Үнэрийн голомтыг тогтоохоор хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна

Aдмин / Нийгэм

Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт "Газ үнэртэж байна" гэсэн мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд тархаад байна. Бид өглөө Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Дэлбэрсэн зүйл огт байхгүй. Ямар нэгэн үйлдвэрт газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэсэн хариулт өгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.

Харин Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас "Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхийн агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна. Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээлээд байна.

1. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй.

2. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж үнэртэж байгаа зүйл нь ГАЗ биш. ГАЗ нь агаарт удаан тогтох, үнэртэх боломжгүй.

3. Яг юунаас болж ГАЗ мэт үнэр үнэртэж буйг тодруулахаар мэргэжлийн байгууллагаас ажилласаар байна. Дүгнэлт, мэдээлэл гарсан даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно" гэсэн юм.

Б.ЭНХМАА: ХИЙН ТҮЛШ ДЭЛБЭРСЭН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Тэгвэл дөнгөж сая ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө. "Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад хийн түлш алдагдсан, дэлбэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Цахимд тархаад байгаа "Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, дэлбэрсэн" гэх мэдээллийн мөрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хяналт шалгалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар холбогдох дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-дад хэрэглээ болон хадгалалтын талаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.

Тархаад буй үнэртэй холбоотойгоор зарим албан байгууллага, сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь мэргэжлийн байгууллагуудаас чиглэл ирэхийг хүлээсэн байдалтай ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчдад толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч, дуудлага өгсний дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хэмжилт хийгээд явжээ.

Мөн "Монгол тэмүүлэл" сургууль танхимын сургалтын үйл ажиллагаагаа зогсоож, онлайнд шилжүүлсэн бол 311 дүгээр цэцэрлэг өглөө л хүүхдүүдээ аваагүй буцаажээ. Түүнчлэн Гёте сургуулийн захиргаанаас "Үл мэдэх үнэр маш их үнэртэж, хүүхдүүд гэлтгүй багш, ажилчдын ч толгой өвдөж, бие эвгүйрхэж байгаа болохоор дээрээс шийдвэр хүлээлгүй хичээлийг яаралтай тараасан" гэж мэдээллээ.

"Дүнжингарав" худалдааны төв дотор хурц үнэртэж байгаа учраас өнөөдөр ажиллахгүй гэдгээ зарлаад байна.

Яг одоо НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид "Дүнжингарав" худалдааны төв орчимд хяналт шалгалт хийж байна. Учир нь "Дүнжингарав"-ын ойролцоох бохирын шугамны худагнаас дээрх үнэр хурц үнэртэж буй аж. Үнэр хаанаас тархаад байгаа голомтыг тогтоохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Бэлэн байдал [202.9.40.108] 2023-10-12 20:44:10

Одоо болтол учрыг нь олоогүй,оношлоогүй байгаа гэдэг нь ...Ер нь бол ямар нэг асуудал үүслээ гэхэд холбогдох байгууллагууд бэлэн биш байгаа нь харагдаж байна, иймд үүнд дүгнэлт хийж ажлаа төлөвлөх нь зүйтэй

Зочин [202.9.40.108] 2023-10-12 20:46:16

Асуудал үүссэн хойно нь биш,харин үүсгэхгүй байхад л анхаарах ёстой тул мэргэжлийн байгууллага болон чиг үүрэг гэж байдаг юм

Зочин [66.181.188.217] 2023-10-12 19:24:47

Барилгын компаниуд тэр хавийн газрыг үнэгүй авах гээд хуурамч мэдээ цацаж байна. Тэд сонирхож байгаа газартаа эхлээд бас хог тарьдаг юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.