З.Нарантуяа: Буруутай албан тушаалтнуудаас нөхөн төлбөрийн 25 тэрбумыг гаргуулах хуультай

Д.Тулга / Улстөр

narantuya

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.

-Ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын нөхөн төлбөрт их хэмжээний зардал гарахаар яригдаад эхэллээ. Нөгөөтэйгүүр бас 1.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор ч өгнө гэсэн тусдаа асуудал бас яригдаад байна. Энэ хоёр зардлын ялгааг хэлж өгөхгүй юу?

-Энэ тодотголд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагчдад хохирол учруулсан, аж ахуй нэгжид хохирол учруулсан гэдгээр нийт дүнгээрээ 25 тэрбум төгрөг гэж тооцоо хийж орж ирсэн. Энэнээс урсгал зардалд орж ирсэн нь 9 тэрбум төгрөг юм. Үүний задаргааг харвал 1.2 тэрбум төгрөгийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан хүмүүсийн тэтгэмжид, албан тушаалтнуудын буруутай шийдвэрээс болж хохирсон гэдэг үндэслэлд 4.5 тэрбум төгрөг гэж байсан. Ингэхээр нийт 5.7 тэрбум төгрөгийн зардал харагдаж байна.

narantuya-Тэгэхээр төрийн байгууллага өөрөө төрийн албан хаагч, аж ахуй нэгжүүдийнхээ өмнө биелүүлсэн хуулийн дагуух үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас төрийн албан хаагч хохирч энэ хэмжээний зардлуудыг нөхөн төлбөрт олгохоор болчихоод байна аа даа?

-Төр өөрөө төрийн албан хаагч, аж ахуй нэгжүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэдэгтэй санал нийлж байна. Дээрх зардал бол байгууллага аж ахуй нэгжүүдийн өмнө төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө үүргээ биелүүлээгүйгээс ийм хэмжээний зардал гарч байна гэж харж болно. Төрийн албан хаагч нар хууль бусаар ажилд томилох, төсөвт суулгаад өгчихсөн цалингийн сангаасаа хэтрүүлж хүмүүсийг ажилд авдаг процесс бас их байна. Дээр дурьдсан 25 тэрбумд ороогүйгээр, төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа 2-3 сайдын багцууд цалингийн сангийн нэмэгдэл гэдэг нэрээр мөнгө суусан байгаа. Тэгэхээр нийтэд нь харахад төрийн албан хаагчдын хөдөлгөөн их байгаа нь энэ зардлын хэмжээнээс харагдаж байна.

-Яг энэ яригдаад байгаа зардал цаг хугацааны хувьд хэдийд хамаарагдаж байгаа асуудал юм бэ?

-Сангийн сайд цаг хугацааны хувьд хэдийд вэ гэдэг мэдээллийг ирүүлнэ гэсэн. Өнөөдрийн байдлаар жагсаалт ирээгүй байна. Аль салбар яам, агентлаг, төрийн албанаас ингэж их төрийн албан хаагчийг халаад байдаг юм бэ гэдгийг жагсаалтаар өгөөч гэдэг хүсэлтийг Сангийн сайдад тавьсан байгаа. Хэрвээ энэ жагсаалтаа надад өгвөл би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болно.

-Хариуцлага алдсан, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс татвар төлөгчид хариуцлага хүлээх болчихоод байгаа юм биш үү?

-Энэ бол маш буруу тогтолцоо. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, хууль зөрчиж, төрийн албан хаагчдыг ажлаас халсан бол үүнийхээ хариуцлагыг үүрч, буруутай шийдвэр гаргасан хүмүүс нь нөхөн төлбөрийг төлөх хууль батлагдсан байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ эхлээд төсвөөс гаргачихаад дараа нь буруутай албан тушаалтнуудаас төсөвт орлого болгож авах юм. Тэгэхээр дээр дурьдсан 25 тэрбумыг төсвөөс гаргалаа гэхэд эргээд 2018 онд буруутай албан тушаалтнуудаас нөхөн төлбөрийг гаргаж авна.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Эргээд энэ хөтөлбөр дууссаны дараа бидэнд ОУВС үнэлэлт дүгнэлт хийж, дүнгээ тавих болно. Тэгэхээр данхайсан төсөвтэй, төсвийн тодотгол нь өөрөө асуудалтай байхад энэ байдал цаашдаа ч үргэлжилсээр байвал бид ямар дүн авна гэж та харж байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай. Жилд 2-3 удаа хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг эргэн дүгнэдэг процесс явагдаж байгаа. ОУВС-гийн дүгнэлт гэдэг өөрөө Монгол Улсын төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад тавигдаж байгаа шаардлагуудыг л хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг дүгнэх асуудал юм. Бид энэ байдлыг хангуулахын тулд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг ОУВС-гийн төлөөллийг оролцуулаад байгуулна гэдэг асуудал тавьсан. Энэ зарчмыг ч баримтлах ёстой. Тэгэхгүйгээр Монгол Улсын Засгийн газар өөрөө ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргийнхээ хувьд ч Үндсэн хуульд заасан Монгол Улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг, манлайлагч нь байх үүрэгтэй энэ Засгийн газрын хувьд ч гэсэн өөрөө Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчөөд байвал хэн энэ хуулийг хэрэгжүүлж, хэн хэрэгжилтэд нь хяналт тавих юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар тухайн жилд олж байгаа орлого, бусад боломжтой эх үүсвэрийнхээ хүрээнд нийцүүлж л зардлаа тогтоодог байх хэрэгтэй. Тэр орлого эх үүсвэрийнхээ хэмжээнд бүх зардлаа төлөвлөж, нөхөн төлдөг байх ёстой. Энэ бол Засгийн газрын Төсвийн хуулиар хүлээсэн үүрэг. Зөвхөн урьдчилан тооцоолох боломжгүйгээс төсвийн орлого буурсан, эсвэл тухайн төсвийн жилд зарлага зайлшгүй нэмэх бодлого шийдвэр гарсан тохиолдолд л өөрчилдөг байх нь зүй ёсны юм.

-Таны зүгээс тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотголыг өргөн барих болоогүй байна гэж харж байна гэсэн үг үү?

-Тийм. Төсвийг тодотгох болгонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулиар тогтоосон алдагдлын хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийгээд байна. Хуулийн хэрэгжилтийг бүх шатанд мөрдөхөө больсон. Тиймээс төсвийг тодотгох хуулийн үндэслэл үүсээгүй гэж харж байгаа.

narantuya

-Төсвийн орлого давах төлөвтэй харагдаж байгаа. Хэдий хэр хэмжээгээр давахаар байгаа вэ?

-Төсвийн орлого оны эцэс гэхэд нэг их наядаар нэмэгдэх тооцоо бий. Засгийн газар олсон орлого болгоноо үрж, зарахын тулд төсвийг тодотгодог хуучны арга барилаасаа салах хэрэгтэй байна. Мөн бидэнд өнөөдөр төсвийн зардлаа 498.5 тэрбумаар нэмээд байх хоолойд тулчихсан зайлшгүй шаардлага үүсээгүй байгаа шүү дээ. Тухайлбал, төсвийн зардалд нэмж суулгахаар оруулж ирсэн 498.5 тэрбумын 290 орчим тэрбум нь барих шилжүүлэх концессын эргэн төлөлтийн төлбөр. Энэ зардлыг заавал 2017 онд багтаан өгөхгүй бол болохгүй гэж байгаа. Би бол 2018 оны эхний сард хийх гадаад өр төлбөр, төсвийн энэ их алдагдлыг бууруулах асуудал бол концесст төлөх төлбөрөөс илүү чухал гэж үзэж байгаа. Тиймээс 2017 оны төсвийн тодотголыг бүхэлд нь буцаахад буруудахгүй гэдэг асуудал тавиад байгаа юм. Орлогоо ямар зүйлд зарах вэ гэдэг эрэмбээ тогтоохгүйгээр шууд зардлыг өсгөх нь өнөө маргаашгүй шинээр байгуулагдах гэж буй Засгийн газарт ч буруу үр дагавартай

-Төсвийг буцааж татаад эдгээр асуудлуудаа засч сайжруулах боломж байгаа юу?

-Төсвийн хуулиа буцааж татаад, хуульд нийцсэн маш сайн тооцоо, судалгаатайгаар эргэн нягталж байж өргөн барих хэрэгтэй. Уг нь бол төсвийг боловсруулах үеэс маш сайн тооцоо судалгаатай хандах ёстой байсан юм. Энэ хүрээнд макро орчны судалгааг маш сайн хийдэг, орлогынхоо тооцооллыг үнэн зөв хийдэг, юунд зарцуулах вэ гэдгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чаддаг болох нь чухал байна. УИХ төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлж, багцаар нь баталж өгдөг болох хэрэгтэй. Аль, аль талдаа шинэчлэл хийгээд зөв хэлбэрт оръё гэвэл хөгжиж байгаа орны жишиг рүү орох ёстой. Үүний тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх. УИХ-ын сонгуульд аль ч улс төрийн хүчин ялсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилдөггүй байх. Зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүслээ гэхэд парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хүлээдэг эрх зүйн орчны шинэчлэл хийх ёстой. Тэгж байж бүх шатандаа хариуцлагатай болно. Төсвийн жилийн дундуур төсөв тодотгодоггүй байх эрх зүйн шинэчлэл бий болно. Зардлаа нэмж, өнөөдрийн 2.7 их наядын алдагдлыг өсгөж, Засгийн газрын өрийг 1.2 их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй болно. Хүүхдийн мөнгөн дээр тодотгол хийгээд, бусад зүйлээ 2018 оны төсөв рүү шилжүүлэх боломж харагдаж байгаа. Ингэж чадах юм бол зардлаа нэмж, өнөөдрийн 2.7 их наядын алдагдлыг өсгөж, Засгийн газрын өрийг 1.2 их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй болох юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000