ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕТИЙН СУДАЛГААНЫ ДҮНГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭВ

Aдмин / Шинжлэх Ухаан

Америкийн сансар судлалын НАСА агентлаг анх удаа олон нийтэд нээлттэйгээр үл мэдэгдэх нисдэг объект, үзэгдлийн судалгааны явцын талаар хэлэлцүүлэг явуулав. Гэхдээ урьд нь “Үл мэдэгдэх нисдэг биетүүд” гэж нэрлэгддэг байсан үзэгдлүүдийг UAP буюу “Үл мэдэгдэх үзэгдэл” гэж нэрлэх болжээ. UAP-ийг судлах тусгай бүлгийг НАСА агентлаг өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан юм. Үл мэдэгдэх үзэгдэл гэдэг нь тэнгэр, усан дор, сансар огторгуйд байдаг, шинжлэх ухааны ололтыг ашиглан нэн даруй тодорхойлж, тайлбарлах боломжгүй объект, үзэгдлийг хамарсан шинэ нэр томьёо юм. Тус бүлгээс хийсэн анхны олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх 800 гаруй мэдээллийг шалгасны багахан хэсэг нь шинжлэх ухааны үүднээс тайлбар хийх боломжгүй байна гэж мэдэгдэв.

АНУ-ын БХЯ-ны Бүх бүс нутаг дахь гажиг үзэгдэл судлах алба(AARO)-ны захирал Шон Киркпатрик “Нэг сарын хугацаанд бидэнд 50-100 нууцлаг үзэгдлийн талаар мэдээлэл ирдэгээс үнэхээр тайлбарлах боломжгүй гажиг үйл явдлын тоо нийт мэдээллийн ердөө 2-5 хувийг эзэлдэг” гэж хэлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын баруун хэсэгт тэнгисийн цэргийн нисэх онгоцоор авсан видео бичлэгийг олон нийтэд үзүүлсэн бөгөөд энэ нь тэнгэрт гэрлийн тод цэгүүд шилжиж байгааг тод харуулж байв. Цэргийн нисэх онгоц уг объектыг саатуулж чадаагүй бөгөөд энэ нь томоохон нисэх онгоцны буудал руу нисч байсан арилжааны нисэх онгоц болох нь хожим тогтоогджээ. Энэхүү олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгийн анхаарал татахуйц нэг үйл явдал нь НАСА үл мэдэгдэх нисдэг биетүүдийн судалгаанд хандах хандлагаа өөрчилсөн явдал байв. Урьд нь сансрын агентлаг олон арван жилийн турш зөвхөн тэдгээрийг бүртгэхэд анхаарлаа хандуулж ирсэн бол одоо судлан шинжилж, дүгнэдэг болоод байгаа аж.

Хэлэлцүүлгийн төгсгөлд бүлгийн ажилтнууд сонсогчдын сонирхсон асуултад хариулсан бөгөөд эдгээр асуултуудын дунд “НАСА биднээс яг юу нуугаад байгаагаа хэлээч?” гэсэн асуулт байв. Үүнд НАСА-гийн судалгаа хариуцсан захирлын туслах Дэн Эванс “Манай агентлаг олон нийтэд нээлттэй байхыг зорьж байна. Иймээс ч бид өнөөдөр энд цуглан нийтэд шууд дамжуулж байна” гэж хариулжээ.

Яг үнэндээ бол АНУ төдийгүй бусад улсын төр засгийнхан олон жилийн турш ҮМНБ байгааг энгийн иргэдэд үгүйсгэж ирсэн юм. Харин Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүн болох ухаалаг гар утсаараа иргэд ҮМНБ-ийн зураг авч нийтийн сүлжээнд тавих болсноор АНУ-ын Батлан хамгаалах яам болон НАСА-гийн дэргэд ҮМНБ судлах тусгай алба байгуулаад удаагүй байгаа билээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд энэ мэтээр энгийн иргэд төр, засгийн шийдвэрт шууд нөлөөлж эхэлсэн явдал олон улсын судлаачдын сонирхол татсан сэдэв болоод байгаа юм. Эдгээр судлаачид тун удахгүй квант комьютер иргэдийн ширээн дээр ирэхэд квант механикийн ач тусаар нийтийн сүлжээний аюулгүй байдал бүрэн хангагдаж, хиймэл оюун ухаан үнэн мэдээлэл, эх үүсвэрийг “Таван хошуутай зочид бууудал” гэдэг шиг тодруулан өгч бодит мэдээлэл авдаг болсон ард иргэд нийтийн сүлжээгээр дамжуулан төр, засгийн үйл ажиллагааг нийтийн эрх ашигт нийцүүлэн явуулах, хянах боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [97.120.2.109] 2023-06-16 10:23:52

Ul medegdeh bishee ul tanigdah gej orchuuldagiin huuhee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.