Иран улс баллистик пуужин туршив
Өнөөдөр Иран улс “Хоррамшахр” нэртэй баллистик пуужингаа амжилттай туршсан талаар “Ирна” агентлаг мэдээлжээ. Энэ пуужин нь 2000 км-ийн тусгалтай, олон төрлийн цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтайгаас гадна хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан хийсэн учир онилсон байндаа яг тусах чадалтай аж.
Өнгөрсөн баасан гаригт Тегеран хотноо болсон цэргийн парадын үеэр энэ пуужинг нийтэд танилцуулсан байна. Уг парадын үеэр Ираны ерөнхийлөгч Хассан Роухани үг хэлэхдээ “Бид улс орноо хамгаалахын тулд цэрэг армийн сүр хүчээ нэмэгдүүлэх болно” хэмээн мэдэгдэж байв.
Энэ оны долдугаар сард тус улс пуужин туршсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Трампын засаг захиргаа АНУ-ын Ираны талаархи бодлогыг өөрчлөхийг оролдож буй. Тухайлбал, Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон зургаан гүрний хооронд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн талаархи хэлэлцээрийг цуцлах асуудлыг авч хэлэлцэж байгаагаа Цагаан ордны одоогийн тэргүүн цухуйлгаж байв.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, ажиглагчид Ираны сүүлд хийсэн пуужингийн туршилт тус хоёр улс хоорондын харилцааг хурцатгаж болзошгүй гэж үзэж буй аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл