БОГД УУЛАНДАА АМЬДАРМААР БАЙНА

Aдмин / Нийгэм

Дэлхийн улс орнуудыг анзаарахад ард түмэн нь байгалийн үзэсгэлэнт газрууддаа амьдардаг. Ямар л гоё нуур, мөрөн, гол байна, тэр болгоныхоо хөвөөн дээр нь хот суурингаа барьдаг. Ой, тайга, моддоор хучигдсан хөндий, бэлд суурьшицгаана. Мөн далай, тэнгисийн эрэг дээрээ том том хотуудыг сүндэрлүүлсээр. Энэ бол Ази, Европ гэж ялгах юм үгүй, дэлхийн хүн төрөлхтний амьдралын хэв маяг болчихсон. Энгийн жишээ гэхэд дэлхийн улс орнуудын аяллын бичлэг, зураг, танилцуулгыг харахад хотууд нь дандаа байгалийн үзэсгэлэнт газар, гол мөрний хөвөө, далайн эргийн ойролцоо оршдог, таатай уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг шүү дээ. Монголчуудын олноор зорчин очдог Сөүлийг хар. Хан мөрөн дундуур нь урсаж, эргээр нь тэр том хотын иргэд амьдарч байна. Далайн дулаан уур амьсгал түрж орж ирдэг Бээжин хотыг бас хар. Хойд хөршийн Москва хотын дундуур Москва гол урсдаг. За, тэгээд Америкийн том хотууд ч гол ус, далай, ойтой ойр. Дэлхийн хүн төрөлхтөн хүн амьдардаг, төвлөрсөн газруудаа ямагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ус рашаан ундарч урссан газруудад байгуулсаар иржээ.

Манай нийслэл хотын хувьд Өргөө гэж нэртэй байхдаа буюу 1639-1778 оны хооронд л гэхэд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсэн түүхтэй. 1778 онд одоогийн байгаа газартаа буюу Алтан тэвшийн хөндийд Их Хүрээ нэртэйгээр тогтсон юм гэдэг. Уул ус, ургамал ногоо, ан амьтан нь тэгширсэн энэ сайхан хөндийг бидний өвөг дээдэс хожим холыг, өнөөдрийг харж шинжиж сонгож өгчээ. Энэ хөндийд суурьшсан үеэсээ нийслэлийн иргэд маань Богдхан уул руу, мод руу орж амьдрахааргүй байсан л даа. Учир нь малтай байсан. Малтай айл модноос хол амьдардаг. Хонь мал нь мод руу орчихвол харагдахаа байж бараа сураг нь тасардаг. Тийм болохоор малаа хөндий, усаа дагуулж харууцтай газарт амьдарсаар ирсэн. Харин одоо хотын иргэд цэвэр суурин амьдрал руу шилжиж, мал ахуйгаа хотоос гаргачихсан учир Богд ууландаа амьдрах цаг ирчихлээ. Цаг үеэ дагаж, иргэдийн амьдрах орчин өөрчлөгдөх нь жам ёсны асуудал.

Гол ус бараадуулсан хэд гурван аймгийн төв, Зүүн, Баруун харааг эс тооцвол аймаг, сумын төвүүд голдуу аль л усгүй, цулгуй, салхи, жаврын аман дээр шаваа тавьчихсан байдаг юм. Ялангуяа энэ өргөн уудам нутагт шагай шиг цацагдсан сумын ов товхон төвүүдийг сана. Хээр талд, халцгай, цагаан шороон дунд торойсон хэдэн байшин зэрэглээн дунд уйтгартай сүүмэлздэг. Яваад очихоор үнс шиг шороон дээр буудаг. Энэ бол нийтлэг төрх.

Нийслэл Улаанбаатар хотын урд орших Дархан Цаазат Богдхан уул бол 40 орчим амтай. Эдгээр амыг нь нар зөв тойрон нэрлэе л дээ. Их тэнгэр, Бага тэнгэр, Залаат, Залаатын богино, Хүрхрээ, Их бага хүрэл тогоот, Чулуут, Бумбат, Харганат, Төр хурах, Шажин хурах, Ширдэгт, Ширдэгтийн богино, Баянбулаг, Өгөөмөр, Зүүндэлгэр, Зүүн Зуунмод, Баруун Зуунмод, Баруун дэлгэр, Бөхөг-Түргэн, Өвгөнт өвөр Зайсан, Ар Яргайт, Тайн, Ноён, Жаргалант, Ташгай, Ихбулга, Өвөрсайхан, Нүхт, Арцат, Хүүш, Гурван зандмаан, Зандмааны богино, Ар Зайсангийн ам. Эдгээр нэрсийг уншихад арваадыг нь бол хүмүүс сайн мэдэх байх. Хүрэлтогоот орчмын хотхонууд, Асем веллагаас эхлүүлээд Их, Бага тэнгэрийн амны хотхон, суурингууд бий. Зайсан бол хүн ам ихээхэн төвлөрч, тэлж буй нэг аймгийн хэмжээнээс ч илүү хүн амтай болоод байгаа. Зайсангаас Богинын ам, Богинын амнаас Хийморийн овоо хүртэл Богд уул талдаа ямар гоё гоё хотхонууд сүндэрлэчихсэн гээч. Баруун тийшээ Вива ситигийн урд сүүлийн үеийн хийцтэй хотхон, хорооллууд босч тэнд нэг сумаас ч их хүн ам амьдарч байна. Арцат, Нүхт тэр чигтээ сайхан хотхонуудаар дүүрсэн. Тэр бүтээн байгуулалтыг Шинэ Яармаг хороолол залгуулж байгаа юм. Тэндээс Жаргалантын ам хүртэл барилгажиж, хөл хөдөлгөөнтэй газар болсон. Урагш давахаар сүүлийн үед хүмүүсийн нэршлээр Кувейтийн гэгддэг ам бий. Тэр хавьд суурингууд сайхан тэлж байгаа. Бугат велла гээд хотхонууд байгаа. Зүүн тийшээ Төр хурах, Шажин хурахын ам руу суурин, байшингууд түрж л байна. Хонхорын тэр хавь бол ер нь их сайхан агаартай, үзэсгэлэнтэй газар л даа. Ер нь ингээд Богдхан уулын зүүн, баруун, хойд талаас суурин амьдрал цагийн аясаар түрээд мод руу нь тулаад ирчихсэн байна.

Одоо энэ суурин болоод хотхонуудаа засмал болон дугуй, аялагчдын замаар холбох хэрэгтэй. Аялагч, дугуйчдын замынх нь дагуу боловсон бие засах газар байгуулж, халуун цай, түргэн хоолтой цэгүүд, гэрэлтүүлгийг нь байгуулаад өгчих. Ингэснээр энэ хотхонууд цогцоороо Богдхан уулыг бүрэн хамгаалалтад авснаас ямар ч ялгаагүй л дээ. Нэг ёсондоо энэ хайрхан байнгын хараа хяналт тавьдаг эзэн, байгаль хамгаалагчидтай болчихож байгаа юм.

Ой мод гэхээр "Байгаль сүйтгэчихнэ, түймэр тавьчихна" гэдэг ойлголт монголчуудыг олон жил дагаж айлгаж ирсэн. Түймэр тавина гэдэг ойлголт алга болж байгаа. Гэрээ шатааж суудаг хүн гэж байх уу. Энэ бол худлаа шүү.

Ой мод руу оруулдаггүй, ойртуулдаггүй байсан шалтгаан нь "Байгаль сүйтгэчихнэ, түймэр тавьчихна" гэдэг л сэрэмжлүүлэг байж. Орчин үеийн хүмүүс амарч зугаалах бүс, цардмал замтай амрах хэсэг, маршрут заасан жим замаар л явж салхинд гарна уу гэхээс зэрлэг, неандертал хүмүүс шиг зам, зүггүй газраар ууланд гүйж харайна гэж юу байх вэ. Шинэ цагийн хүүхдүүд ялаа, шумууланд хазуулна гэхээс төвөгшөөж, аалз хараад бархирцгаагаад модон дундуур алхахаа больчихсон. Явган аялагчдын гаргасан жимээс барагтай бол гарахгүй, сууж амардаг газарт нь л ирж түр амсхийж, барьж ирсэн хогоо зориулалтын саванд нь хийгээд хэвшчихсэн. Ийм байхад байгаль сүйтгэнэ, түймэр тавина гэж хориглох нь өөрөө хоцрогдсон асуудал

шүү.

Нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүсийн ойлголт, сэтгэхүй дээшилж, амьдрах орчноо хайрладаг болсон болохоор монголчуудыг, нийслэлчүүдийг, хүн ардаа Богд ууландаа амьдардаг болгоё оо. Нийт хүн амын гуравны нэгээс ч илүү нь амьдарч байна шүү дээ, Улаанбаатарт. Хэрвээ Улаанбаатарын иргэд Богд ууландаа амьдардаг болбол "Гадаа чинь гадаад шиг байна" гэж төсөөлөн боддог чинь Богд ууланд очиход биелнэ. Гадаадад юм шиг амьдрах уул нь бэлэн байна шүү дээ. Хэрэвзээ энэ бүхэн ажил хэрэг болоод Богд уул руу суурингаа тэлээд эхэлбэл, хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Ил модон жорлон, утаат янданг тас хорих ёстой. Анхнаасаа л энэ хоёр шаардлагыг хатуу тавих нь зөв. Гэр хорооллыг л бий болгочихгүй байх хэрэгтэй.

Богд уулын бэлд суурьшсан иргэд, модон дотор байшинтай хүмүүс юу гэж байгаль сүйтгэх юм бэ, юу гэж шүдэнз асаагаад өвс, мод шатаах юм бэ. Гэр нь, амьдарч байгаа орчин нь тэр юм чинь байгалиа харин ч нэг хамгаална. Хотод шилжин ирэгсдийн хоёр, гуравдугаар үеийн хүүхдүүд буюу хотынхон л голдуу амьдрах байх. Түүнээс биш хамаг малаа зараад Богд ууланд байшин худалдаж авах малчин одоохондоо гарахгүй болов уу.

Өглөө хот руу ажилдаа ирцгээж, орой нь харина, амралтын өдрүүдээрээ зүлэгтэй талбай, амралтын тусгай газар, бүсэд ирж налайж амарч, алхаж агаарладаг юм билээ, гадныхны амьдралыг хараад байхад. Тэр жишгээр Улаанбаатарын иргэд ч амьдрах бүрэн боломжтой. Бид энэ их агаар, хүчилтөрөгч үйлдвэрлэгч Богдхан уул, ой модонд очиж амьдаръя л даа. Түүнээс энэ уулыг харж суугаад яах юм бэ. Богд уулыг харж суумааргүй байна. Хайрлах гэж байгаа бол очиж амьдарч байж хайрлана биз дээ. Тэртээ тэргүй амьдраад эхлэхээр хүн чинь орчин тойрноо, байгалиа хайрлаад эхэлдэг юм.

Байсхийгээд л Богд ууланд газар авлаа, Богд ууланд байшин барилаа гээд хэрэлдээд, нэгнийгээ чичлээд эхлэх юм. Ингэж хэрэлдэх нь буруу. Шажин хурахаас цааш урагш тойроод Өгөөмөрийн ам буюу Майдар сити, Зуунмодны ам гээд тойроод тосгон, суурин барьчихад 1.6 саяд хүрсэн Улаанбаатарын хүн ам тэр чигээрээ Богд ууландаа шингээд амьдарчихна.

Дэлхийн улс орнууд иргэдээ, хүнээ гоё амьдрах нөхцөлөөр нь хангаж, боломжийг нь бүрдүүлдэг, өгдөг. Манай сумдын байрладаг тэр халцгай, мод ургамалгүй, хөндий, тал шиг газруудаа тариалан, фермерийн аж ахуй зэргээр аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг юм билээ. Америкийн тэр алдартай, цуутай хөндийнүүдийг сонссон л байх, тэнд үйлдвэрлэл өрнөдөг. Харин хүнээ модтой, устай, байгалийн аль л сайхан газарт суурьшуулдаг. Тэндхийнхэн хөндийгөөс ажлаа тараад моддын дундах байшиндаа ирж, гадаанаа кофе оочлон сууж алжаалаа тайлж, ханатлаа хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Гэтэл монголчууд хүн төрөлхтний энэ эрүүл хэв маяг, жишгээс эсрэгээр амьдарч иржээ. Явж явж ядруу, хоосон байдаг нь байгальтайгаа ойр амьдардаггүй, стресс ихтэй байдагтай холбоотой ч байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.64] 2024-08-23 15:55:36

Байгалийг нь сүйтгээд байшин бариад харахын эцэсгүй шарилж, шороо л байна лээ дэг. Хүн арчаатай бол орчноо өөрөө модоо тариад сайхан амьдарч болнодог. Шарилж хүртэл ургахгүй болгоод өөрсдөө зүлэгжүүлээд сайхан бусадтайгаа эелдэг байгаад стресгүй амьдрана шдээ. Заавал Богд уулын дархан цаазат газар дээрээ хуулиа мөрдөж чадахгүй авилгалаараа байшин бариад хотжуулаад байх хэрэггүй биз дээ. Богд уулынхаа төлөө зогсож хамгаалахгүй, энэ сүүлийн 1991 оноос хойш буруу алдаануудаа засахгүй яваад байх уу Нийслэлчүүдээ Буруу зүйл муу л үр дагавар авчирна даа угаасаа, Үр хүүхэдээ нэг хараад бодох хэрэгтэй биз дээ

Дурсамж [202.9.41.31] 2023-05-10 21:38:24

10 жил бхд ямар ч өндөр уул байлаа да, гарах гэж замдаа амраад орой дээр нь грдг бмх сн,гоё бж

зочин [66.181.177.99] 2023-05-10 14:21:00

Яасан цэцэрхүү мал вэ? Чам шиг тэнэгүүд л гал алдана даа.

Зочин [64.119.23.208] 2023-05-10 10:32:28

УБн хүн ам Богд уулын аманд амьдардг , амьдардаггүй гээд ааааллльь эрт хуваагдцсан бхшү. Бараг л цэрэг хил гаальтай болохл дутуу юм бишү? Хэдэн хүнии л гарын бэл болдог л дуулддагшд. Тиишэ хамгааллт эн тр мундг гишгүүлдэггүй гээд ТВр гараад блуу? Тэндхиин ам хамарлуу орох агаар салхииг удахгүй зарж ч мэдиишү тэд чадна

Зочин [202.21.100.210] 2023-05-10 09:53:52

Дархан цаазат гээд газраа үнэд оруулаад төр нь зардаг зарчим л үйлчилж ирлээ. Үүний цаана бөөн автлга албан тушаалын гэмт хэрэг эргэлдэж байдаг. Иргэдээ яаж сайхан амьдруулах вэ гэхээсээ илүүтэй иргэдээ яаж шулах вэ гэдэг бодлого л байна. Амиа хичээсэн бэртэгчин шуналаа дийлэхгүй зан өнөөгийн нийгэмд ноёрхож байна. Хөх тэнгэр минь биднийг гэсгээн цээрлүүлсүү...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.