Бүтэн чоно 500 мянган төгрөгт нууцаар зарагдаж, Хятадад нэг соёо нь 1200 юань хүрдэг
Сүүлийн үед саарал чоно буюу зээрийн цагаан чононд устах аюул нүүрлэлээ хэмээн шуугих болсон ч хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ. Ялангуяа зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт чонын тоо толгой эрс цөөрч, мөхөх аюул нүүрлэсэн билээ. Иймд 2007 оноос хойш тус аймгуудад чоно агнахыг хориглосон хууль гарсан. Гэвч өнгөрсөн есөн жилийн хугацаанд хууль нь гууль болж, хууль бусаар чоно агнагсад улам бүр хүрээгээ тэлсэн нь маргахгүй үнэн.
Дорнод Монголын талын чонын хувь заяа яагаад гэнэт мөхөх сэхэхдээ тулчихав? Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шалтгаан нь нэг талаас хурдан буу, хурдтай хүчтэй машинтай чинээлэг хүмүүс олширсонтой холбоотой аж. Тэд “ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ алуулдаг” хэмээн хөөрч, чоныг зугаа цэнгэл ид хав болгон хайр гамгүй агнаж эхэлсэн. Өөр нэг шалтгаан нь чоно Хятадын зах зээл дээр өндөр үнэд хүрч байгаатай холбоотой. Энэ нь нутгийн ардууд зээрийн цагааныг агнаж гадагш гаргах, улмаар тоог нь хурдан цөөрүүлэх том шалтгаан болжээ.
-ЧОНЫН СОЁО АВАХ ГЭСЭН ХЯТАДУУД АЛЬШАА АЙМГИЙГ ЗОРЬДОГ АЖ-
ӨМӨЗО-ы Альшаа аймагт ажлын томилолтоор явсан сэтгүүлч би хятадууд манай орны талын саарал чоныг хомроглон хядуулж, хил давуулан хууль бусаар худалдан авдаг гэх яриаг баримтаар баталгаажуулаад ирлээ. Альшаа аймагт чонын соёо, шагай тэргүүтэй эд эрхтэнүүд нэлээд өндөр үнээр зарагддаг юм байна. Тухайлбал, чонын нэг ширхэг соёо 1200 юань, монгол мөнгөөр 370 орчим мянган төгрөг, шагай 1000 юань буюу монгол мөнгөөр 300 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Энэ бол зөвхөн наад захын жишээ. Цаашлаад чонын бусад эд эрхтэн нэлээд үнэд хүрдэгийг наймаачид хэлж байв. Хамгийн ноцтой нь энэ бүгдийг Монголоос оруулж ирдэг гэдгийг тэд ам нийлэн хэлэх бөгөөд Хятадын өөр бусад мужуудаас чонын соёо, эд эрхтэн авах гэсэн хүмүүс Альшаа аймгийг зорьж ирдэг байна.
Манай улсад чоно, чонын эд эрхтэн хилээр гаргахыг хуулиар хориглосон байдаг. Тодруулбал, хууль бусаар чоно, чонын эд эрхтэн хилээр давуулсан бол Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
37.1. Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
37.2. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.
37.3. Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.
37.4. Ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна. Мөн хууль зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно”гэж заажээ.
-СОЁО, ШАГАЙ, АРЬСЫГ НЬ АВААД ХАЯСАН ЧОНЫН СЭГ ОЛНООРОО БАЙЖЭЭ-
Чонын эд эрхтэний наймаа манай улсад ямар шугамаар явагддаг болохыг сонирхлоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хууль бусаар хил давуулдаг энэ төрлийн эд зүйлсийн наймаа мэдээж хэрэг далд, нууцлагдмал байдлаар өрнөдөг гэнэ. Нийгмийн сүлжээнд чоно авна, чонын шагай, соёо өндөр үнээр авна, зарна гэх хэд хэдэн зар байхыг олж, үнэ ханшийг нь судлав.
Өндөр үнээр чоно худалдаж авна гэсэн зарын дагуу залгавал хижээлдүү насны эр “Хэдэн чоно байгаа юм бэ? Эр үү, эм үү? Ах нь дээд тал нь 300-д авна. Нэг сая төгрөгөөр гурван чоно авчихмаар байна” гэхчилэн ярив. Чоно бүтнээр нь зарна гэх зарын дагуу утасдвал “Хөлдөөсөн хоёр том чоно байна шүү. 300-д өглөө. Зарим хүмүүс 250-иар авч байгаа юм билээ. Би өндөр үнэ хэллээ” хэмээж байв. Ингээд нэлээд хэдэн хүн рүү залгасны эцэст хууль зөрчиж, чоно агнасан хулгайн анчид ангаа борлуулахын тулд ченжүүдэд ханддаг гэдгийг мэдэж авав. Ингэхдээ бүтэн чоныг дээд тал нь 300 мянгад, соёог нь 50 мянгад, шагайг нь 20 мянгад зардаг юм байна. Харин ченжүүд нь бараагаа хятадуудад зарахдаа дахин үнээ нэмнэ. Хятадууд нь ямар аргаар юм бүү мэд хил давуулан орон нутагтаа аваачих бөгөөд ганцхан соёог нь бүтэн чоноор наймаалцаж буй нь дээрх зургаас харагдаж байна.
Дорнод аймгийн Матад суманд томилолтоор явж байх үед хятад жолооч нар талын чонын шагай, соёог нутгийн иргэдээс авч хилээр гаргадгаас болж талын чоно эрс цөөрсөн талаар тус сумын байгаль орчны байцаагч Ш.Өлзийдүүрэн ярьсан юм. Тэр нутгаар тосны машин байсхийгээд л хэд, хэдээрээ өнгөрдөг. Голдуу хятад жолоочтой. Тэд нутгийн иргэдээс ховордсон амьтдын эд эрхтэнийг ихээр худалдаж авч, хилээр авч гардаг юм байна. Хил дээр хяналт, шалгалт байдаггүй юү, талын чонын шагай, соёо, зээрийн эд эрхтэнийг байнга худалдаж авсаар Матадад талын чоно эрс ховордсоныг тэрбээр хэлж байв. Улмаар хариуцсан кэмпийнх нь ойролцоо шагай, соёо, арьсыг нь аваад хаясан чоно, зээрийн сэг олноор байхыг өнгөрсөн жил очиж шалгажээ. Энэ талаар цагдаа нарт хандаж шалгуулсан ч эзэн холбогдогчгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.
А.БАЯСГАЛАН: ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД Л ХЯНАХ ҮҮРЭГТЭЙ
Устах аюулд өртөөд буй чоно гэх энэ амьтныг хамгаалах талаар ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаар БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалангаас тодрууллаа.
-Танай яамны зүгээс чоно хамгааллын асуудлаар ямар ажил хийж байна вэ?
-2007 оноос хойш зүүн гурван аймагт чоно агнахыг хориглосон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд тал хээрийн бүс тул чонын тоо толгой хэт багассан. 2007 оноос гурван жилийн хугацаатай хориг тавьсан. Гурав гурван жилийн хугацаатай чоно агнахыг хориглосон тушаалтууд гараад яваад байна. Хамгийн сүүлд 2014 оны хоёрдугаар сард ганцхан саарал чоно гэлтгүй шар үнэг, хярсыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон. Энэ тушаал 2017 онд дуусна.
-Чоно болон чонын эд эрхтэнг хил давуулж зарахыг хориглосон. Гэтэл ямар учраас хил давчихаад байна вэ?
-Чоно агнахыг хориглосон учраас урд хөрш рүү чоно экспортлохгүй. Харин бэлэг дурсгалын чиглэлээр их дэлгүүрт ч юм уу зарагддаг чоны элдсэн арьс гэх мэтийг бэлэглэлийн журмаар худалдаж авсан баримтаа бүрдүүлвэл улсын хилээр гаргахыг зөвшөөрдөг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах конвенци гэж байдаг. Чоно бол тэр конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон амьтан. Тиймээс ашиг олох зорилгоор хилээр давуулахыг хориглоно.
-МАНАЙ ЯАМ БОДЛОГЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ-
-Чоно агнахыг хориглосон энэ бүс нутагт хуулийг үл ойшоон хууль бусаар чоно агнах байдал хэр их гарч байгаа бол?
-2014 онд чоно агнахыг хориглосон тушаал гарсанаас хойш ийм хэрэг илрүүллээ, хууль бусаар чоно авлалаа гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна. Хянах чиг үүрэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон цагдаагийн газарт байдаг. Манай яам бол бодлогын асуудлыг шийдвэрлэдэг.
-Улсын хэмжээнд чонын тоо толгойг хамгийн сүүлд хэзээ судалсан байдаг вэ?
-Улсын хэмжээнд судалгаа байхгүй. Аймгууд өөрсдийн агнуурын бүс нутагтаа нөөцөө тогтоогоод явдаг. Чонын тоо толгой хамгийн цөөрсөн аймгууд бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар. Тэнд хууль бус агнуур маш их байдаг гэж яригддаг. Энэ зүйлсийг таслан зогсоох зорилгоор тус бүс нутагт чоно агнахыг хориглосон.
-Орон нутгийн байгаль орчны байцаагчид хууль бус ан агнууртай тэмцдэг хэдий ч хүчрэхгүй байгаа талаараа ярих юм билээ. Мөн чонын соёо, шагай хилээр гарч, урд хөршид өндөр үнээр зарагддаг гэх мэдээлэл гарсаар байна. Танай яам хил гаалийнхантай хэр уялдаа холбоотой ажилладаг юм бэ?
-Байгаль орчны байцаагчид тийм хэрэг зөрчил гаргуулахгүй байхын тулд л тухайн албан тушаал дээр ажиллаж байгаа. Үүрэг хүлээсэн хүмүүс л дээ. Ер нь хууль тогтоомж зөрчигчдийг хууль хяналтын байгууллагууд нь л хянаж байх үүрэгтэй. Манай яамны зүгээс гаргасан тогтоол шийдвэрүүдээ холбогдох газруудад нь байнга өгч ажилладаг. Нийтээр дагаж мөрдөх тушаал шүү дээ. Хамгийн гол нь тэнд хууль бус үйлдэл гаргуулахгүй байх талаас хил гаалийн байцаагчид хариуцлагатай ажиллах ёстой байна.
-СААРАЛ ЧОНО ЭР НЬ 510 МЯНГА, ЭМ НЬ 600 МЯНГАН ТӨГРӨГ-
-Хууль бус анчдын талаар мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах тогтолцоо бий юү?
-Амьтны тухай хулийн 38.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгоно” гэж заасан. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ямарваа нэгэн ан агнуур хийх ёсгүй. Гэтэл ан агнасан талаар иргэдээс мэдээлэл ирсэн гурван тохиолдол байна. Тухайн орон нутгийн байгаль орчны байцаагч нь урамшууллыг нь өгдөг.
-Чонын техник эдийн засгийн үнэлгээ нь хэд байдаг вэ?
-Саарал чоно эр нь 510 мянган төгрөг, эм нь 600 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ үнэлгээг Засгийн газрын 2011 оны 25-р тогтоолоор тогтоосон.
-Зохих зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрдөг гэсэн. Жилд хэчнээн чоныг зөвшөөрөлтэй агнадаг вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд ахуйн зориулалтаар 250-300 чоно агнахыг зөвшөөрсөн. Энэ жилийн байдлаар хэчнээн чоно агнасан талаар гүйцэтгэлийн тайлан мэдээ гараагүй байна. Ер нь жилд дунджаар 200-300 чоныг зохих зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрдөг гэж ойлгож болно. Чоно агнахыг хориглоогүй аймгуудад сумын засаг дарга, байгаль орчны улсын байцаагчаас зөвшөөрөл авч агнахыг хуулийн хүрээнд зөвшөөрдөг.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл
wbkrdznjm [113.4.118.160] 2023-03-11 13:59:14
Мэдээ.МН <a href="http://www.gsco4055frs3xp388s511c10e93d7bjfs.org/">awbkrdznjm</a> [url=http://www.gsco4055frs3xp388s511c10e93d7bjfs.org/]uwbkrdznjm[/url] wbkrdznjm http://www.gsco4055frs3xp388s511c10e93d7bjfs.org/
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:09:30
<a href="https://t.me/filmfilmfilmes/21">Рассказ Служанки</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 03:19:35
коли закінчиться війна в україні передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">в той день коли закінчиться війна</a> скільки ще буде тривати війна в україні