Т.Болд: Хар тамхи хэрэглээд, миний ааш зан танигдахын аргагүй өөрчлөгдсөн

Д.Тулга / Хууль

Саяхан манай улс хар тамхи гэх “цагаан тахал”-ын дамжин өнгөрөх орон байсан бол өнөөдөр хэдийнэ хэрэглэгч орон болсон. Түүнийг хэрэглэгчийн тоо хэдийнэ хяналтаас гарсан тухай албаныхан мэдээллэдэг ч энэ аймшигт мэдээ хүн бүрийн чихэнд дасал болсон мэт. Хар тамхи хэрэглэж баригдсан хүн одоогийн нийтээр дагаж мөрдөж буй хуулиар Өршөөлийн хуульд хамрагдаж, тэнсэн харгалзах ял аваад гарах тохиолдол түгээмэл ажээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, Монголд урд хөршөөс цахилгаан болон хоол амтлагч гэх зэрэг олон замаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хил даван орж ирсээр байгаа аж. Бид иргэдээ энэхүү “цагаан тахал”-аас сэрэмжлүүлэх үүднээс 10-аад жилийн турш түүнээс хамааралтай амьдарч буй иргэн Т.Болд(нэрийг нь өөрчлөв.сурв)-той цөөн хором ярилцлаа.

-Яагаад хар тамхи, мансууруулах төрлийн бодисоос хамааралтай болчихсон юм бэ?

-2007 онд анх хэрэглэж үзсэн. Маш олон хоног дараалан хэрэглэж ч үзсэн. Мөн хэрэглэхгүй байж ч үзсэн. Манай найз надад “Би хэрэглэж үзсэн. Архи, тамхи бол хажууд нь заваан” гэж байсан. Тэгээд нэг өдөр над дээр ирээд хамт явсан. Эхэндээ би сонирхож байсан юм. Найзынхаа хэлснийг сонсоод их гоё байдаг юм бол хэрэглэж үзье гэсэн бодол төрөөд хэрэглэж үзсэн юм. Тухайн үед хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлэл нэг их гардаггүй, их нууц. Хүн бүр мэддэг юм шиг хэрнээ тодорхой хор уршгийнх нь талаар ямар ч ойлголтгүй байсан. Манай найз бааранд орчихоод их согтуу юм шиг байсан хэрнээ машинаа зүгээр бариад яваад байгаад нь их гайхдаг байлаа. Өнөөдөр Монголд маш олон хүн хэрэглэдэг болсон байгаа. Би заримдаа тэдгээр охид залуусыг хараад өмнөөс нь айдаг. Та нар минь ямар замаар л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрдөг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис урд хөршөөс их хэмжээгээр орж ирдэг болсон гэж дуулсан юм байна?

-Монголд бол их үнэтэй. Би энд байхдаа хүн зодсон хэрэгт холбогдоод, урд хөрш рүү зугтаж очсон юм. Тэгэхэд тэнд үнэгүй өгдөг байсан. Эхний ээлжинд найз гээд л ямар ч үнэгүй дайлдаг юм. Сүүлдээ тухайн хүн донтоод, өдөр бүр очдог болоод ирэхээр хятадууд даалгавар өгнө. Биелүүлбэл хариуд нь өгдөг болсон. Хэрэглэхгүй гэхээр уурладаг. “Их юм авчихаад, төлөөд яваарай” гэх зэргээр дарамталж эхэлсэн. Тэгээд би хэсэг хугацаанд бодсон би энд боол болж байгаа юм байна. Одоо л болихгүй бол цаашид би хэзээ ч гарахгүй байдалд орно гэдгээ мэдэж эхэлсэн. Тэгээд Монгол руугаа ирэхээр шийдэж, зугтаж байгаад баригдаад, хятадуудад зодуулж, тэндээ удаан хэвтэрт байсан. Их зовсон, их ч юм бодсон.

-Яагаад ийм удаан хэрэглэсэн юм бэ? Гарах бодол төрж байгаагүй юм уу?

-Нэг л мэдэхэд хугацаа өнгөрсөн байсан. Миний ааш зан танигдахын аргагүй болж, гэр бүлийнхэн холдож аав, ээж минь хүртэл гэрээсээ хөөсөн. Ийм хүүтэйдээ ичсэн байх л даа. Хамт байсан хүмүүс дундаас эмэгтэй хүнд их гаж нөлөөтэй юм байна лээ.

-Биед ямар гаж нөлөөтэй вэ?

-Сэтгэл санаа өөр хүнийх шиг болдог юм байна лээ. Энэ гамшигт өртөхгүйн тулд хаа хаанаа л бодох хэрэгтэй. Таны хүү, охин хаана хэнтэй юу хийж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ гэдгийг анзаарч байхгүй бол болохгүй. Яагаад гэхээр хэн ч энэ аюултай зүйлд автагдах нөхцөл байдал Монголд харамсалтай нь бүрэн нээлттэй байна. Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис ямар ч хэрэггүй, эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй түүний хамаарлаас гарч чадахгүй, таны амь нас аюултай л тулгарна гэдгийг ухаараасай гэж залуустаа хэлэх байна.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000