Монголын нийгэмд гэрэл асаасан дугуйчин залууд баярлалаа

Aдмин / Нийгэм

Мөрөөдөл гэдэг хил хязгаар үгүй, биелэшгүй мөрөөдөл гэж байдаггүйг монголчууд бидний дундаас эгэл даруу нэгэн залуу харуулж чадлаа. Хөлбөмбөгийн хорхойтон Б.Очирваань Английн Pre­mier league-Manchester Unit­ed багийн тоглолтыг өөрийн биеэр үзэх мөрөөдлөө биелүүлэхээр яг жилийн өмнө эх орноосоо дугуйтай мордож байжээ. Тэр үед тийм ч олон хүн түүнийг дэмжээгүй гэдэгт итгэлтэй байна. Магад зарим нь “солиорсон байх” гэсэн ч байж мэдэх шүү. Гэтэл тэр мөрөөдлөө биелүүллээ.

Тэрээр замдаа дэлхийн 20 орноор дайран өнгөрч 14 мянган км замыг дугуйгаар туулжээ. Түүнтэй Английн нутагт хөл тавихаас өмнө Manchester United багаас холбогдож, өөрийн дэмжигч багийн тоглолтыг үзэх урилгыг өгснөөр өнөөдөр Б.Очирваань Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Монголын тал нутгаас дугуйтай мордсон залуу өнөөдөр, яг энэ цаг мөчид мөрөөдлөөрөө жигүүрлэн нисч байна. Б.Очирваань фанат багийнхаа тоглолтыг үзээд зогсохгүй Премьер лигийн жинхэнэ цомыг өөрийн гараар өргөж “Хүүхэд байхдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болоод Манчестер Юнайтедын улаан өмсгөлтэй Премьер лигт тоглож түрүүлээд энэ гайхалтай цомыг өргөнө гэж үргэлж төсөөлж, мөрөөддөг байсан” хэмээн бахархан ярьжээ. Гайхамшиг үргэлжилсээр. Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга хүлээн авчээ. Мөрөөдлөө биелүүлэхээр 365 хоногийн өмнө өөрийн гэрээс хөдөлсөн тэр мөч, тэр зүтгэлийн хариу нь өнөөдөр ч үргэлжилсээр байгааг монголчууд харж, бахархаж байна.

Хамгийн гоё нь Б.Очирваань Монголын нийгэмд, хүүхэд залуусын зүрхэнд гэрэл асаалаа. Болохгүй, бүтэхгүй, хөгжихгүй байгаа тухай хүн бүр халаглаж, хүүхэд залуус ирээдүйдээ итгэл буурч буй энэ цаг үед “Мөрөөд, бүр том мөрөөд, түүнийхээ төлөө яг одоо хөдөл. Үүнд юу ч нөлөөлөхгүй” гэж Б.Очирваань өөрийн биеэр хэлж, харууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.