Д.Нарангэрэл: Тарваганы эрхтэн залгих нь амь насанд халтай
2014 онд тарваганы хүн махыг залгиснаас болж Өвөрхангай аймагт нэг хүн булчирхайн хэлбэр буюу ангина хэлбэрээр өвдсөн бол сарын өмнө тарваганы хүн мах, элэг залгиснаас болж нийслэлийн нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн дөнгөж өчигдөрхөн Дундговь аймагт 41 настай хүн ийм тохиолдлоор өвджээ. Бүх тохиолдлууд халдвартай тарваганы эд эрхтэнг түүхийгээр нь залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас халдвар авсантай холбоотой аж. Иймд иргэдийг амнаас ам дамжсан мэдээллээр өөрсдийнхөө амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулах тарваганы түүхий эрхтэн худалдан авч, залгих, хэрэглэхээс татгалзахыг уриалж холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах:
-АН АГНАХ ЗАН ЗАНШИЛ САЙТАЙ БАЙХАД ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН-
1995-2014 оны хооронд тарваган тахлаар өвдсөн хүний тоо 82 хүрсэн байна. Үүний 31.4 хувь буюу 34 хүн нас барсан нь хүний аминд хүрэх өндөр магадлалтай өвчин гэдгийг харуулж байна. Энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой хэдий ч иргэд анхаарал боломжгүй, эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөнгө олох гэсэн хүмүүсийн золиос болсоор байна. Энэ онд гэхэд Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 12-нд 14 настай хүүхэд тарвага өвчиж байхдаа гараа эсгэж, булчирхай хэлбэрийн тахлаар өвдөж харамсалтайгаар нас барсан. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан тарваганы элэг идсэнээс болж нас барсан тохиолдлууд гарлаа. Тиймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай.
Тодруулбал, тарвага агнахгүй, эд эрхтнийг нь хэрэглэхгүй, арьсаар нь хувцас хунар хийхгүй байвал зохино. Малаа хариулж буй малчид, аялал зугаалгаар яваа хүмүүс тарваганы дошны ойролцоо хэвтэхгүй байх хэрэгтэй. Мөн үлийн цагаан оготно, зурам зэрэг жижиг мэрэгч амьтад тарваган тахлын дамжуулагч болдог.
Батлагдаагүй бүтээгдэхүүнийг идэхээс татгалзах хэрэгтэй. Ер нь тарваганы эд эрхтнийг идэж, хэрэглэж байсан уламжлалт арга байсан. Гэхдээ ямар тохиолдолд хэрэглэж байсан гэхээр манай ард түмэн ан агнах зан заншил сайтай, жинхэнэ анч, эрүүл тарвагыг олж бууддаг байсан болохоос мөнгөний хэрэгсэл болгож 200-300 тоо толгойгоор нь эрүүл, өвчтэйг үл харгалзан агнадаггүй байлаа. Үүний цаана хүн амын эрүүл мэндийн асар том эрсдэл байгаа гэдгийг анзаардаггүй.
Цөөн хэдэн хүний мөнгө олох гэсэн энэ шуналаас болж улс орон хүн амынхаа эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй, эдийн засгийн алдагдалд орж байна. Нэг тарвагын үнэ 170.000 төгрөгний үнэтэй байдаг. Ингэхээр 350 тарвага ачиж явсан иргэн 51 сая төгрөгийн өрөнд ороод зогсохгүй ял авч байна. Гэтэл энэ 350 тарвага нийслэлийн иргэдэд хүрч, зарж борлуулагдсан бол ямар аюул дагуулах байсныг хэлэхэд хэцүү. Нийслэлд өвчлөл нэг ороод ирвэл тархахад тун амархан. Дараа нь нийслэлээс олон улсад тархаж болно. Тухайлбал, манай улсын иргэн өнгөрсөн зун АНУ-д улаан бурхан өвчин тараасныг санаж байгаа байх. Иргэд маань сэргийлж болох энэ өвчнөөр битгий өвдөөчээ гэж сануулмаар байна.
ЭМСЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл:
-ТАРВАГАНЫ ТҮҮХИЙ ЭД ЭРХТЭН ЗАЛГИХ НЬ ШИНЖЛЭХ УХААНААР БАТЛАГДААГҮЙ ЭМЧИЛГЭЭ-
-Манай улсад тарваганы юуг ч хаядаггүй, бүх эд эрхтэн нь хүний биед ашиг тустай гэдэг аман яриа байдаг шүү дээ? Тэгэхээр энэ худлаа гэсэн үг үү?
-Манайхан ам дамжсан яриа, сүсгийн үндсэн дээр тарваганы түүхий эд эрхтэнг иддэг явдал ихэслээ. Ялангуяа хүн мах, цөс, нойр булчирхай, элэг дэлүүг түүхийгээр нь түлхүү хэрэглэж байна. Тарваган тахлын үүсгэгч нян тарваганд маш их хэмжээгээр байдаг. Түүхийгээр нь идсэнээр энэ нянг бүхлээр нь залгиж байна гэсэн үг юм. Яг ийм байдлаар он гарсаар дөрвөн тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас барлаа. Гэтэл нэг хүний онош тогтоох, хавьтлуудыг илрүүлэхийн тулд 20-30 сая төгрөг зарцуулж байна. Иймд иргэд шинжлэх ухаанаар батлагдаагүй, нотлогдоогүй эмчилгээг сонгож амь нас эрүүл мэндээрээ хохирохоос татгалзаасай гэж хүсч байна. ТОСА төв дээр тарваганы хүн мах гэхэд 5000 төгрөгөөр, орон нутгийн иргэд 20.000 төгрөгөөр зарж борлуулдаг юм байна. Хэдэн төгрөг олохын тулд эрдэнэт хүний амь насыг бүү гаргуунд нь гаргаачээ гэж худалдаалагчдад хандаж хэлье.
-Зөвхөн тарвага гэлтгүй, өөр бусад амьтны түүхий эд эрхтэн шууд залгих ардын эмчилгээнүүдээс шинжлэх ухаанаар батлагдсан нь байдаг уу?
-Манайд цагаан ямааны сүү уух, адууны сүү уух, гөрөөсний халуун цус уух, чонын цус уух, чонын мах идэх гэх мэт уламжлалт эмчилгээнүүд хүмүүсийн ам дамжсан ярианд шууд итгэдэг. Гэтэл яг шинжлэх ухаанаар батлагдаад, нотлогдчихсон, энэ нь тэр өвчнийг идгээдэг гэсэн юм нэг ч алга. Гол нь бид маш олон төрлийн шинэ өвчлөл, шинэ вирус, шинэ нянгууд гарч ирсэн орчин үед амьдарч байна. Хүмүүсийн биеийн онцлог өөрчлөгдөж, ан амьтан хүртэл үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, цаг өөр болж хувирсан байхад хуучны баталгаагүй зүйлд итгэж, амь насаа хохироох үйлдэл битгий хийгээсэй. Амь насанд тань хүрнэ гэдгийг битгий мартаасай.
-ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ-
Халуурч, бөөлжинө. Мөн дотор нь муухай оргиж, чичирдэг. Ханиалгаж, цус цэр гарна. Хордлогын шинж тэмдэг илэрнэ. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах ёстой. Цаг алдсанаас болж амь насаараа хохирохоос гадна олон хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг
-УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ-
-Монгол улсын хэмжээнд тарвага агнахыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар хориглосон байгааг АНХААР
-Тарваган тахлын голомттой нутгаас хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах, арьс, түүхий эд бүтээгдэхүүнийг хүн ам олноор суурьшсан хот суурин газар ХУДАЛДААЛАХ, ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХ
-Тарваганы хүн мах, элэг цөс, ходоод, бөөр зэрэг ЭД ЭРХТЭНИЙГ эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
-Сэжигтэй тарвага болон мэрэгч амьтан, тэдгээрийн зэм үхдэлтэй таарвал БҮҮ ХҮР
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл