Гадаад улс руу мөнгөн шилжүүлэг хийхэд иргэд өндөр шимтгэл төлсөөр байна

Д.Тулга / Эдийн засаг

hansh

-НЭГ УДАА ГАДААД РУУ ГҮЙЛГЭЭ ХИЙХЭД МӨНГӨН ДҮНГЭЭС
ХАМААРЧ ХОЁР ШИМТГЭЛ ТӨЛДӨГ-

Зах зээлийн шилжилтийн үед гарсан нийгмийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бол хөдөлмөрийн насны иргэд гадаад орон руу олноор явж, сурч боловсрох, ажиллах болсон явдал юм. Албаны мэдээнээс үзвэл 2010 оны байдлаар 107 мянган иргэн буюу Монгол Улсын нийт хүн амын 3 3.7% нь гадаадад оршин сууж байгаа статистик үзүүлэлт гарчээ.

Гадаадын улс орнуудад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн банкны системээр дамжуулан эх орон руугаа шилжүүлсэн хувийн гуйвуулгын хэмжээ сүүлийн 12 жилийн хугацаанд тогтвортой өссөн бөгөөд дотоодын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар иржээ.

2004 онд ДНБ-ий 10%-тай тэнцэх хэмжээний гадаад валютын мөнгөн гуйвуулгыг гадаадад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдээс хүлээн авсан байна. Гэтэл энэхүү мөнгөн дүн сүүлийн жилүүдэд эрс буурсан талаар албаныхан мэдээллэв. Учир нь улс хоорондын банкаар гуйвуулан авах мөнгөн шилжүүлгийн шимтгэлийн хэмжээ их байдагтай шууд хамааралтай аж.

Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон банкууд гадны улсын банк руу явуулах шилжүүлгийн зарчмыг судалж үзвээс, мөнгөн шилжүүлэг хийх иргэн Монголд үйл ажиллагаа явуулдаг банкинд очиж гадаад руу мөнгөн гуйвуулга хийхдээ хоёр төрлийн шимтгэл төлдөг байх юм.

Тодруулбал, иргэн монгол дахь банкинд өөрийн гуйвуулах мөнгөнөөс хамаарч дунджаар 5000 хүртэлх ам.долларын мөнгөн шилжүүлэг хийхдээ 15 мянган төгрөг, 5-100 мянган төгрөгт 25 мянган төгрөг, 100 мянгаас дээш шилжүүлэгт 35 мянган төгрөг төлнө. Мөн аль улс руу гуйвуулга хийхээс хамаарч гадаадын улсын банкинд мөн ам.доллараар тооцон дунджаар 30 ам.долларын шимтгэл төлдөг байна.

Гадаад руу илгээсэн шилжүүлгийн мэдээллийг харилцагчийн хүсэлтээр өөрчлөх, залруулах, эсвэл гуйвуулгыг цуцлах нэмэлт үйлчилгээнд 60 ам.доллар төлдөг аж. Жишээлбэл, Монгол улсаас гадаадын аль нэг оронд байх хэн нэгэнд нэг удаагийн 100 ам.долларын мөнгөн гуйвуулга хийе гэж болоход Монгол дахь банкинд 15 мянган төгрөг, гадны улсын банкинд шимтгэл гэж 28 ам доллар төлөх юм.

Харин данснаас дансны хооронд гадны улс руу гүйлгээ хийхэд нэг удаадаа 35 ам долларыг зөвхөн банк хоорондын гүйлгээ хийхэд шимтгэл төлдөг байх юм. Мөн тухайн гадаад улс руу шилжүүлэх мөнгө ажлын 1-3 гурван хоногт шилждэг бөгөөд тухайн өдөртөө буюу 10 минутад шилжүүлэг хийх үед мөн л дахин нэмж ам.доллараар шимтгэл төлдөг ажээ.

-МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД ОЛШИРЧЭЭ-

Манай улсын иргэд хамгийн их байдаг БНСУ-ын хувьд мөн адил шимтгэл төлдөг бөгөөд тухайн орны воноор гүйлгээ хийвэл мөнгөн дүнгийн 0,2%-ийг шимтгэлд төлдөг байна. Харин гадны улсаас манай улс руу мөнгөн шилжүүлэг хийхэд тухайн орны банкны дүнгээр маш өндөр төлдөг талаар гадаадад суугаа иргэд хэлж байна.

Иймд БНСУ-д суугаа монгол иргэд ихэвчлэн мөнгөн шилжүүлэг тээшээр буюу каргогоор явуулах нь илүү хямд тусдаг аж. Мөн тухайн улсад байгаа иргэдийн дунд мөнгөн гуйвуулга хийдэг мөнгө хүүлэгчид олширчээ.

Учир нь банкаар дамжуулан улс хооронд ямар ч валютаар шилжүүлэг хийсэн ч маш өндөр тусдаг учраас гадаадад суугаа иргэд мөнгө хүүлэгчдэд мөнгөн дүнгийн 10 хувийг суутгуулан, өөрийн улс руу гэр бүл рүүгээ мөнгө шилжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хоёр орны банк хооронд шилжүүлэг хийхэд үнийн дүнгийн 10 хувиас илүү шимтгэл авдаг гэсэн үг юм.

Түүнчлэн БНХАУ-д гадаад иргэд Хятад улсаас мөнгө шилжүүлэх үнийн дүнг тодорхой заасан байдаг аж. Тухайн улс мөнгөний бодлогодоо гадаад иргэн өөрийн улс руу нэг удаа 980 ам.доллараас илүү шилжүүлэх ёсгүй хэмээн заажээ. Харин тухайн улсад суугаа монгол иргэд мөнгөн гуйвуулга хийхийн тулд заавал Хятад иргэний нэр дэр нэг удаа шилжүүлэх эрх үүсдэг. Тэгэхдээ мөн л маш их шимтгэл үнийн дүнгээс хамааран төлдөг байна. Харин хятад иргэн нэг удаа гадаад улс руу мөнгөн шилжүүлэг хийхдээ зөвшөөрөл авч, 5000 ам.доллараас ихгүй байхаар хуульчлан заасан байдаг аж.

Ийнхүү гадны оронд суугаа, ажиллаж амьдарч байгаа монгол иргэд өөрийн улс руу гэр бүл рүүгээ мөнгөн шилжүүлэг хийхдээ өндөр татвар шимтгэл төлдөг нь иргэдийн нуруун дээр бас нэгэн ачаа болсоор байна. Манай улсын иргэд өөрийн хуримтлуулсан мөнгөө шилжүүлэг хийхдээ маш хүндрэлтэй их шимтгэл төлдгийн улмаас өөрөөр боломжийн шимтгэлтэйгээр гараас гарт шилжүүлэг хийх гэж байгаад мөнгөө алддаг талаар эх сурвалжууд хэлж байна.

Гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эх орон руугаа илгээж байгаа мөнгөн гуйвуулгын хэмжээ жилээс жилд нэмэгдэх нь улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн эдийн засгийн судлаачид үздэг. Гэвч монгол иргэдийн дийлэнх нь хувь хүнээр дамжуулан мөнгө илгээх буюу банкны системээс гадуур мөнгөн шилжүүлэг үйлддэгээс үнийн дүн буурсаар байгаа аж.

Гадаад гуйвуулгын хувьд голчлон Америкийн доллар, Евро, Оросын рубль, Юань, Солонгосын вон, Японы иен, Английн фунт стерлинг, Австрали доллар, Канад доллар, Швед крон, Швейцарь франк, Шинэ Зеланд доллар, Сингапур доллар, Хонконг доллар гэх мэт валютуудыг ашигладаг байна.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000