Хүүхдийн үүдэл эсээс тархи ургуулжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

АНУ-ын Калифорни муж улсын эрдэмтэд хүүхдийн үүдэл эсэд тулгуурлан хүний тархины гурван хэмжээст бяцхан хуулбарыг ургуулж, урьд өмнө байгаагүй ахиц дэвшил гаргажээ.

Энэхүү туршилтыг эхийн хэвлийд бойжиж буй ургийн тархины хөгжил болон аутизмын эмгэгийг нарийвчлан судлах зорилгоор хийсэн байна. Тархины бяцхан хувилбарыг ургуулахын тулд эрдэмтэд 1-2 насны 16 хүүхдийн үүдэл эсийг ашиглажээ. Тэдний 10 нь аутизмтай, 6 нь эрүүл хүүхдүүд аж.

Эл бяцхан тархи бол үүдэл эсээс ургуулдаг гурван хэмжээст бүтэц буюу тархины органоид юм. Эрдэмтэд химийн тусгай бодис ашиглан эсийн бүтцийг ургуулан өсгөснөөр үр хөврөлийн шатандаа байгаа хүний тархийг хуулбарлан бүтээжээ. Энэхүү органоидын тусламжтайгаар мэргэжилтнүүд жирэмсний эхний гурван сард хүүхдийн тархи ямар харагддаг, хэрхэн хөгжиж байгааг судлах боломжтой. Судлаачдын гол зорилго бол аутизм гэх мэт эмгэг тархины хөгжилд нөлөөлдөг эсэх, энэ эмгэг үүсэхэд юу нөлөөлдөг болохыг олж мэдэх явдал байв.

Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэлд дурдсанаар, аутизм нь тархины хөгжилд нөлөөлдөг болохыг судалгаа харуулжээ. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн үүдэл эсийн органоид нь эрүүл хүүхдүүдийн эсийн органоидынхоос 40 хувиар хурдан ургасан байна. Үүнээс гадна, органоидын хэмжээ нь хүүхдийн аутизмын зэрэгтэй тэнцүү байжээ.

Эрдэмтэд мөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд ургийн тархины хөгжилд нөлөөлдөг "Ndel1" генийн идэвхжил нэмэгддэг болохыг тогтоосон байна. Энэ генийн үйл ажиллагаанд саад учруулснаар аутизмыг эмчлэхгүй юм аа гэхэд хүүхдэд аутизмын хүрээний шинж тэмдгийг төрөхөөс нь өмнө багасгах боломжийг олгож магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.