүрэн сайдыг холион бантан хутгаж, эрх ашгийн зөрчил үүсгэлээ гэж намынх нь нөхөд хүртэл загнасан нь учиртай билээ. Томоохон ААН-үүд редакцийн алдаа нэрээр оруулж ирсэн ашигт ногдох татварын хүрээнд зардал, үйл ажиллагааныхаа чиглэлийг олон тийш нь сайтар жижиглэхэд энэ хуулийн үйлчлэлд хамрагдчих эрсдэлтэй билээ.

Тиймээс ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж, намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна” хэмээн хатуухан үг чулуудсан юм.

Одоогийн тодорхой байгаа нөхцөл байдал нь хуулийн төсөл анх өргөн баригдсан хэлбэрээсээ тэс өөр хувилбарт шилжсэн явдал. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулган, байнгын хороодын хэлэлцэх асуудлын дараалалд уг хуулийн төсөл багтсан. Тэгэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Чойжилсүрэн сайдын хутгасан холион бантанг цэгцэлж, нэмэгдсэн хувилбараар нь зүтгүүлэх хувилбар явахаар харагдаж байна.

Уг нь энэ хуулийг бага орлоготой жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тухайлсан чиглэлээр дэмжихээр зорьж боловсруулсан. Эхний хувилбараар 4678 ААН татварын хөнгөлөлтөд хамрагдахаар байсан. Харин эцсийн хэлэлцүүлэг дээрээ жижиг ААН-ээс томоохон компаниуд хүртэл энэ хөнгөлөлтөд хамрагдахаар болжээ. Манай улс төсвийн орлогынхоо 80 гаруй хувийг цэвэр татвараас бүрдүүлдэг учир их багагүй хөнгөлөлтөд хамрагдахад улсын данс улайх аюул ч нүүрлэх өндөр эрсдэлтэй билээ.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.