Оксана Жербанова: Дорнын соёл монгол бичгийг хүмүүс их сонирхдог

Aдмин / Нийгэм

Манай улсад саяхан Халхын Цогт хунтайжийн Дуутын хадны дурсгалын 400 жилийн ой тохиож, гадаад дотоодын олон эрдэмтэн судлаач түүхэн ойд ирж оролцлоо. Тэдний нэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын монгол бичгийн “Хараацай” холбооны тэргүүн, уран бичээч Оксана Жербанова байв. Тэрээр үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочлох үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.

ОХУ-ын Эрхүү хотын уугуул, эмч мэргэжилтэй тэрбээр монгол бичиг сурч, монгол бичгийн уран бичээч болж, одоо Санкт-Петербург хотноо амьдарч, монгол уран бичиг зааж байна.

-Та монгол бичгийг хэзээ, яаж сурсан бэ? Үүнд таныг юу хөтөлсөн бэ?

-Би хуучин монгол бичгийг 6 жилийн өмнөөс сонирхож эхэлсэн. Анх 2018 онд Цагаан сараар Эрхүү хотын “Тэнгэрийн бичиг” төвийн тэргүүн Маргарита Дамбаеватай танилцаж, түүний монгол бичгийн хичээлд сууж байсан. Түүнээс хойш монгол бичигт дурлаж, монголоор бичсэн захидлыг урьд өмнө нь хаа нэгтээ харсан мэт санагддаг болсон. Учрыг тайлахаар хөдөө тосгонд аавындаа очихдоо хуучин бичиг цаас, зураг зэргийг ухаж монгол бичгээр бичсэн зүйл хайсан. Гэвч юу ч олдоогүй.

Түүнээс хойш, тээр жил “Алтаргана” наадмын үеэр монгол каллиграфын мастерууд болох “Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатар, Өвөр Монголын Хай Шан нар Эрхүү хотод үзэсгэлэнгээ гаргах үеэр тэдэнтэй танилцаж, тэдний зөвлөснөөр уран бичлэгийн курст явж эхэлсэн. Тухайн үед монгол уран бичлэг заах багш олдоггүй, бие дааж сурахаас өөр арга байгаагүй байсан.

Монгол Улсаас таны багш хэн бэ?

-Уран бичлэгийн анхны багш маань Г.Оюунсүрэн. Тухайн үед Эрхүү хотын Ангаахын ухааны их сургуулийн бэлтгэл ангид сурч, хажуугаар нь уран бичлэгийн хичээл заадаг байсан юм.

-Тухайн үед Орост, ялангуяа Эрхүү мужид уран бичлэгийн багш бараг байдаггүй байсан гэсэн. Буриадад мөн адил уу?

-Тэр үед бараг байдаггүй байсан. Одоо бол өөр болсон.

-Монгол бичгээр уран бичихийн тулд хуучин монголоор уншиж бичдэг байх ёстой. Монгол бичиг сурахад хугацаа их шаардсан уу?

-Орост уран бичлэг сурах хүсэлтэй хүмүүс нэлээд бий. Ялангуяа буриадууд уран бичлэгээр дамжуулан хуучин бичиг, төрөлх хэлээ сэргээн сурах болсон. Каллиграф сурахаар над дээр ирдэг хүмүүс монгол хэлээ ч мэддэггүй, зарим гадны хүмүүс буриадаар ч ярьдаггүй. Би ч мөн адил анх сурч эхлэхдээ мэддэггүй байсан. Тэр үед бид Эрхүүд амьдардаг монгол бичгийн багш Любовь Александровна Загдаеватай холбоо тогтоож хичээл заалгасан юм.

-Та монгол уран бичлэгийн хэд хэдэн уралдаан оролцож байсан гэсэн. Анх уран бичлэгийн уралдаанд оролцсон тухайгаа ярина уу?

-Г.Оюунсурэн багшаар каллиграф заалгаж эхлэснээс хойш сарын дараа буюу 2018 онд Улаанбаатар хотод болсон “Мөнх тэнгэрийг бичиг” уралдаан оролцсон. Нэг сарын дотор сураад уралдаанд оролцсон гэсэн үг. Ингээд мөн дараа жил нь буюу 2019 оны тавдугаар сард Эрхүү хотноо анхныхаа үзэсгэлэнг гаргаж байсан.

-Та Санкт-Петербург хотод монгол уран бичлэгийн курс хичээллүүлж байна. Монгол уран бичлэгийг хүмүүс аль зэрэг сонирхож байна?

-Ер нь бол их сонирохдог. Би 2019 онд Эрхүү хотод үзэсгэлэнг гаргачихаад удалгүй Санкт-Петербург хот руу шилжиж нүүсэн. Охин маань тэнд суралцахаар болсон юм. Санкт-Петербург хотод монгол уран бичлэг сонирохдог хүмүүс цөөнгүй. Ер нь бол дорнын соёлыг, тэр дундаа монгол уран бичлэгийг хүмүүс нилээн сонирхдог.

Анх 2018 онд уран бичлэг дөнгөж сонирхож эхэлж байхдаа олон нийтийн сүлжээнд энэ талаараа бичээд хүмүүсийг цугтаа суралцья гэж уриалж байсан. Тэгэхэд 6 хүн ирж бид хамтдаа сурч эхэлсэн. Манай “Хараацай” студи Санкт-Петербург болон Эрхүү хотод гэсэн хоёр салбартай ажиллаж байна. Санкт-Петербургт надаас гадна Санкт-Петербургийн Их сургуулийн багш Бадма Нормаев хчиээл заадаг. Тэр халимаг үндэстэн.

-Манай МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. Өнгөрсөн жилээс энэ уралдаан нь олон улсын чанартай болсон. Та энэ талаар хэр сайн мэдэх вэ?

-Уралдааны талаар би их сонссон, сайн мэднэ. Гэхдээ зөвхөн Монголын Улсын иргэд оролцдог юм байна гэж бодсон. Ирэх жилээс энэ уралдаанд заавал оролцоно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.69] 2024-08-12 18:01:46

Халимаг үндэстэн гэж байхгүй Монголоос хальж одсон торгууд ястан л гэж бий дээ хэ хэ буриад ястан урианхай ястан

Зочин [66.181.179.235] 2024-08-10 07:51:39

Монгол хэлбэртэй орос аж хөөрхий

Зочин [66.181.180.63] 2024-08-10 09:43:40

энэ эмэгтэйг биш бид нар өөрсдийгөө л хөөрхийлөх ёстой байх даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.