Ангараг гарагийн гадаргын гүнд шингэн төлөвтэй ус байгааг илрүүлжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Ангараг гарагийн гадаргын гүнд шингэн төлөвтэй усны их нөөц байгааг NASA-гийн эрдэмтэд илрүүлжээ.

2018 онд уг гараг дээр буусан Mars Insight Lander станцын цуглуулсан мэдээллийг шинжлээд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Уг станц нь бууснаасаа хойш дөрвөн жилийн турш Ангараг гарагийн гүнд явагдаж буй чичиргээг хэмжих сейсмометрийн хэмжилт гүйцэтгэсэн юм.

Ингэхэд шингэн төлөвтэй ус байгааг харуулсан “сейсмик дохио” бүртгэгдсэн юм байна.

Өмнө нь Ангарагийн туйлуудад мөс байгааг, бас агаар мандалд нь усны уур байгааг тогтоож байсан бол энэ удаа шингэн төлөвтэй ус байгааг анх удаа илрүүлж байна.

Судалгааны тайлан өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

Mars Insight Lander станцын ажил 2022 оны арванхоёрдугаар сард дууссан юм. Дөрвөн жилийн хугацаанд станц газар хөдлөлтийн 1,319 орчим чичиргээг бүртгэжээ.

Сейсмик долгион хэр хурдан нэвтэрч байгааг хэмжсэний үндсэн дээр ямар бодис дундуур дамжсаныг нь тодорхойлдог юм.

“Энэ нь үнэндээ дэлхий дээр ус, газрын тос, байгалийн хийн нөөц илрүүлэхэд ашигладаг арга техник юм” гэж судалгаанд оролцсон Бэркли дэх Калифорнийн Их сургуулийн профессор Майкл Манга тайлбарлажээ.

Ангарагийн гадаргаас 10-20 км гүнд шингэн төлөвтэй ус байгааг энэ аргаар тогтоосон байна.

Тус гарагийн гадаргуу дээр ус урсаж байсныг илтгэх эртний суваг, судлууд байдаг. Тэгвэл гурван тэрбум жилийн өмнө үүгээр урсаж байсан ус хаашаа алга болсон нь ийнхүү тодорхой болж байгаа ажээ.

Ангараг гараг атмосфергүй болох үед усны зарим хэсэг нь сансарт цацагдсан гэж үздэг.

Гэхдээ ихэнх хэсэг нь хөрсөн дороо үлдсэн байх өндөр магадлалтай гэж Манга тайлбарлаж байна.

Усны нээлт нь Ангараг гараг дээр хэзээ нэг цагт амьдрал оршин байсан эсэхийг судлахад чухал эх сурвалж болох гэнэ.

Харин Илон Маск шиг тус гарагийг эзэмших зорилготой хүмүүст төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа профессор Манга илэрхийлжээ.

“Маск шиг хүний хувьд ч гэсэн Ангараг гарагийн гадаргууг 10 км гүн өрөмдөх нь маш хэцүү байх болно” гэж тэр ярьсан байна.

Эх сурвалж: BBC, IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.