А.Энхтуул: Ахмад шатарчдын ААШТ-д есөн улсын 80 орчим ахмадууд ирж, оролцохоор бүртгүүлсэн

Aдмин / Нийгэм

"Монголын шатрын холбоо"-ноос ахмадын Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ)-ийг наймдугаар сарын 9-19-нд анх удаа зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэв.

Энэхүү тэмцээнд есөн улсын 80 орчим ахмад шатарчин оролцохоор мэдүүлгээ өгснийг Олон улсын шатрын их мастер А.Энхтуул хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

"Наймдугаар сарын 9-19-ний хооронд Тэрэлжид зохион байгуулна"



Мөн тэрбээр "Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа ахмад шатарчдадаа чиглэсэн ААШТ-ийг эх орондоо зохион байгуулах гэж байна.

Тодруулбал наймдугаар сарын 9-19-ний хооронд Тэрэлжид зохион байгуулна.

Тэмцээнд Монгол Улсын анхны их мастер, найман удаагийн аварга, гавьяат тамирчин Б.Хатанбаатар тэргүүтэй шатарчид эх орноо төлөөлөн оролцохоос гадна ОХУ, Филиппин зэрэг улсаас олон улсын мастер шатарчид хүрэлцэн ирнэ" гэж танилцууллаа.

"Монголын шатрын түүхэнд шинэ хуудас нээсэн, мартагдашгүй сайхан тэмцээн болно"

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн "50, 65 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй шатарчдын дунд дөрвөн ангиллаар зохион байгуулагдана.

Тэмцээн болох газар, шагнал урамшуулал гэх мэтчилэн бүх зүйлийг "Монголын шатрын холбоо" бэлэн болгосон.

Тэрэлжийн үзэсгэлэнтэй газарт зохион байгуулагдах учраас ахмадууд маань амарч тоглох, өөрсдийн хүч бололцоог гаргах таатай нөхцөлөөр хангагдсан.

Энэ тэмцээнээс бид маш их зүйлсийг суралцана. Монголын шатрын түүхэнд шинэ хуудас нээсэн, мартагдашгүй сайхан тэмцээн болно" хэмээв.

"Миний бие ахмадын ААШТ-ий ерөнхий шүүгчээр ажиллана"

"Дэлхийн шатрын холбоо"-ны зүтгэлтэн Жэйми Кенмур "Миний бие ахмадын ААШТ-ий ерөнхий шүүгчээр ажиллана.

Өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах ахмадын тэмцээн 12 удаа уламжлал болгон зохион байгуулагдсан. Тухайн үед олон улсын цол зэрэг олгох нөхцөлийг хараахан хангаж чаддаггүй байсан.

Харин энэ жилээс "Монголын шатрын холбоо" энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулахдаа рекорд тогтоож, эмэгтэй, эрэгтэй шатарчдад аль алинд нь олон улсын цол зэрэг олгох шийдвэрийг "Дэлхийн шатрын холбоо"-ны мэргэжлийн комиссоос гаргуулж чадсан.

50, 65 ба түүнээс дээш настай ахмад шатарчдын ангилал тусдаа болно.

Оюуны спортын ноён оргил болсон шатраар дамжуулан олон улсад нэр хүндтэй их мастер гэх цолыг тамирчдадаа ойртуулахын тулд энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаад гол зорилго оршино.

50 болон 65 насны ангилал тус бүрдээ аварга болсон шатарчид олон улсын шатрын их мастерын нэг нормыг шууд биелүүлнэ. Улмаар гурван нормыг биелүүлсэн тохиолдолд их мастер болно. Энэ боломжийг шатарчдадаа нээж өгч байгаа" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.112] 2024-08-10 00:12:22

Амжилт хүсье


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.